УИХ, Орон нутгийн сонгууль болоход дөрвөн сар гаруйн хугацаа үлдээд байна. Намуудын зүгээс сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаагүй ч ерөнхий тов гарч эхэлжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг манай аймгт санаархаж буй горилогчдийн товыг харъя.
Нэгдүгээрт: Х.Болорчулуун дахин нэр дэвших нь тодорхой. Энэ удаагийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт босгоо өндөрсгөсөн учир УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг МАН-д элсэж орох бололтой гэсэн таамгууд ч яригдаад эхлэв. Сураг сонсох нээ МАН-ын дарга М.Энхболдтой хэд хэд уулзсан бөгөөд Дорнодын намын хороог тэр чигт нь авах, цаашлаад доод аппаратыг нь бүрэн шинэчлэн сольсноор МАН-ын зүгээр нэр дэвшинэ гэсэн саналыг тавьсан сурагтай. Учир нь МАН-ны нэр хүнд манай аймагт хангалттай унасан байгаа. Харин М.Энхболд саналыг нь хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна. Харин эрхэм гишүүн сарын шинийн үеэр "Шинэ суваг” телевизийн зочны цаг нэвтрүүлэгт оролцох үеэрээ би УИХ-д нэр дэвших хүсэлгүй байгаа ухааны юм ярьж суусан. Гэхдээ дэвшихгүй байх нь юу л бол. Ямартай ч магадлал өндөр хүн бол мөн. Гэхдээ аль нэг намд элсэж байж шаанс нь өсөж байж гарна.
Хоёрдугаарт: МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Цагтаа Дорнодчууд мөнгөний уурхай ирлээ хэмээн харж байсан бол энэ удаа арай өөрөөр хэлж ярих болсон. Саяхан МАН-ын үүрүүд хуралдаж Н.Номтойбаярыг робот мэт хүчээр дэмжүүлэн доороос гарч байгаа санал хэмээн төв намруугаа илгээсэн гэнэ. Түүний хувьд энэ удаагийн сонгууль тун ч амаргүй байх болов уу. Шалтгаан нь өөрийн хүн гэх М.Бадамсүрэн нь МАН-ын нэр хүндийг урьд нь байгаагүй хэмжээнд унгаж орхисонд байгаа. Гэвч тэр энэ удаа илүү их мөнгө заран байж Сонгуульд ялахын төлөө үзэх нь харин тодорхой.
Гуравдугаарт: АН-аас Зам тээврийн сайд М.Зоригт өөрийгөө Дорнод аймгаас нэр дэвшинэ гэдгээ зарлаад амжсан. Тэрээр 2004-2008 онд манай аймгийн УИХ-д төлөөлж байсан ч 2008 онд ялагдсан. Тухайн үедээ баахан л сүр дуулиан болж саналаа луйвардуулсан хэмээж байсан ч эцэстээ хүлээн зөвшөөрсөн юм. М.Зоригтын хувьд нэг л барьцгүй хүн харагддаг учир нь ИЗНН-аа орхиж АН-ын батлахыг алгаа тосон авсан хүн. Бас давхар дээлийг жигтэйхэн их эсэргүүцэж байгаад өөрөө өмсөөд сайд болсон. Бүр түүнийг аль аймгаас гаралтайг мэдхээ байгаа гайхацгаадаг. Нэг харах нээ би Сүхбаатарынх гээд л явж байна. Энд ирэхээр би Дорнодынх гэнэ. Учрыг нь сөхвөл сонгууль болохоор л манай аймаг, миний аймаг гээд л эхэлдэг хүн юм байхаа. Сүхбаатар аймгаас 2012 онд сонгогдож тэднийг төлөөлөн УИХ-ын сэнтийд заларсан ч энэ удаад шаансгүй болсон. Яагаад гэвэл Сүхбаатар аймагт засаг дарга Батсуурь нь дэвшинэ. Одоо түүнийг сошиал ертөнцийн од гишүүн хэмээн нэрлэж байна.
Дөрөвдүгээрт: АН-аас ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн П.Алтангэрэл нэр дэвшиж магадгүй байна. Тэрээр Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байснаас гадна 2008-2012 онд манай аймгаас УИХ-д сонгогдож байсан удаатай. Гишүүн болоод аймагт орон нутагтаа дорвитой юм хийгээгүй. Хийсэн ганц ажил нь УИХ-ын гишүүн бүрийн багцын 500 саяараа алдарт Ардчиллын гудамжиндаа хатуу хучилттай зам тавихаар болсон. Санаа уул их зөв гэвч тавиулсан нь ч тэр тавьж байгаа нь ч тэр ёстой нэг мянгуужингийн үлгэр болгоод дууссан. Одоо ч 5 дугаар сургуулийн хойд замаар явж байгаа хүмүүс түүнийг хараасаар донсолсоор. Харин энэ удаа УИХ-д замаа ярьсаар дэвших вий дээ.
Тавдугаарт: АН-аас төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар нэр дэвшиж магадгүй байна. Түүний тухай дорнодчууд тийм сайн мэдэхгүй. Харин дүү нь Д.Ганцогтыг нь арай илүү мэдэх байх. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч дүү нь оны өмнөхөн Төрийн албан хаагчийг зодсон хэргээр цагдаад баригдаж байсан гэсэн. Д.Цогтбаатар нь Өүлэн эхийн хөшөөг аймгийн үдэлт утгалтын талбайн тэнд байрлуулан сүр дуулиантай нээсэн цаг саяхан. Гэвч удалгүй араас нь хулгайн хөшөө маягийн мэдээ цахим сүлжээгээр цацагдаж байсан. Ямартай УИХ-д нэр дэвших магадлалтай байна харин Дорнодчууд дэмжих эсэхийг нь мэдэхгүй байна.
Зургадугаарт: МАН-аас БСШУ-ны дэд сайд асан "Бишрэлт трейд” компанийн захирал Б.Ундармаа нэр дэвшиж магадгүй байна. Түүний нэр өмнө нь дэд сайдын албан тушаал горилогчдын дунд дахин яригдаж явсан удаа бий. Мөн 2012 оны сонгуулиар дэвшинэ хэмээн баахан юм тарааж байсан ч намаасаа ковот авч чадалгүй Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт хүч үзсэн ч ойчоод өгсөн. Тэр эмэгтэй хүнийхээ хувьд манай аймагт дэвшил энэ удаад магадлал байгаа л байх. Гэхдээ хэцүү тулаан байх болов уу.
Долдугаарт: УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр нэр дэвшиж болзошгүй байна. Тэрээр өмнө нь Дорнод аймгаас хоёр ч удаа сонгогдсон юм. 3 дахь удаагаа 2012 онд дэвшсэн ч ялагдал хүлээж улс төрөөс нэлээн хол арчигдсан гэхэд болно. Тэрээр олон аавын хүү хийгээд байхгүй ХЗЯ сайдын албыг 2 удаа хашсан хүн. Хуульч мэргэжилдээ сайн хэдий ч нутаг орноо гэх сэтгэл түүнд даан ч дутсандаа. 8 жил биднийг төлөөлж УИХ-д суухдаа Нутгийн удирдлагын ордны барилгын ажлыг гацаасан гэж дээдсүүд ярих юм. Шалтгаан нь хуучин аймгийн Засаг дарга асан Ц.Жанлавтайгаа муудсанаас үүдэлтэй юм гэсэн. Одоог болтол Нутгийн удирдлагын ордон байхгүй бараг ганц аймаг нь дорнод байх шүү. Тэрээр дахин дэвшвэл дорнодчууд яахыг хэлж мэдэхгүй. Харин аймгийн Засаг даргын албыг сайн хашсан гэвэл хэн ч маргахгүй биз.
Наймдугаарт: "Глобал удирдагч сан”-гийн үүсгэн байгуулагч Б.Отгонбатын нэр явж байна. Тэрээр Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн Төр засгийн дээд сургуулийн Төрийн удирдлагын магистрт суралцаж буй. Бизнес-Удирдлага болон Анагаах ухааны чиглэлээр бакалавр болон магистрын сургалт олгодог Глобал Удирдагч Дээд сургуулийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Ер нь сонгууль болгонд түүний нэр явж байдаг. 2008 онд АН-аас дэвшиж манай аймагт хүч үзэж байсан ч олигтой санал аваагүй. Энэ удаа өндөр боловсрол эзэмшиж буй түүнийг залуучууд дэмжих л байх. Харин санхүүгийн хувьд акулуудтай мөр зэрэгцэж чадах болов уу.
Есдүгээрт: МАН-аас Хуульч Б.Энхбаяр дэвших сураг ажиг байна. МАН-ынхан ямар нэг шүүх, цагдаа гэхээр урдаа барьдаг ганц хуульч нь гэсэн. Сүүлийн үед суваг гүйлгэх болгонд ямар нэг асуудлаар шүүхдэлцэж ялалт байгуулсан тухай ярьж байгаа харагддаг. Мэргэжилдээ бол сайн гэдгийг дээдсүүд гэлтгүй доодсууд бид мэднэ. Харин биднийг төлөөлж УИХ-д сууж чадах эсэхийг нь хэлж мэдэхгүй.
За тэгээд орон нутгаас нь өөрсдийнхөө нэрийг дэвшүүлж байгаа олон хүн байгаа гэнэ. Засаг М.Бадамсүрэн, Эмч М.Мөнхбаатар гээд цаашаа олон л хүний сураг байна. Гэхдээ манай аймгаас ердөө 2 хүн л биднийг төлөөлж УИХ-ын эрхэм гишүүн болно. Энэ удаа та бидний сонголт мэргэн л байгаасай.
Нийтлэлийг: Н.О
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих