"Нам дагавал ам тосдоно" гэдэг үгийн "үнэ цэнэ"-ийг үгүй хийж болохуйц үйл явдал өнгөрсөн хэдэн өдрүүдэд өрнөлөө.
Товчоор хэлбэл хэвлэлээр мэдээллийн хэрэгслээр өрнөсөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба болон тус намын дарга Н.Энхбаяр нарын хороондын мэтгэлцээн эцэстээ хэн нь үнэн яриад байгаа нь хүртэл мэдэгдэхгүй болтолоо завхарлаа. Хоёр хоногийн өмнө Г.Шийлэгдамба "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо ажлын өрөөнөөсөө "гардуулсан" гэх мөнгөний учрийг хэлж, үнэнээ өчсөн. Монголчууд бүгд л тэгж ойлгосон. Тэрбээр "Н.Энхбаяр дарга намайг намд санхүүжилт олж ир гэж шахдаг байсан. Тиймээс биш Осорын Даваасүрэн гэх "хуурай" ахаасаа санхүүжилт авсан. Эхний ээлжинд авсан 50 мянган ам.доллараа Н.Энхбаярт өгсөн" гэв. Тэрч байтугай "үлдсэн 120 ам.долларыг баригдаагүй байсан бол өгөх байсан. Намын дарга Н.Энхбаяр нүүр нүүрээ хараад суухад арай аваагүй гэж хэлэхгүй байлгүй дээ" гэсэн юм.
Харин түүний ярилцлагын дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр ТВ5 телевизийн "Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт оролцож "бодлого" ярина хэмээн зар тараав. Бодлого гэхээс илүүтэй Г.Шийлэгдамбын ярилцлагад хариу тайлбар өгөх байх гэсэн таамаг ч ёсоор боллоо. Н.Энхбаяр өчигдөр телевизийн ярилцлагад оролцохдоо "Би нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ би намын санхүүжилтийн мөнгийг цуглуулах ажлыг шахаж байсан нь үнэн. Намайг сонгуульд оролцуулахгүй гэж хэн нэгний үгээр худлаа ярьж байна" гэсэн хариултыг өглөө. Ийм л хариулт ирэх болов уу, сонсож магадгүй гэсэн таамаг биелэлээ олох нь тэр. Н.Энхбаярын хэлсэн зүйл үнэн ч юм уу, худал ч юм уу яадаг ч байсан асуудлыг өөрөөсөө эвтэйхэн "зайлуулж" орхив.
МАХН-ынханы тайлбарлаж буйгаар Г.Шийлэгдамба хэн нэгэн хүн, байгууллагын дарамт шахалтанд орж энэ бүх хэргийг өдөөгөөд байгаа аж. Учир нь мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих нь байтугай хуулийн байгууллагын ажилтнаас өөр хэнд ч ам нээж болохгүй гэсэн дүрмийг хүртэл зөрчжээ. Ер нь бол тэдний "хэрүүл" нэг хэсэгтээ л сунжирах нь бололтой.
Энэ бол эхний асуудал. Харин хоёр дахь буюу ойрын үед өрнөж болохуйц, өрнөсөн даруйдаа олны анхаарлын төвд шууд орж ирэх нэгэн үйл явц тун удахгүй болж магадгүй нь. Нөгөө л нэг засгаа аварч үлдэхийн тулд хийсэн тохироо дахин сөхөгдөх бололтой. Өчигдөр нэвтрүүлэгт оролцож байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдад томилогдох талаараа хэд хэдэн чухал үгсийг унагалаа. Санамсаргүй ч яриагүй байх. Харин АН-ынханд өгсөн сануулга байв уу? олон нийтэд хандсан "мэдээлэл" байв уу гэдэг л сонирхолтой байна. Тэрбээр "Намын нөхдүүд намайг Шадар сайдын албыг хаш гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Ардчилсан намын дарга З.Энхболд дарга нар ч намайг Шадар сайд болохыг дэмжиж байгаа гэж хэлж байгаа. Миний ял шийтгэлийн асуудал дууссан. Цагаадаад явсан. Тиймээс хуулийн хувьд ч ямар нэгэн асуудал байхгүй" гэлээ. Ингэхдээ зарим нэгэн хувь хүмүүст түүнийг Шадар сайдад томилогдох нь таалагдахгүй байгаа талаар ч дурдаад амжлаа. Эндээс Ерөнхий сайдыг авч үлдэхээр хийсэн сүүлийн гарц яалтчгүй эвслийн бүлэг байсан. Тиймээс Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулахаар тохиролцож Ерөнхий сайд "мөр бүтэн" үлдсэн хэрэг л дээ.
Ийм л учраас Ерөнхий сайд ЭМС-ын сайдын албыг өвөлжилт, цас зудаа дийлэхгүй яваа Шадар сайдад "тохчихоод" өдий хүртэл доривтой хөдөлж өгөхгүй байгаа юм. Ер нь бол эцсийн шийдвэр гаргагч нь цаг хугацааны эрхэнд эвсэл болж хувирах нь. АН-ын дотоод хагаралдааны хүчинд эвсэл ийнхүү "хүчтэй" болж хувирлаа. Мэдээж эвслийн цаана Н.Энхбаяр байх нь тодорхой юм. Ерөнхий сайдыг огцруулах гээд бараагүй "нөхдүүд" одоо УИХ-ын даргын суудлыг юу юугүй ганхуулахаар зорьж байгаа. Арай ч суудлаас нь чөлөөлж дийлэхгүй байх. Гэхдээ нэг хэсэгтээ л бужигнуулаад, улс төр хийгээд амжих нь гарцаагүй. Энэ үед д МАХН буюу Шударга ёс эвслийн бүлэг дахиад гол "тоглогч" нь болж хувирна. Шадар сайдад хүрэх дараагийн барьцаа, тохироо энд ч үүсч болзошгүй. Талууд энэ бүхнийг эртнээс тооцсон. Тийм учраас л үүнд нь саад хийхийн тулд л Г.Шийлэгдамбын асуудлыг сенсааци зохион байгуулсан хэрэг.
Харин Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад томилогдоно гэдэгтээ итгэлтэй байгаа нь харагдаж байв. Шадар сайдад томилогдсон өдрөө л Монгол Улсын хөгжлийн бодлогыг өргөн барьж хэлэлцүүлнэ гэж ам гарав. Улс төрийн үйл явц улам л сонирхолтой хэлбэрээр өрнөж, энэ хаврыг монголчууд ёстой л уйдах завгүй өнгөрөөх бололтой.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих