Тэртээ хол барууны буюу тодруулбал Английн зохиолч Ж.Олдрижийн "Гайхамшигт Монгол морь” хэмээх зохиол байдаг. Монгол морины тэсвэр тэвчээрийн тухай, эх нутгаадаа тэмцэн, европ тивийг хөндлөн гулд гүйж буй тухай сэтгэл хөдөлгөм түүх энэ зохиолд гарна. "Гайхамшигт Монгол морь” бодит үйл явдлаас үүдэлтэй. 19-р зуунд Европ тивд Тарпан устсанаар зэрлэг адууны нэг ч зүйл дэлхийд үлдсэнгүй хэмээн барууныхан үзэж байлаа. Гэтэл 1878 онд нэрт аялагч, төв ази судлаач, эрдэмтэн Н. М. Пржевальский Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И. С. Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus przewalskii Poljakov, 1881) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ. Харамсалтай нь 1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Голланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм. Өдгөө дэлхий дээр байгаа бүх тахь 1945 онд тоологдсон 35 тахийн 9-ийнх нь үр төл гэж үздэг. 20-р зууны эхний хагаст Монголоос зэрлэг тахь дэлхийн олон орны амьтны хүрээлэнд аваачиж байсны нэг нь Англиас зугтан гарч европ тивийг хөндлөн гулд гүйж Монголд ирсэн түүхээс Ж.Олдриж зохиолоо сэдэвлэсэн хэрэг. Ер Монгол морины гайхалтай түүх үүгээр дуусахгүй. Тэр тусмаа нутаг гэх сэтгэлийн гүн ундарга адгуусан амьтанд тийм өндөр заяагдсан нь гайхалтай. 1961 онд Вьетнамд ачигдсан "Хар Азарга” 1963 онд мөн эх нутагтаа гүйн ирж байсан. Олон орны хилээр гүйсэн хар азарганы цээжинд хилийн өргөст тор шигдэн арьс үстэй нь зууралдан эдгэрсэн байсан тухай ч яриа байдаг. "Бүхнийг ялалтын төлөө!”, "Бүхнийг Фронтод” уриан дор Монголын ард түмэн Гитлерийн фашизмаас хүн төрөлхтнийг аврах ариун дайнд харамгүй хувь нэмрээ оруулж байх тэр цагт Монголын 500 мянга орчим агт морь улаан армид бэлэглэсэн байдаг. Дэлхийн 2-р дайны хүндийг үүрч явсан ЗХУ-ын ард түмний ачааг Монгол морь үүрэлцэж, амь үрэгдсэн эзнийхээ шарилаас холдож явдаггүй байсан тухай олон цэргийн дурсамжид бий. Дайны үед бэлгэнд очсон агт морьд буцаж нутаг гүйгээд горьгүй байсан тул нэгэн ахмад адуучнаас яах тухай зөвлөгөө хүссэн байна. Ахмад адуучин "Эх нутгийн чулуу ахиухан шуудайлж авч яваад замд нь дэвсэж өг, очоод хашаа хороонд нь, уяа зэлэн дээр нь дэвсэж өг” хэмээн захисан гэдэг. Москва хүртэлх зам дагуух төмөр замын нэгэн өртөөнд адуу ачсан галт тэрэг тэр чигээрээ хөмрөх нүү гэмээр дуу чимээ гараад, морьд чингэлэгтээ тогтож байж чадахгүй бэрх болжээ.. Буурайн захиас дагуу Монголоос ачсан шуудайтай чулууг задалж морьдын чингэлэгт асгасанд сая нэг морьд тайтгарч Москва хүртэл амар тайван явж хүрсэн байна. Хэрэггүй хэмээн үл тоох хатуу хүйтэн чулуу гэдэг тийм л хүчтэй. Адгуус хэмээн адлагдах морь мал гэдэг тийм л ухаантай. Эх нутгийн чулуу, харь газар элэг дэвтээдэг гэх Монгол үгийн үнэн энд гарна.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих