Өнгөцхөн ширтвэл бидний амьдрал асар баялаг мэт харагдана. Өдөр тутам шинэ содон үйл явдлууд өрнөөд, бужигнаад, түжигнээд байгаа мэт харагдана. Сайхан ч юм шиг. Нэг хүүхэн захидал бичээд "аргаа барсандаа аавд чинь ховлолоо” гэж гомдоллов. Харин нэг их ард түмний хайрыг татсан "хувсгаалч” нөхөр огт "улаан дипломгүй, ногоон паспортгүй” байсан нь бидний амьдралын хэдэн саарал өдрүүдэд чамгүй хөөрхөн өнгө нэмээд орхив. Нэг ерөнхий сайдыг огцруулах шуугианаар нэг нам ирэх сонгуулийн оноо цуглуулах гэж зүтгээд "ард түмнийг хуурсан, хуурсан” гэснээс өөр олигтой үндэслэл гаргасангүй. Нэг сайд нүүрс шуудайлж зараад аавын хаалга татах юм. Нэг сайд нүдэн дээр "батаар, батаар” гэж явсаар Р.Барсболд гуайг давсан ”үлэг” амьтан судлаач болчих юм. Нэг сайд давхар дээл ”онцгүй, онцгүй” гэж ярьж ярьчихаад торгон дээлэн дээрээ гайхуулж байгаа юм шиг Манжуураас авчирсан "САЙД” гэдэг булган дээл ”давхарлаад” өмсчих юм. Ажиглаад байвал амьдрал бужигнаад байгаа мэт харагдана. Харагдах ч яахав, харагдаж л байгаа зүйл. Гэтэл цаана нь ердөө л үлээхэд сарних хөнгөн зугааны ХӨӨС сагаж байна. Амьдрал минь дэндүү хөөсөрч байна. Үнэндээ ард түмэн "чацга царайлаад” эрх мэдэлтнүүдийн амнаасаа үлээсэн хөөснүүд толгой дээгүүр хэрхэн нисэлдэхийг хараад сууж байна. Өнгөрсөн жилийн үйл явдлууд ердөө л тренд үгийн набор, түүний хөөс байсныг ухаарав. Хэдийгээр "Зөн билгийн” улсын уралдаанд оролцоогүй ч зөн билигтэй хүний хувьд зарим нэг зөгнөлийг санал болгож байна. Сонирхож байна уу? Аргагүй дээ, солонгосын пастор сэтгэлгээтэй, ид шид үзүүлэгчдийн эрин зууд амьдрагчид шүүд ээ, бид.
Магадгүй Тангадын Галсан гуай зэргийн үндэсний цөөн сэхээтнүүд микрофоныг дуун цацруулагч гэж нэрлэхийг санал болгосон шигээ трендийг чимэг үг, наборийг цуглуулга гэх санал оруулж, түүнийг аль нэг нам эвсэл "аахтар” дэмжиж хуулийн төсөл санаачилна. Тэр хуульд хэн тренд үг олон хэлнэ. Түүнд сонгуульд өрсөлдөх боломж, аятайхан хэл амгүй тойрог өгөх зүйл заалт оруулна. Сайхан ч юм уу? Үндэсний улс төрийн зүтгэлтнүүд үг судалж эхэлнэ. Яавал аятайхан сайхан тренд үг олж хэлээд бренд нүүрээ олонд таниулах вэ гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд болно. Энэ үед... Мөнгөн аяга, бидон зэрэг нь албан ёсоор сонгогчдодоо барьдаг бэлгийн жагсаалтаас шууд хасагдана. Цаг тооны бичиг мичигхэн бол ёстой хоцрогдсон явдал болно. Сайхан уу, сайхан. Төрийн шагналт "Хонх” хамтлагийн дуулж байснаар тэр үед л "амьдрал сайхан харагдана”.
Нам дагаж гүйдэг зохиолчдод том боломж нээгдэж байна. "Болор цом" бол Тренд үг зохиогчдын оны шилдэг үг шалгаруулах тэмцээн болно. Саяхан нэг эрхэм гишүүн гуравхан мөрт шүлгийн уралдаан зарласан нь энэ их компанид ажлын эхлэл гэдгийг утга зохиолын хүрээнийхэн анзаараагүй юм. Тун удахгүй нам дагасан зохиолчдын бүлэглэлүүд сэтгүүлчидтэй улайн цайм өрсөлдөж эхэлнэ. Би, чи дээрээ хүрч тренд үгийн зах зээлээ булаалцалдана. Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдэг тэр болно. Ардын уран зохиолчдын тоо эрс нэмэгдэж, жинхэнэ "ардын уран зохиолч” гэдэг цол тэмдэгийнхээ утга учирт хүрнэ. Хэрэв одон тэмдэгийн шинэ хууль батлагдвал "Монгол улсын эрхэм дээд " ч билүү цолтой сэтгүүлч, зохиолчдын тоо нэмэгдэнэ. Гайхаж байна уу? Бүү гайх.
Бид баялаг биш тренд үг бүтээцгээж байна. Хонины ноос улаан ногоон будганд оруулаад эсгий улавч хийгчдийг л "БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” гэж ойлгодог хоцрогдсон үзлээсээ салж, тренд үг бичигчдийг баялаг бүтээгчдийн жагсаалтын нэгдүгээрт бичих болно. Тэгээд ч "би хоцорсон гэж үү? Угаасаа хоцордог юм”, "аргаа барахдаа аав руу чинь захидал бичлээ”,” миний дээд сургууль төгсөөгүй нь Ноён ууланд ямар хохирол учруулсан юм”,” ард түмнээ хайрлахаас өөр хайр алга”, " нутгаа зүүдэлдэг, нулимстай зүүдэлдэг”, "үнэнийг нь хэлье. Эсээ шатааж хэлье. Аварга англи хэлгүй шүү” гэх набор үгс бидний амьдралын хямрал дарамттай өдрүүдийн гэрэл гэгээ болон цацарч байна. Энэ бүхнийг ирээдүйд болох мөрөөдөл гэж бүү бодоорой.
Нүд хуурах зүйл хэдий элбэг байна. Мөн чанар тэр газар бүдгэрч байдаг юм. Зугаа юм даа, тэдний хувьд бидний амьдрал. Савтай усанд угаалгын нунтаг хийгээд эргүүлвээс хөөсрөөд ирдэг шиг бид ч гайхамшигтай тренд үгэнд нь хөөсөрч өгөх юм. Үнэнийг хөөсөөр нуух, нүглийн нүдийг гурилаар хуурах хоёр ч манайх шиг зиндааны төрийн шалгарсан арга технологи гэдгийг мэдэж таних хүртэл бидэнд хичнээн жил үлдсэн бол гэх бодол дотор зурна. Зурах зурахдаа шүдэнз зурж, гал гаргана. Утааг нь харин хамраараа гаргах эсэхээ үл мэднэ.
Нэгэн суутан "ямар төр байна, тийм цаг буй” хэмээжээ. Өнөөгийн төр даанч худлын хөөстэй учраас түмэн олон төөрөгдлийн хөөстэй, уран зохиол нь ч усан романы хөөстэй, урлаг соёл нь хошин шоуны хөөстэй ажээ. Газар шороо нь ч алт мөнгөн хөөстэй, гадаад бодлого нь төвийг сахих хөөстэй. Эдийн засаг нь өр зээлийн хөөстэй, эрх чөлөө нь гав гинжний хөөстэй. Харин чухам тэр хөөс гээч юу?
Эрх мэдэлт улайрагчид АРД ОЛНОО олон чухал зүйлээс санааг нь холдуулахын тулд найруулсан "арга заль” нэртэй барааны савангийн уусмалд улс төр гэдэг аалзны шүлсээр нэхсэн "нэхмэлийн” утасны модон дамрыг дүрээд үлээхэд үүссэн хөөс гэж онолын хүрээнд тайлбарлавал буруудахгүй гэдгийг бурхан гэрчилнэ. Хөөс харагдах нь зугаатай. Хөвөөд л жингүйдээд л солонгороод л сонирхолтой шүү дээ? Зарим нь хагараад л зарим нь хатуураад л байна. Тренд үгийн бренд хөөснүүд үлээгчдийн ур чадвараас шууд хамаарна. Тиймээс олон сайхан залуучууд тренд үг олж хэлэх санаатай албан тушаал, эрх мэдэлтэй ах нарынхаа сургууль дамжаанд суралцаж, ДОЛООХ, ҮЛЭЭХ, хоёрт доктор болтлоо суралцана. Сайхан уу, сайхаан.
Хэн зэрэг суудалд дэвшин түүнд "LIKE” овоолоод хаячихдаг фээсбүүкийн долоогчид хөөрхий нэг муу гишүүнээс илүү олон сургууль дамжаа”сэглэсэн” байдаг юм. Өнөө дэгэж дэрвэх насандаа дэргэд байсан зарим залуу зохиолчид дээшилж дэвших насандаа дээрээс нулимах гээд байдаг шиг үзэгдлийг хаанаас ч харж болно. Хөөс гэдэг ийм аюултай. Тренд үгийн тэнэмэл хөөс бүр ч аюултай. Оюун санааны амьдралыг эхлээд утаад дараа нь унагаад эцэст нь гишгээд хаячихаж байгаа юм. Хөөрхий хуульч Сандагийн "хааччихаа мэдэхгүй хийсэх хамхуул шиг” хагарахаа мэдэхгүй ХӨӨСНҮҮД хачин их болж дээ? Сайхан уу, сайхаан.
Дээхэн үед гэх юм уу, саяхан ч гэх юм уу яг хэлж мэдэхгүй байна. Нэг оюутан байсан юм. Түүнийг багш нар "НАЙМАН ЭМЭЭТ” гэж нэрлэнэ. Хаврын шалгалт дөхөөд ирэхээр л эмээ нь бурхан болчихоод өргөдөл бариад чөлөө нэхээд гүйчихдэг байсан юм. Газар гишгих, гал үлээхээс бусад нь худал нөхөр л дөө? Гэтэл тэр нөхөр өнөөдөр жинхэнэ "ХӨӨС ҮЛЭЭГЧ” болчихсон байдаг. Марк цуглуулагч гэдэг шиг тренд үг цуглуулагч хийгээд дээгүүр доогуур гүйж явна. Сайхан уу, сайхаан.
Гэнэт цааш бичих гэсэн хүүхэд багачуулын хэлдгээр "шаал дургүй” хүрчихлээ. Тренд үг, гадаад "чихрийн цуглуулга” шиг алаг набор, хөөс энэ тэр...
ХӨГИЙН Ч ЮМ ДАА, БИДНИЙ АМЬДРАЛ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих