ХYII жарны модон хонин жилийн Монгол улсын сурын холбооны "Шилдэг байгууллага”-аар шалгарсан Цагаан-Овоо сумын сурын холбооны тэргүүн Г.Чулуунбаатартай хийсэн ярилцлагаа толилуулъя. Сар шинийн босгон дээр шагналаа Монголын сурын холбооны тэргүүлэгч С.Батхуягаас гардан авсан аж.
Цагаан-Овоо сумын сурын холбоо улсад ажлаараа тэргүүлжээ.
-Монгол улсын шилдэг сурын холбоогоор шалгарсанд танай хамт олонд талархал хүргэе.
2015 онд ямар амжилт гаргасан бэ?
Цагаан-Овоо сумын сурын холбоо 2015 онд олз омог ихтэй жил байлаа.Тус холбооноос улсын мэргэн Г.Лхамсүрэн, буриад сурын спортын мастер, үндэсний сурын спортын мастер М.Одмандах, буриад сурын аймгийн мэргэн Б.Энхбат, улсын мэргэн Б.Ганбаатар, сумын мэргэн Д.Гармаа, өсөх идэр мэргэн Ч.Төрболд, Ч.Бүжин нар сурын харваанд амжилттай оролцлоо.
Сумын сурын талбайг нутгийн ах Эрдэнэбаатар, Цацралаа нар 10 сая төгрөгийн хандив өгч, тохижуулахад туслалцаа үзүүлсэн. Мөн Цагаан-Овоо сумын сургуулийн 17-р төгсөлтийн анги хамт олон сурын талбайг байгуулахад оролцсон юм.
Сурын талбайн хэмжээ урт 105, өргөн нь 68 м .Төрөлх сумын маань 80 жилийн ойд газар газраас олон улсын мэргэчүүл ирж, өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Ардын хувьсгалын 94 жилийн ойн сурын харваанд тэргүүлсэн улсын мэргэн Батбаатар, улсын хошой мэргэн Энхтунгалаг, улсын гоц мэргэн Хүдэрчулуун, Петровисийн баг, Алдар нийгэмлэг, Багануур, Өмнөговийн багууд ирж, харвасан болно.
Сурын эрэгтэй, эмэгтэй харвааны бай шагнал нь Тоёото маркийн Ситима машинаар байлсан нь сурын түүхэнд хамгийн өндөр шагнал болсон байна.
-Аав тань сурын спортын мастер хүн байсан. Аавынхаа үйл хэргийг хэрхэн үргэлжлүүлж байна бэ?
Миний аав Цэдэвийн Гүнсэн Монголын үндэсний сурын спортын мастер хүн. 1982 онд Хэнтий аймгийн бүсийн харваанд улсын мэргэн Цэвээнтэй товхолж, дэд байр эзэлж байсан.Аавынхаа сурын төлөө гэсэн сэтгэлийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн авч ,явна.
2014 оны 8 сарын 5-9 ний хооронд зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах мож харвааг аавынхаа нэрэмжит болгож, амжилттай зохион байгуулсан. Тус харваанд 6 сумын 7 багийн 100-аад харваачид 4 өдөр харвасан юм.
Мож харвааны хаалтад Баяндун сумын иргэн буриад сурын улсын мэргэн ,олон улсын спортын мастер Сүхбаатар Цагаан-Овоо сумын залуу харвачдад өөрийн техникээ зааж өгье гэсний дагуу 2015 оны 4 сард урин авчран, 3 хоногийн сургалтыг зохион байгуулсан.
Ахмад сурчны зөвлөгөөний дагуу залуу харваачид амжилттай харвасан.Ахмад сурчдаас залуу үе нь суралцах нь амжилт гаргах үндэс гэж санадаг.
-Сурын спортыг хөгжүүлэхэд цаашид юунд анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ?
Миний хувьд сурыг хөгжүүлэхэд бага ч гэсэн хувь оруулах юмсан гэсэн сэтгэлийг бодож явдаг. 2014 оны 3 сард сумынхаа сурын холбоонд сургалтын 5 нум, 30 сумыг хандив болгон өгсөн. Цагаан-Овоо сум байгуулагдсаны 80 жилээр сурын харваанд оролцсон Энхчулуун 2 сургалтын нум хандивласан. Улсын хошой мэргэн Энхтунгалаг, улсын мэргэн Батбаатар хоёр 5 сургалтын нум, аймгийн сурын холбоо 3 сургалтын нум, сумын захиргаа 2 нум тус тус өгсөн. Сургалтын нум өгснөөр залуу харваачдад туслаж, ач тусаа өгч байна.
Цагаан-Овоо сумын ЕБС-ийн хамт олон сумынхаа сурын холбоог дэмжиж, өвөлд бэлтгэл сургуулилтаа хийхэд нь тусалж байдагт баярлаж байгаагаа илэрхийлье.
Сурын бэлтгэлд 20-иод хүүхэд хамрагддаг.
-Сурчдадаа хандаж юу хэлмээр байна?
Цагаан-Овоо сумын сурчдадаа эрүүл энх, амьдралд нь сайн сайхныг хүсч, улам их бэлтгэл хийж, спортын мастер, спортын мэргэн болохыг ерөөе.
Хараа нь хурц, оноо нь мэргэн байх болтугай
Ярилцлага өгсөнд баярлалаа. Улам их амжилтыг хүсье.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын сурын холбоонд олгосон өргөмжлөлд:
"Монголын ард түмний хийморь сүлд, ид хав оршсон үндэсний их бахархал,үнэт өв болсон үндэсний сурын харвааг хөгжин бадрах,түгээн дэлгэрүүлэх ариун их үйлсэд өөрийн сэтгэл оюун, хөдөлмөр бүтээл,сайн сайхан бүхнээ дээдлэн зориулсан танд монголын нийт эрхий мэргэн харваачид мэхийн ёсолж, хүндэтгэн XYII жарны модон Хонь жилийн "ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөн соёрхов.” гэж бичсэн ажээ.
Эрийн хийморь шингэсэн сурын алтан зурхай өнөд ивээтүгэй.
Ярилцсан Ж.Зоригтбаатар
DORNOD.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих