ШУА-ын түүх археологийн хүрээлэнгээс санаачлан Монгол улсад 2015 онд археологийн судалгаа хийсэн бүх байгууллагын төлөөллийг оролцуулан "Монголын археологи – 2015” эрдэм шинжилгээний хуралыг Монголын нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хоёр өдрийн турш зохион байгуулж байна.
Энэ өдрүүдэд 2015 онд мэргэжлийн зөвлөлөөс зөвшөөрөл авч зохион байгуулсан 40 гаруй малтлага, судалгааны тайлан илтгэлүүд тавигдана. Харин олдсон олдворуудыг хүрээлэнгийн дэргэдэх археологи судалгааны төвийн үзмэрийн танхимд сэргээн засварлах, судлах ажилууд хийгдэж байна.
ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат:
-2015 оны зургаа, долдугаар сард Монгол-Францын хамтарсан судалгааны баг Баян-Өлгий аймгийн ногоон нуур сумын нутаг Бургастын гол гэдэг газар бүтэн оршуулгын газар илрүүлж он цагийг нь тогтоосон. Энэ бол нийтийн тооллын хоёроос дөрөвдүгээр зуун буюу яг л Сянбигийн эзэнт гүрний үе байгаа юм. Эндээс маш сайн хадгалалттай хүний яс, цөөн тооны малын ясыг илрүүлсэн. Мөн зарим нэг эд өлгийн зүйл гарсан. Үүн дотор торгон хувцас хэрэглэлийн үлдэгдэлүүд, мөнгө болон хүрэлээр хийсэн гоёл чимэглэлийн зүйлс илэрсэн. Энэ маягаар бид үргэлжлүүлэн генетикийн болон бусад нарийн судалгаануудыг хийх болно. Дахиад арваад булш байгаа учраас хамтарсан судалгааны ажил цаашид үргэлжилнэ.
ШУА-н түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цогтбаатар:
-2015 онд нийт зургаан байгууллага 40-өөд том жижиг хайгуул судалгааны малтлага, авран хамгаалах үйл ажиллагаа хийсэн. Судалгаа бүрийн талаар уг ажлыг хийсэн, оролцсон хүмүүс болон судлаачид энэ хоёр өдөрт тайлагнаж үр дүнгээ танилцуулна.
-Зарим онцлог судалгаанаас дурьдвал манай хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулууны удирдлагаар Хэнтий нуруунд орших XVII зуун өндөр гэгээний байгуулсан "Сарьдагийн хийд”-ийн малтлага судалгааны ажил маш амжилттай явагдлаа. Эндээс өндөр гэгээн Занабазарын үеийн шашны холбогдолтой эд өлгийн олдворууд гарсан. "Сарьдагийн хийд”-ийн олдворууд жил бүр үзэсгэлэн маягаар гардаг учир та бүхэн удахгүй үзэж сонирхож болно.
Түүнчлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Аваргын балгас буюу Чингис хааны Аураг ордын туурийг малтан судлах ажил 13 дахь жилдээ үргэлжлэн явагдсан ба энд Монголын дундад зууны үеийн судалгааны маш чухал үнэ цэнэтэй дурсгал хадгалагдаж байгаа юм. Тэгвэл 2015 онд хийсэн судалгаагаар метал эдлэл хайлуулж байсан зуухны үлдэгдэл, үр тариа хадгалах шавар байгууламж, тахил тайлагтай холбоотой тодорхой хэсгийг илрүүлэн, судалж байна.
Мөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт хийсэн Монгол-Японы хамтарсан "Дорнод Монголын эртний Түрэгийн үеийн түүх археологийн судалгаа” төслийн хүрээнд Эртний Түрэгийн үеийн хөшөө, цогцолбор дурсгалыг малтан судлах ажлыг үргэлжлүүлсэн. Уг судалгааны хүрээнд эрт үед булагдаж эвдэгдсэн тахилын байгууламжууд, бичээст хөшөө бүхий цогцолбор дурсгалыг гаргаж, сэргээх боломжийг тодорхойлох ажлыг хийсэн байна.
Судлаачдын тодорхойлсоноор дунджаар гурваас таван метрийн өндөртэй нийт 13 том хөшөөн дээр эргэн тойрон эртний Түрэг бичгээр бичсэн бичээс, 27 төрлийн 130 шахам тамгыг сийлсэн байсан ба хоёр хөшөөн дээр Кидан бичгээр тахил тайлагтай холбоотой үгсийг сийлсэн байжээ. Харамсалтай нь он цагийн уртад тэр бичгийг буулгаж унших боломж их хомс болсон байна. Энэ судалгааны ажил цаашид хоёроос гурван жил үргэлжилнэ.
Эх сурвалж: www.gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих