Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаярт гомдсон бололтой. Тэрээр намын даргынхаа шаардсанаар мөнгө өгч, улмаар дараагийнхаа мөнгийг О.Даваасүрэн гэх хүнээс авснаа илчлэн захидал бичсэн нь олны анхаарлыг татав.
Тэгвэл энэ асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Г.Шийлэгдамбын захиаг хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтанд орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” хэмээгээд улс төрийн намууд төсвөөс санхүүждэг болох саналтай байгаагаа онцолсон.
Г.Шийлэгдамбын захидалд өөрийн сейфнээс илэрсэн их хэмжээний мөнгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт болгож өгөхөөр хадгалж байсан гэх агуулга бүхий мэдээлэл байсан юм. Мөн тус захидалд МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт болгож иргэн О.Даваасүрэнгээс зээлсэн 50 мянган ам.долларыг өгсөн. Ахин 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан өдрөө АТГ-т баривчлагдсан юм" гэх мэдээллийг дурдсан байв.
Өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх захидлын асуудлаас үүдэн өнгөрсөн амралтын өдөр МАХН-ынхан дотроо хуралдсан байна.
Мөн захидал цацагддаг өдрийн орой АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж, ерөнхий нягтлан бодогч Ц-г баривчилжээ. Улмаар түүнээс байцаалт авч, шөнө сулласан гэх мэдээлэл ч байна. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь Г.Шийлэгдамбын захидалтай холбоотой гэнэ.
Харин захидал олон нийтэд цацагддаг өдөр тус намын нарийн бичгийн дарга нар солигджээ. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилсон байна.
Түүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, Шадар сайдын асуудлаар санал солилцсон мэдээлэл байна.
Харин олон нийт Г.Шийлэгдамбад 170 мянган ам.доллар бэлнээр өгдөг О.Даваасүрэн гэгч хэн бэ гэсэн асуулттай тулгараад байгаа.
О.Даваасүрэн гэгч хэн бэ?
Бидний олсон мэдээллээр О.Даваасүрэн нь Гаалийн Ерөнхий газар ажилладаг нэгэн аж. Түүний том эгч О.Цэеэнбадам нь УИХ-ын гишүүн Ч.Улааны сүүлд суусан эхнэр юм байна. Уг мэдээллийг нягталж байх явцад нэгэн сонирхолтой мэдээлэл анхаарал татсан юм.
О.Даваасүрэн,О.Цэеэнбадам нар өөрийн бага эмэгтэй дүү болох МАХН-ын нарийн бичгийн дарга асан О.Лхагвацэдэнгээ МАХН-аас нэр дэвшүүлж, "бялуу" хүртээлгэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаярт их хэмжээний мөнгө амалсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.
О.Даваасүрэнгийн дүү О.Лхагвацэдэн нь 3,4-р хороололд байрлах 10 мянган нэрийн дэлгүүр, "Эвери гүүд" гоо сайхны салон зэргийн "нууц хатагтай" нь гэлцэнэ.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын захидалд бичсэнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр намын санхүүжилтээ босгохын тулд нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө авдаг гэх мэдээлэл үнэний ортой аж.
Б.Нягт /www.gereg.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих