Мөн 2013 онд нийслэлийн удирдлагууд "Төв талбайд байрлах Д.Сүхбаатарын хөшөөг урд хөршөд сэргээн засварлуулаад эргүүлэн буцаан тавьлаа" хэмээн мэдэгдэж байсан.
Уг мэдээллийн дараахан уран барималч МУУГЗ, С.Чоймбол агсаны бүтээсэн их жанжны жинхэнэ хөшөө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн байгууллагын хашааны хогон дунд хэвтэж буй зураг цахимаар тарж, хэсэгтээ л шуугиулж байсан юм. Гэвч түүнээс хойш уг түүх дурсгалын баримлын талаар хэн ч дурсаагүй юм.
Тэгвэл уран барималч С.Чоймбол агсаны гайхамшигт бүтээлүүдийн нэг болох их жанжин Д.Сүхбаатарын жинхэнэ хөшөө өдгөө Лувсандаржаа ренбүүчи буюу Осгонбаяр хувилгаанд байдаг юм байна.
Энэ талаар Лувсандаржаа ренбүүчи өчигдөр "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт орох үедээ ам нээлээ.
Тэрбээр "Хөшөө дурсгалыг хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн гэж боддог байлаа. Гэтэл Д.Сүхбаатарын хөшөөг нэгэн албан байгууллагын хашаанд цааш нь харуулаад тавьчихсан, хөшөөг буталж устгах тушаал гаргасан байсан.
Тэгэхээр нь энэ хөшөөг би авъя гэж гуйж авсан. Учир нь миний багш Зава
Дамдин гуай тухайн үед улс төрийн зүтгэлтнүүдтэй холбоотой байж. Зарим
мэдээлэлд Д.Сүхбаатар жанжинтай ч бас багш шавийн барилдлагатай байсан
гэдэг. Тэгэхээр Д.Сүхбаатар жанжин гэдэг эгэл хүн байгаагүй гэж боддог болсон.
Тэр их мундаг хүн байсан байгаа юм. Зүүн аймгуудаар морилох үед нутгийн сэхээтнүүд хадаг дээр 50 лангийн мөнгөн ембүү жанжиндаа барьсан гэж байгаа. Тэгсэн их жанжин "Миний энэ мөнгөөр бага сургууль байгуулаарай" гэж хэлээд эргүүлэн өгсөн байгаа юм. Тэрүүгээр нь анхны бага сургууль байгуулагдаж байсан түүхтэй юм билээ.
Одоо сургууль, цэцэрлэг байгуулж байгаа "жанжин" байгаа юм уу?
Тэгээд л би амьд байсан цагт Д.Сүхбаатар жанжныхаа хөшөөг нь цаазлуулахгүй гээд даавуугаар боож, ачаад аваад явсан.
Төр түмэн нүдтэй юм чинь яасан бол гэж харж байсан байх л даа. Саяхан тэр хөшөөг засварлаж янзлаад өөрийн хийддээ залсан байгаа. Мөн тойрсон 18 арслангийн 16 нь надад бий. Тэртээ тэргүй тэдгээр хөшөөг эрх мэдэлтнүүд устгах гэж байсан юм чинь, түүх дурсгалаа аваад үлдэхэд яахав дээ" гэжээ.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих