Хойд Солонгос энэ сарын 7-нд орон нутгийн цагаар 9.31 цагт цаг агаар судлах зорилготой хиймэл дагуул ачсан пуужингаа хөөргөлөө. Өнгөрөгч долоо хоногт удирдагч Ким Чен Ун "энэ сарын 8-24 хооронд хиймэл дагуул ачсан пуужингаа сансарт хөөргөх болно" хэмээн Олон улсын далайн байгууллага /IMO/ болон Олон улсын мэдээлэл холбоо /IYU/ агентлагт мэдэгдсэн юм. "Кванмёнсон-4” гэх хиймэл дагуул ачсан пуужингаа баруун эрэгт орших "Сохэ” туршилтын талбайгаас хөөргөсөн бөгөөд "KCNA” агентлаг шууд дамжуулсан байна.Пхеньян пуужин хөөргөсөн гэх мэдээллийг хамгийн эхэнд Японы Засгийн газар "J-Alert” системийн тусламжтай хүлээн авч, НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон БНХАУ-ын Батлан хамгаалах яаманд шуурхай мэдээлж, уг мэдээлэл дэлхий даяар тархсан юм. Пуужин хөөргөсөн гэх мэдээллийн дараа Япон, Өмнөд Солонгос байлдааны бэлэн байдалд шилжиж, хил орчимдоо пуужин эсэргүүцэгч байршуулсан байна. Удирдагч Ким Чен Ун энэ сарын 6-нд хиймэл дагуул ачсан пуужин хөөргөх тушаалд гарын үсэг зуржээ. Тушаалд гарын үсэг зурж буй зургийг "KCNA” агентлаг цахим сайтдаа байршуулж "Шинэ алхам” хэмээн зургийн тайлбарт бичсэн байна.
Шинжлэх ухааны зорилготой хиймэл дагуул хөөргөх асуудалд НҮБ-д гол анхаарлаа хандуулан, хэрвээ пуужин хөөргөвөл хориг тавихаа сануулсан.
НҮБ болон олон улсын хоригийг үл тоон Пхеньян пуужингаа хөөргөсөн бөгөөд өчигдөр 7.00 цагт "KCNA” агентлаг "Хойд Солонгосын хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орлоо” хэмээн ард түмэндээ мэдэгджээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамын мэдээлснээр "Пуужингийн эхний хэсэг Шар тэнгист унасан. Хиймэл дагуулын хамгаалалтын дэлгэц Чежудо аралд унасан” гэж мэдээлэв Пхеньян алсын тусгалтай пуужин хөөргөсний дараа Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын Аюулгүй зөвлөл шуурхай хуралдаж, тус улсыг олон улсад заналхийлсэн хэмээн буруутгасан байна. Аюулгүй зөвлөл "өнгөрсөн нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг туршсан болон энэ удаагийн пуужингийн туршилтын эсрэг хатуу хориг тавина” хэмээн мэдээлсэн билээ. Пхеньяны эсрэг ямар хориг тавихаа тодорхой болгохыг Их Британи болон Японы Засгийн газар хатуу шаарджээ.
"Аливаа пуужин харвах, хиймэл дагуул, сансрын хөлөг хөөргөхөд баллистик технолги ашиглах нь” цөмийн зэвсгийн технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг хэмээн НҮБ-ын тогтоолд дурьдсан байдаг. Уг тогтоолыг ноцтой зөрчсөн Хойд Солонгосын үйлдлийн хариуд Аюулгүй зөвлөлийн гишүүд шинэ тогтоол батлах болно. Энэхүү тогтоолын төслийг боловсруулах саналыг ойрын өдрүүдэд зохион байгуулах болно” хэмээн НҮБ-д суугаа Венесуэл улсын байнгын төлөөлөгч Рафаэль Рамирес мэдэгджээ. Пуужин хөөрөөд 10 минутын дараа Японы Окинава мужийн дээгүүр нисч өнгөрчээ. "Уг пуужин Японы газар нутагт унаж, иргэдийг хохироох, хувийн өмчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид зенит пуужингийн "Patriot, PAC-3” цогцолборын тусламжтайгаар Пхеньяны пуужинг агаарт устгах болно” хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд, генерал Накатани мэдэгдсэн билээ.
Пуужин тус улсад аюул учруулаагүй ч Японы удирдлагууд дургүйцлээ илэрхийлэн тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдэж, АНУ, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын Батлан хамгаалахын хамтарсан уулзалт зохион байгуулах санал гаргасан байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ "Хиймэл дагуул хөөргөх пуужинг баллистик пуужин туршиж буй үйлдэл хэмээн тооцох болно” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Пхеньян энэ үйлдэл олон улсын гэрээг зөрчлөө” гэсэн байна.
2012 оны арваннэгдүгээр сард Пхеньян сансрын хиймэл дагуул ачсан пуужингаа амжилттай хөөргөсөн билээ. "UNHA-3” гэх хиймэл дагуул амжилттай сансрын тойрогт орсны дараа Вашингтон дургүйцлээ илэрхийлэн тус улсын эсрэг эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хориг тавьсан юм.
Б.Дэлгэрцэцэг
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих