УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт нэр дэвших хүсэлтэй хоёр дахь улстөрч өөрийгөө зарлалаа. Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөл М.Зоригт гишүүн энэ жил тойргоо сольж Ардчилсан намаас нэр дэвших бодолтой яваагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан ч бас үзээд алдана гэдгээ цахим сүлжээгээр дамжуулан зарласан байна.
Түүний бичсэнээр бол, Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн судалгаан дунд 50 хувийн сонгогдох магадлалтай байгаа аж.
Дээрх хоёр эрхэм Дорнодчуудын итгэлийг өвөрлөн парламентад сонгогдож байсан ч хоёулаа дөрвөн жилийн дараа дахин нэр дэвшээд гарч чадалгүй буцаж байсан намтартай. М.Зоригтын хувьд, 2004 онд Иргэний зориг намаас Дорнодод нэр дэвшин ялалт байгуулсан. Харин 2012 онд нам, тойрог хоёроо солин Сүхбаатар аймгаас парламентын гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ жил Дорнод аймгийг дахин онилоод байгаагаа ил тодорхой зарласан юм.
"Соёл” корпорацийн ерөнхийлөгч С.Билэгсайхан 1996 онд Дорнод аймгийн хойд сумдын тойргоос сонгогдож байв. Тухайн жилийн сонгуулиар МҮАН-МСДН-ын "Ардчилсан холбоо” эвсэл парламентад үнэмлэхүй олонхи болсон ч манай аймгийн төлөөлөл С.Зориг бусдын гарт алагдаж, Д.Энхбаатар казиногийн хэргээр ял шийтгэгдэж байсан. Ингээд нөхөн сонгуулиар С.Зориг агсны дүү С.Оюун сонгогдож, гурван мандаттай аймаг хоёр гишүүнтэйгээр 2000 оны сонгууль хүргэж байсан түүхтэй.
М.Зоригтын аав Сүхбаатар аймгийнх, ээж нь Дорнод аймгийн Матад сумын харъяат, өөрөө Улаанбаатар хотод төрж өсчээ. Харин С.Билэгсайхан Дорнодод төрж өссөн, нутгийн хүн гэдэг утгаараа аймаг руугаа арай илүү сэтгэл хандуулж мэдэх юм.
Энэ жилийн сонгуулиар Дорнодын хоёр мандатын төлөө Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн жагсаалт дээрх хоёр улстөрчөөр зогсохгүй. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан П.Алтангэрэл, Сургалтын төрийн сангийн захирал асан Б.Мөнхцэцэг, Ардчилсан намын хорооны дарга Д.Цэрэнчимэг, "Глобал удирдагч” сангийн үүсгэн байгуулагч Б.Отгонбат, ХХАА-н сайд Р.Бурмаа нарыг нэрлэж болно. Мөн генерал Д.Энхбаатар ч Дорнодод ахин нэр дэвшиж магадгүй сураг байна.
Эдгээр хүмүүсийн хэн нь Дорнод аймагт нэр дэвшихийг Ардчилсан нам их хурлаараа тодруулах болно.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих