Хөөрөгний үүсэл
Ер нь хөөрөг хаана үүссэн, хэдийд үүссэн гэх асуултууд нь тодорхойгvй хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд монголчууд 11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг төрүүлж буй юм. Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт үнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас үзэхэд монголчууд Чингисийн үед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн үнэртэн хэрэглэх сав гэж ойлговол өөр хэрэг бөгөөд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, түүхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөр бол тамхийг 15-зуун хүртэл америк тивийн уугуул иргэд болох индианчуудаас өөр хүмүүс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа манай эриний өмнөх 4000 оны үед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрүүлжүүлэх увидастай шидэт зүйл хэмээн үзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зүйрлэдэг байжээ.
Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид үздэг. 1492 оны 10-р сарын 15-ны өдөр Колумбын экспедицийн испани далайчид өнөөгийн Төв өмерикт хөл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр үед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, үрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон улсад төрөл бүрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зүтгэлтнүүдээс гадна улс төрчид ч энэ үйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нөлөөлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг түүний нэрээр никотин хэмээн нэрлэсэн түүхтэй.
16-р зууны сүүлийн хагасаас дэлхий даяар түгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сүүлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зүүн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Түвдэд янз бүрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ. Хөөрөгний дотор талынх нь зураг, тэгш гөлгөр сайхан гадаргуу, урлагын өндөр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан үнэт эдлэл цуглуулагчдын сан хөмрөгт очиж эхэлжээ
Хөөрөг зөрүүлэх мэндлэх ёс
-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу
гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.
Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.
Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.
Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.
Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.
Хөөргийг "Тамхилдаг заяатай шар”, "Мэндийн шар”, "Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.
Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.
Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.
Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг ажээ.
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих