НАР ТОССОН ТАЛ НУТГИЙНХАН ЦОГ ХИЙМОРЬТОЙ БАЙЖ, ХҮЧИРХЭГ ДОРНОДЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭХ МИЧИН ЖИЛ БОЛНО ГЭДЭГТ ЭРГЭЛГЭХГҮЙ БАЙНА.
МЭНДЧИЛГЭЭ Дорнод аймгийн нийт иргэд, өтгөс буурлууд, хүүхэд, залуус та бүхэндээ гал бичин жилийн шинийн нэгний билэгт сайн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн, өлзий дэмбэрэлт ерөөл өргөж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна. Өнгөрч буй хонин жилд Дорнодчууд бидний хувьд мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт амжилт бүтээл ариван байлаа.
Мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөж, ашиг шимийг дээшлүүлж яваа шилдэг тэргүүний сайн малчид олноор төрөн гарсан нь нэн бахархууштай. Баянтүмэн сумын малчин Ц.Чинзориг, Д.Шинийннэгэн, Баяндун сумын малчин Г.Чадраабал, Р.Баяр, С.Мөнхбат, Баян-Уул сумын малчин Б.Дугаржав, М.Борчулуун, Булган сумын малчин Д.Оюунсүрэн, Ш.Ганхүү, Гурванзагал сумын малчин Я.Чулуунгэрэл, М.Гансүх, Дашбалбар сумын малчин Ц.Чулуунбаатар, Ц.Цэрэнжав, Матад сумын малчин Д.Цогтбаяр, Халх гол сумын малчин Б.Энхдолгион, Хөлөнбуйр сумын малчин Г.Уртнасан, Сэргэлэн сумын малчин Ү.Төгсбаяр, П.Бат-Очир, Цагаан-Овоо сумын малчин С.Төмөрзүрх, Н.Ганзориг, Чойбалсан сумын малчин Г.Лхагвасүрэн, Ч.Анхбаатар, Чулуунхороот сумын малчин П.Дамдинлхагва нарын 23 малчин аймгийн сайн малчны болзол хангасан явдалд Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна. Мөн аймгийн "Алдарт уяач” цол хүртсэн шилдэг уяачид, адуучиддаа талархал илэрхийлье.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт манай баялаг бүтээгчид боломжтой бүхий л аргаар, үйлдвэрлэлээ бэхжүүлэх, ашиг орлогоо улам нэмэгдүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байгаа нь тун сайшаалтай. Уул уурхай, эрчим хүч, тээвэр холбоо, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан ч урьдынхаас ахиц дэвшил сайтай ажилласан байна.
Ирж буй гал бичин жилдээ хотлоороо энх тунх байж, "Хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа” уриан дор эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг зөв зохистой, цаг алдалгүй шийдвэрлэхэд өөрсдийн ажиллаж амьдарч буй бүх орчиндоо эв эеийг хичээн, шударга ёсны хэм хэмжээг хатуу чанд сахиж, өндөр хариуцлага, идэвх санаачлагатай ажиллан өмнөх амжилтуудаа улам ахиулна гэдэгт Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон бид найдаж байна.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар
Улаанбаатар хот
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14729
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих