УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр дэмжлээ.
Тэд эгүүлэн татах үндэслэлдээ "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурджээ.
Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т "Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан. Тэгвэл хууль зөрчсөн гэдгийг хэн батлаад байгаа юм бэ. Гэтэл Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон ганц ч шүүхийн шийдвэр алга. Дээр нь Ж.Амарсанааг Цэцийн гишүүнээр санал болгосон байгууллага болох Улсын Дээд Шүүх буруугүй гэсэн. Цэц өөрөө даргынхаа асуудлыг дотооддоо хэлэлцээгүй байна. Тэгэхээр Цэцийн даргыг огцруулах "болзол” буюу холбогдох хуулийн зохицуулалтаас аль нь ч биелэгдээгүй байгаа биз. Зөвхөн УИХ-ын Тамгын газар санал болголоо. УИХ-ын Тамгын газрын дээр УИХ-ын дарга л бий.
УИХ-ын дарга яагаад Цэцийн даргыг эгүүлэн татахыг хүсэв гэдэг нь тун тодорхой. Учир нь саяхан Үндсэн хуулийн Цэц иргэн Энхбаярын гомдлын дагуу УИХ-ын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилсон асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтоол баталсан. Товчхондоо УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй шинж чанар илэрсэн тул дараагийн шатны хурлаараа хэлэлцэнэ гэсэн үг. Үүнийхээ төлөө Үндсэн хуулийн шүүхийн дарга нь УИХ-ын өмнө улс төрийн хариуцлага хүлээх болж байна гэж харагдаж байна. Учир нь хэдийгээр нам бус гэж бичигддэг ч Ж.Амарсанааг АН-ыг дэмжигч гэж үздэг, тэр ч утгаараа Дээд шүүхийн зүгээс санал болгож УИХ түүнийг томилсон.
Харин одоо өөрийг нь томилсон УИХ-ын дарга, АН-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэх хэрэгт шалгах тогтоолоос болж тэр огцорч магадгүйд хүрээд байна. Энэ тохиолдолд УИХ-ын дарга дахиад л Үндсэн хуулийг ноцтой зөрчиж таарна. Дээр дурьдсан 65 дугаар зүйлийн 4 болон Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Цэцийн дарга, түүний эрх хэмжээ гэсэн хэсэгт "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана” гэсэн байдаг.
Гэтэл Цэцийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг УИХ-ын дарга, эрх баригч улс төрийн намын дарга ингэж "хангаж”, товчхондоо хааж боож, хавчиж шахаж байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үү.
Тэгэхээр УИХ, түүний дарга, тэр ч байтугай эрх баригч намын дарга нь Шүүх, Улсын Дээд шүүхийн дээр гартлаа улайрч, өөрийгөө зөвтгөх гэж ямар хуулиуд дээгүүр гишгичин ноцтой алдааг санаатайгаар гаргаж байгааг хар даа.
Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Цэцийн үйл ажиллагаанд саад учруулсан, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэн доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл 50 хүртэл мянган төгрөгөөр торгохоор заасан байдаг. Харин Цэцийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд буюу нам бус албан тушаалтан байтал улс төрийн хариуцлага хүлээлгэх байдлаар хандан шүүхийн ямар ч баримт, нотолгоогүйгээр гэм зэмд унагаж хугацаанаас нь өмнө эгүүлэн татах, ингэхдээ эгүүлэн татах аль ч байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүйгээр Үндсэн хуулийн шүүхийн бүтцээр оролдсон УИХ-ын дарга, эрх баригч улс төрийн намын даргад яар хариуцлага тооцдог юм бол. Ийм эрээ цээргүй тохиолдол урьд хожид гарч байгаагүй болохоор энэхүү ноцтой үйлдэлд ямар шийтгэл, хариуцлага хүлээлгэх нь ч мөн хойч үед жишиг болж үлдэх ёстой болох нь. Ёстой л үзүүштэй тоглолт, жигшүүртэй улайрал биш гэж үү. Ийнхүү "Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг” гэлцэхээ больж Х.Тэмүүжин гишүүний хэлсэн "Лексус-570” автомашин ч биш, бүр "Цэцийн дээр УИХ-ын дарга байдаг юм байна” гэдгийг З.Энхболд дарга харууллаа шүү, БҮҮ МАРТ!
С.Зэндмэнэ zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих