Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн "Болор цом-2016” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар "Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ шалгарлаа. Наадмын удаах байрт "Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзэллээ. Мөн түүнчлэн МЗЭ-ийн шагналт Яруу найрагч Б.Баттулга тусгай байрт орсон юм.
"Болор цом-2016" наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Г.Мөнхцэцэг, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар ажиллалаа.
|
"Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын сэтгэгдлийг цөөн хором хуваалцсан юм.
-Баяр хүргэе. Сэтгэгдэлээ хуваалцаач!
-Эртнээсээ манай аймаг яруу найргийн өлгий нутаг. Төв аймгаас гарсан ардын уран зохиолч, Монголын утга зохиолын түүх, түүний залгамж халааг манай аймгийнхан нуруу нь дээрээ үүрч ирсэн. Үүний ард гарч ирж энэхүү хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Нутаг усныхандаа баярлалаа. Мөн намайг харж ивээж байсан "Зоргол уул”-ын ижийн энгэр шиг тэр ээвэрт нь баярлаж байна.
-Энэхүү "Болор цом” наадамд хэд дэх удаагаа оролцож байна?
-2004, 2005 оноос орж эхэлсэн
-Энэ наадам хэзээ бичсэн шүлгэнээсээ уншив?
-Өнгөрсөн намар болоод өчигдөрхөн бичсэн шүлгэнээсээ уншлаа.
-Сэдвийн хувьд таний голлон бичдэг чиглэл?
-Орчин үеийн яруу найраг бол өөрөө прадокс хэлбэртэй. Уншсан хүн тархиндаа юу вэ гэж, энэ юуны тухай хэлж байгаа юм бол доо хэмээн гайхах ёстой. Тэгэхээр очин үеийн яруу найрагчийн хувьд бол би тийм шүлэг уншихийг хичээсэн. Зарим ухаантай хүмүүст таалагдаагүй байх заримд нь таалагдсан байх.
-Энэ жилийн "Болор цом” яруу найргийн наадмын хамгийн том өрсөлдөгч нь хэн байв?
-Бид нар хар нялхаасаа хамт өрсөлдсөн. Ганзул бол миний хар багаасаа өрсөлдсөн дагаж, дагуулж явсан найз маань,Түүний шүлэг гайхалтай сайн байлаа. Мөн О.Цэнд-Аюуш дүүгийн шүлэг. Миний шавь. УЗНАДС-д олон жил ажилласан. Олон шавь нарын маань нэг.
Ингээд яруу найрагчид Ц.Эрдэнэбаатарын тэргүүн байр эзэлсэн шүлгийг сонирхуулья.
"СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил "сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь "дажгүй сав” гэдэг
Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад
Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов
Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг "үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог "СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон "соёлын” боол болов ...
Ашгүй минь ...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
"Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа
Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар
"СУУРИН ИРГЭНШЛИЙН”
Суваг болгон дээр
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Монголын нэг өдөр "Оломгүй далайг” дуулахуй
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих