Дорноговь аймаг энэ хавар гурав дахь
жилдээ гажигтай төл хүлээн авлаа. Нутгийн малчид Дорноговьд ураны
хайгуул хийдэг "Кожеговь" компаниас болсон гэж үздэг. Харин компани
үүнийг үгүйсгэдэг. МҮОНР-ийн "Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг
бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Дорноговь аймгийг зорьсон юм.
Дорнын говиор давхисаар нар жаргахын хэрд хамгийн эхний айлдаа очлоо.
Сайншанд сумын 5-р багийн малчин Э.Гэрэлт-Одынх. Гэрийн эзэн малдаа
явсан. Эхнэр Н.Ариунжаргал хоёр хүүхдийн хамт байлаа. Э.Гэрэлт-Одынх энэ
хавар зуу орчим төл хүлээж авах байсан. Гэтэл өнгөрсөн 12 дугаар сараас
эхлэн төллөх мал нь амьгүй ишиг, хурга гаргаж эхэлсэн байна. Үүнээс
гадна энэ айлын хотонд хоёр ч гажигтай ишиг байсан юм. Нэг нь хариугүй
жижиг биетэй, хойд хоёр хөлийнх нь үе дутуу, туруугүй ишиг. Харин нөгөө
ишиг нь бүх үс нь халцарч унаад, арьс нь хагаран цус гардаг. Энэ хэдэн
ишиг, хурга мал болохгүй ээ гэж гэрийн эзэгтэй халаглаж байсан юм.
Малчин Н.Ариунжаргал: Мал
төллөхдөө арьс, үсгүй, улаан махан ишиг, хурга гаргадаг болсон. Бид нар
эхэндээ хотондоо ч орохоос айж байсан. Сүүлдээ яахав, ядаж эхийг нь авч
үлдэе гэдэг болсон. Ингэж хээл хаяж байгаа мал их шаналгаатай. Хэдэн
хоног босохгүй хэвтээд л байдаг. Энэ жил манайх үндсэндээ төл авсангүй
ээ. Нутгийн малчид хоёр, гурваар нь ишиг, хурга өгөөд хэдэн малаа төлтэй
л байлгаж байна.
-Та энэ бүхнийг юунаас болсон гэж бодож байна. Мэргэжлийн байгууллагад хандаж шинжлүүлсэн үү?
Малчин Н.Ариунжаргал: Өө
шинжлүүлэлгүй яахав. Үхсэн, амьгүй, улаан махаараа шахуу төл гараад
ирэхлээр нь шууд л сумынхаа, аймгийнхаа Мал эмнэлэг ариун цэврийн
лабораторид хандсан. Гэтэл мал хээл хаядаг найман өвчин байдаг. Танай
малнаас энэ өвчин огт илрээгүй гэсэн. Тэгээд юунаас болсон нь ерөөсөө
мэдэгдэхгүй, тодорхойгүй. Би хувьдаа энэ Кожеговийн үйл ажиллагаатай л
холбоотой гэж бодож байна.
- "Кожеговь" компанийн туршилтын олборлолтын талбай танай нутагладаг газраас хэр зайтай вэ?
Малчин Н.Ариунжаргал: Энүүхэн
энд. 6-7 километрийн зайтай л байдаг. Их ойрхон. Манайх энэ доохно Гүн
сухай гээд газраас малаа усладаг. Гэтэл манай уснаас селень гээд
бодис байх ёстой хэмжээнээс их илэрсэн гэсэн. Тийм болохоор энэ
компанийг л хардаж байна. Манай нутаглаж байгаа энэ газар өнгөрсөн жил
Д.Норсүрэн гуайнх нутаглаад, 20 бяруу үхсэн. Тэр айл нүүгээд явсны дараа
манайх энд буугаад хамаг төлөө алдчихаад байна. Өмнө манай нутагт ийм
зүйл ерөөсөө тохиолдож байгаагүй. Би 1997 оноос хойш мал маллаж байгаа
хүн. Ийм гажигтай төл гарч байхыг хараагүй.
Бид малчин Э.Гэрэлт-Одынхоос
хөдлөөд Сайншанд сумын 5-р баг Зүүнбаянг зорилоо. Хоёр мянга орчим
хүнтэй Зүүнбаян багийн Засаг даргын Тамгын газрынхан биднийг тосон авч
уулзсан юм.
Зүүнбаян тосгоны Засаг дарга Б.Эрдэнэбат:
Гажигтай төл гараад, мал ингэж
олноороо хээл хаяад байгаа шалтгааныг бид үнэхээр мэдэхгүй байна. Ундны
ус, хөрс, малын сэг зэмээ бүгдийг нь шинжилгээнд өгсөн. Болдог бол
агаараа ч мөн өгмөөр л байна.
- Хаана шинжилгээнд өгсөн бэ?
Б.Эрдэнэбат: Улсын мал эмнэлэг
ариун цэврийн төв лаборатори. МХЕГ гээд байгууллагууд. Гэхдээ нээрээ энэ
байгууллагуудтай шүүхдэлцмээр болчихоод сууж байна. Яагаад гэхээр,
малчид мал үхээд, хээл хаяад байгаа шалтгааныг юунаас болоод байна
гэдгийг мэдээд өгөөчээ гээд шинжилгээнд дээж өгч байгаа. Гэтэл дандаа
энэ халдварт өвчин биш байна аа гээд л хариу өгнө. Тэр малчин халдварт
өвчин мөн байна уу, биш байна уу гэдгийг мэдээд өгөөч гээгүй. Ямар өвчин
бэ, юунаас болоод байна, уул уурхайгаас болоод байна уу гэдгийг л мэдэх
хүсэлтэй байгаа.
-Танай нутагт ундны уснаас химийн хүнд металь их хэмжээтэй илэрсэн гэсэн. Тухайлбал селень... Одоо ямар байна?
Б.Эрдэнэбат: Манай усанд хүнд
металь 5 дахин их болсон. Энэ бол шинжилгээгээр баталгаажчихсан. Бид
одоо Зүүнбаянгийнхаа иргэдэд уснаас битгий уу гэж хэлэх дээрээ тулчихаад
сууж байна. Эхлээд селень, бор сүүлдээ олон төрлийн хүнд металь илрээд
байна. Бид "Кожеговь" компанид энэ талаар хэлэхээр "Говийн ус угаасаа
олон жилийн өмнө хүнд металь их байсан ш дээ” гэж хэлдэг. Миний бодлоор
тэд хөрсөнд байгаа хүнд металийг хөдөлгөөнд оруулаад байна. Энэ нь бид
нарт нөлөөлж байна гэж үзээд байгаа. Яагаад гэхээр тэд хөрсний гүн рүү
хүхрийн хүчил шахаж, уранаа гаргаж авдаг. Энэ далд уусгах технологи чинь
хөрсний гүн рүү хүхрийн хүчлийн уусмалаа шахангуут урантай нь хамт,
хүнд металууд тэрэнд нь шингээд гарч ирж байгаа юм. Тэгээд уранаа ялгаж
авчихаад буцаад хүнд метальтай усаа хөрс рүү шахчихдаг. Ингээд хүнд
метальтай хүхрийн хүчил хөрсөнд дээш, доош яваад байх тохиолдолд хаашаа ч
юу ч алдаж болохоор эрсдэлтэй. Зүүнбаян тосгон хоёр мянга орчим хүнтэй.
Ундны уснаас химийн хүнд металь илэрсэн ч, түүнийгээ хэрэглэж л байна.
Өөр ямар ч ус хэрэглэх вэ дээ. Хотоос цэвэр ус нийлүүлэх үйлдвэр орон
нутагтаа оруулж ирдэг юм бил үү гэж ярьж байна.
Бидний аян зам цааш үргэлжлэн
"Кожеговь" компанид ирлээ. Хүн цөөтэй харагдах энэ компани одоохондоо
үйл ажиллагаа явуулаагүй байна. Төмөр хашаагаар хүрээлсэн кемпийн үүдэнд
биднийг менежер н.Энхтулга хүлээж авлаа. Тэрээр компанийхаа тогтвортой
хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан ажилтан Б.Буянхишигтэй
уулзуулсан юм.
-Далд уусгах технологи үнэхээр аюулгүй байж чадах уу?
Ажилтан Б.Буянхишиг: Бид одоохондоо харуул, хамгаалалттай байлгаж байна.
-Харуул хамгаалалт
химийн хорыг зогсоохгүй шүү дээ. Яг хөрсийг хамгаалах талаасаа ямар
хамгаалалт байдаг юм бэ. Технологийн талаасаа гэсэн үг л дээ?
Ажилтан Б.Буянхишиг: 10 км-ийн хэмжээнд айл өрхүүд бий. Тэдэнд далд уусгах технологийн талаар тодорхой хэмжээнд мэдээлэл өгч байна.
-Селень, бор гээд хүнд
металь танайх ашигладаг уу. Уран гаргаж авахад ийм хүнд металь
ашигласнаас болж мал хордож байна гэж нутгийнхан яриад байна?
Ажилтан Б.Буянхишиг: Тэр талаар
миний хувьд хариулт өгөхөд хэцүү байна. Энэ хавьд селений агууламж
өндөрссөн. Тэгээд манайхыг селень хэрэглэсэн гэсэн яриа олны дунд яваад
байгаа. Гэтэл бид хүхрийн хүчлийн тодорхой хувийн уусмал ашигладаг
болохоос биш өөр төрлийн химийн бодис хэрэглэдэггүй.
-Ураны хайгуул, олборлолт аюултай юу, үгүй юу гэдэгт яг технологи талаас нь хариулт өгөх танаас өөр мэргэжилтэн байна уу?
Ажилтан Б.Буянхишиг: Яг одоо манайд далд уусгах технологийн талаар ярих хариуцсан мэргэжилтэн байхгүй байна.
-Тийм хариуцсан мэргэжилтэн нь байхгүй байхад та нар энд аюулгүй байдлаа хангаад ажиллаж чадаж байгаа юм уу?
Ажилтан Б.Буянхишиг: ... Чадаж байгаа. Цөмийн энергийн газраас биднийг байнга хянаж, шинжилж байдаг.
-Танай ажилтнууд цацрагт хордож байгаа эсэхийг тогтоох дозометр гээд багаж зүүдэг үү?
Ажилтан Б.Буянхишиг: Зүүнэ. Тэр багажийг цацрагтай ойрхон ажиллагсад зүүдэг.
-Цацраг их байгааг тогтоох шарлагын тунг хэмжүүлдэг биз дээ. Тун өндөр гарч байсан тохиолдол байна уу?
Ажилтан Б.Буянхишиг: Цөөхөн тоогоор гарсан.
-Тун өндөр гарч байна гэдэг чинь тодорхой хэмжээгээр цацрагт хордож байна гэсэн үг үү?
Ажилтан Б.Буянхишиг: За байз. Би та нарт нэг юм үзүүлье. / Босов /
-Тун өндөр гарч байна гэдэг нь цацрагт хордож байна гэсэн үг. Тийм биз дээ?
Ажилтан Б.Буянхишиг: Үгүй,
яахав / эргээд суув / Яг цацрагтай ажиллаж байгаа ажиллагсдын хувьд
цацрагтай гэдэг нь тухайн дээжийг бэлдэж байгаа хүмүүсийн хувьд жаахан
өндөр гарсан тохиолдол 2012 онд нэг хүнд бий.
Дорноговь аймагт үйл ажиллагаа
явуулж байгаа "Кожеговь" компанийхан биднийг кэмпдээ хүлээн авч,
нээлттэй байж, мэдээлэл өгсөн. Гэхдээ эргэж буцаж, ээрч түгдэрсэн
хариулт хэлж байсан нь эргэлзээ төрүүлж байсан юм.
Малчин Э.Гэрэлт-Одынх шиг ийм гажиг
төл хүлээж авсан тохиолдол хэд, хэдэн айлд гарсан байсан. Гэхдээ энэ
удаад бид ганц Э.Гэрэлт-Одынхыг онцлож байна. Эдний мал амьгүй, үсгүй
төл гараад эхлэхэд л аймгийнхаа мал эмнэлэг ариун цэврийн лабораторид
хандсан. Тиймээс бид ч мөн аймгийн төв орж, Мал эмнэлэг ариун цэврийн
лабораториос тодруулга авсан юм.
Дорноговь аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лаботаторийн эрхлэгч Ж. Наранцэцэг: Мал хээл хаясан гэх хамгийн эхний дуудлагыг Э.Гэрэлт-Одынх өгсөн.
Тэгээд шинжлээд үзэхэд эдний мал хээл хаях ямар нэг өвчин тусаагүй
байсан. Тэгээд юунаас болж хээл хаясныг тодруулахаар Улсын Мал Эмнэлэг
ариун цэврийн төв лабораторитоос, манайхтай нийлж ажлын хэсэг гараад
ажиллаж байна.
Ер нь бол малчин Э.Гэрэлт-Одынх өмнө
нь Д.Норсүрэнгийн нутаглаж байсан газар хаваржиж байна. Өмнө нь тэнд 20
бяруу селень гээд химийн бодисноос болж үхсэн нь тогтоогдсон. Гэхдээ энэ
бодис хаанаас гарсныг хэн ч мэдэхгүй байна. Бид одоогийн байдлаар
Э.Гэрэлт-Одынхыг тэр нутгаас нүү гэсэн заавар өгчихөөд байж байна.
-Нутгийнхан уранаас
болж ийм байдал үүссэн гэж үзэж байна. "Кожеговь" компанийн тухайд
туршилтын олборлолт хийхдээ далд уусгах технологи ашигладаг. Энэ
технологид селень биш, хүхрийн хүчлийн уусмал ашигладаг гээд байгаа.
Тэгэхээр хүхрийн хүчлийн уусмалыг хөрсөнд алдсан тохиолдолд мал хордож,
хээл хаях, гажиг төл гарч болох уу?
эрхлэгч Ж. Наранцэцэг: Тэгнэ.
Тийм тохиолдол байна. Ер нь ямар нэг химийн бодис байх ёстой
хэмжээнээсээ ихэссэн тохиолдолд хүн, малын эрүүл мэндэд сөргөөр
нөлөөлнө.
-Хээл хаяж амьгүй төл гарч болно гэж үү?
Эрхлэгч Ж.Наранцэцэг: Болно.
Дорноговь аймагт сүүлийн 2-3 жилд
мал хээл хаях нь ихсэж, гажигтай төл гарах болжээ. Гэхдээ юунаас болж
байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байна. Нутгийнхан ураны хайгуул хийж
байгаа "Кожеговь" компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор уранд хордсон
гэж хардаж байна. Ингэж хардах үндэслэл ч бий.
"Кожеговь"-ийг хардах шалтгаан. Нэг
"Кожеговь" компани Дорноговь аймагт
туршилтын олборлолтоо 2012 оны 5-р сараас эхлэж, хагас жилийн хугацаанд
ажиллажээ. Түүнээс хойш энэ нутагт мал үхэх, төл гажиг гарах тохиолдол
нэмэгдсэн гэж орон нутгийнхан хэлж байна.
"Кожеговь"-ийг хардах шалтгаан. Хоёр
70 гаруй төл нь амьгүй гарсан малчин
Э.Гэрэлт-Одынх "Кожеговь"-ийн туршилтын хайгуулын талбайтай хамгийн ойр
буюу 10-аад км-ийн зайд нутагладаг. Өмнө нь энэ газарт малчин
Д.Норсүрэнгийнх амьдарч байсан. Өнгөрсөн жил тэдний 20 бяруу үхсэн.
"Кожеговь"-ийг хардах шалтгаан. Гурав
"Кожеговь" компанийн эргэн тойрон дахь
гүний уснаас бор, селень гэх мэт хүнд металууд илэрсэн байна. Энэ нь
хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюултайг мэргэжлийн байгууллагууд
тогтоосон. Гэхдээ ийм хүнд металь хаанаас үүссэнийг шинжилгээний
байгууллагууд илрүүлээгүй байна. Тэгвэл "Кожеговь" компанийн ашиглаж
байгаа далд уусгах технологиос болсон байхыг үгүйсгэхгүй гэж Дорноговь
аймгийн Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян тосгоны Засаг дарга Б.Эрдэнэбат
хэлж байсан юм.
"Кожеговь"-ийг хардах шалтгаан. Дөрөв
Хүхрийн хүчлийн уусмал хөрс, усанд их
хэмжээтэй байвал гажиг төл гарч, мал хээл хаяж болно гэж Дорноговь
аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн эрхлэгч Ж.Наранцэцэг
хэлсэн. Тэгвэл энэ хүхрийн хүчлийн уусмалыг "Кожеговь" компани хөрсний
гүн рүү шахаж хэрэглэдэг. Энэ уусмалыг хөрсөнд алдсан байж болзошгүй.
"Кожеговь" компанийг хардах шалтгаан. Тав
"Кожеговь" компанийн уран олборлох
туршилтын талбайд ажиллаж байсан ажилчид цацрагт хордсон тохиолдол
гарчээ. Дозометр хэмээх тусгай багажийг цацрагтай орчинд ажилладаг
хүмүүс зүүдэг. Энэ багажаар цацрагт өртөж байгаа эсэхийг тогтоодог
байна.
Үүнээс гадна туршилтын талбайгаас
гарсан шавар, шавхайг зориулалтын тусгай талбайд хашиж хамгаалаагүй.
Үүнээс болж, мал амьтан цацраг агуулсан шавартай уснаас уусан байж
болзошгүй гэж орон нутгийн удирдлагууд хэлж байна.
Энэ мэт олон хардлага, олон асуулт
урган гарч байна. Гэхдээ үүнд тодорхой хариулт өгөх төрийн байгууллага
одоохондоо алга. Бид энэ талаар дараагийн "Баримт” нэвтрүүлгээр эргэн
сурвалжилж, хөндлөнгийн эрдэмтдийн дүгнэлт, хариуцсан албан тушаалтны
тайлбарыг хүргэх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1464
Сэтгэгдэл бичих