Сайн байна уу Дэлгэрмаа, Юуны өмнө яг юу болоод таныг хүчиндүүлсэн эсэх тухай асуудал олны өмнө ил болчихов оо?
-
Сайн байна уу, Юуны өмнө танай уншигчдад бас энэ өдрийн мэнд хүргэе.
Асуудал байгаа нь үнэн, гэмт этгээд нь эхэлж олон нийтэд ил болгож,
намайг захиалгатайгаар гутаан доромжилж, гүтгэсэн байдал байсан учраас
би аргагүйн эрхэнд нэр төрөө хамгаалахаар дугарч эхэлсэн.
Ингэж олон нийтийн өмнө ил гаргаж ирэх шаардлага байсан юм болов уу? Та юу гэж бодож байна?- Би бодохдоо, хүчиндүүлсэн эмэгтэй буруутай байжээ гэсэн утгатай удаа дараагийн ийм гүтгэлэгийг хэвлэл мэдээллээр тарааж түгээх нь гэмт этгээдийн талд л ашигтай байхаар тооцсон зохион байгуулалттай хэрэг угаах ажиллагааны нэг хэсэг нь байсан юм болов уу л гэж харж байна. Хэрэг мушгих, бодит үнэнээс нь хазайлгах, хохирогчийн нэр төрд байж боломгүйгээр халдах, нэр, зураг хөргийг дэлгэн чичлэх, гүтгэх, энэ бүх олон нийтэд дэлгэсэн худал мэдээллийн ард ямар ч хууль бус юм хийх гэж байсан байж болно.
Үнэхээр та хүчиндүүлсэн юм уу? Яг хэзээ ийм зүйл болчихоо бэ?- Та өөрөө эмэгтэй хүн байна, та хүчиндүүлсэн бол яах байсан бэ? Би энэ асуултыг олон хүнээс асууж үзсэн. Арван эмэгтэйн ес нь нуух л байхдаа гэсэн. Эмэгтэй хүн чинь байгалиасаа ичимтгий. Тэгээд бүүр ийм асуудлыг зарлаад байх нь ичгэвтэр шүү дээ. Тиймээс би ч гэсэн хүмүүс намайг хүнд хүчиндүүлснийг мэдээсэй гэж хүсээгүй. Үгүй байсан ч болоосой гэж хүсэвч энэ бол үнэн. Хэдий цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байсан ч би чаддаг бол өөрөөсөө ч нуумаар үе зөндөө байсан. Хуулийн байгууллага намайг энэ хүчингийн хэргийн хохирогч мөн болохыг тогтоосон. Бусдыг ярих нь надад хүнд байна. Хэрэг 2013 оны аравдугаар сард болсон.
Хууль хяналтын байгууллагад хэзээ хандсан бэ?- Хэрэг болсон тухайн үед л шууд хандсан. Шүүх эмнэлэгийн шинжилгээ гээд л мөрдөн байцаалтын бүх ажиллагаанд хуулийн дагуу нэг ч удаа татгалзалгүй орсон.
Хүчиндүүлсэн гэмт хэргийг илрүүлэх боломж тэр бүр байдаггүй гэж сонсож байсан юм байна. Танд үнэхээр хүчинд автсан гэх баримт бий юу?- Илэрдэггүй хэрэг гэж байдаг юм бол Эрүүгийн хууль яах гэж байдаг юм бэ гэж асуумаар байна. Хэрэг илрүүлж чадахгүй юм бол хуулийн байгууллагын оршин тогтнох шаардлага нь юу болох вэ. Энэ хэрэг найман зуу гаруй хуудас материалтай, тэр дотор хангалттай материал маш их бий. Монгол улс чинь их энэрэнгүй улс юм байна. Гэхдээ хэнд гээч, хэрэгтэнд. Гэмт хэргийн яллагдагч юу ч гэж хэлж хэдэн ч удаа мэдүүлгээ өөрчлөх эрхтэй байдаг юм байна. Бүүр хуулиндаа тийм. Сонин байгаа биз. Тэр тоолонд хуулийнхан хүний эрхийг хангах үүднээс гээд ажиллагаа нэмээд л байдаг юмуу даа. Харин хохирогч болохоор үнэн л юм бол хүлээх ёстой, сэтгэлийн шаналалаа дааж давахын тулд айж ичиж зовж шаналах ялтай байдаг юм байна. Бүх гэмт хэргийн хохирогч нар нэн өрөвдэлтэй гэж л энэ юм байна.
Сошиалаар таныг өөрөө П.Энхмөнх дээр гүйж очсон, дуудсан гэх асуудал яригдаад байсан. Энэ ямар учиртай юм бэ? Та хоёр яаж танилцсан юм бэ?- Энэ бол цэвэр гүтгэлэг. Таны өөрөө гүйж очсон, дуудсан гэдгийг сонссон чинь яг Маамуу нааш ир дуу шиг л санагдлаа. Логикийн хувьд ч тэр, ёс зүйн хүрээнд ч тэр нэг нь дуудахаар гүйгээд ирдэг тийм асуудал бол хүүхдийн шахуу зүйл биз. Одооны хүүхдүүд ч танихгүй хүн дуудахад очихгүйгээ мэднэ. Ийм мэдээлэл тараасан сайтууд мэдээллийн эх үүсвэрээ хуулийн байгууллагад тайлагнах тийм л учиртай байх. Би тухайн мэдээллийг тараасан сайтуудыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтээ харъяа байгууллагад өгсөн байгаа. Миний зүгээс эрс үгүйсгэж байна. Фэйсбүүкээр танилцсан нь үнэн. Би биш тэр хүн надад уулзах санал тавьсан баримт нь бий. Харин би бизнесийн ажил ярих шугамаар анх удаа л уулзсан нь тэр хэрэг болсон өдөр. Ер нь бол энэ хэргээс олон нийт тэр тусмаа охид эмэгтэйчүүд өөрт хэрэгтэй сургамжийг аваасай гэж хүсч байна. Масктай араатнууд хаа сайгүй отож байдаг юм байна шүү, сошиал ертөнцөд хэзээ ч бүү найд гэж захъя.
П.Энхмөнхтэй таныг Д.Индра танилцуулсан юм биш үү ? П.Энхмөнх та хоёрыг амрагийн холбоо сүлбээтэй болсон гэж яригдаад байсан. Энэ ямар учиртай юм бэ?- Д.Индра бол яалтчгүй л миний найз байсан. Гэрчлэх хүн олон бий. Гэтэл одоо болохоор намайг танихгүй, мэдэхгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж яваа сурагтай байна лээ. Тийм хүн арай л би өөрөө Дэлгэрмааг Энхмөнхтэй танилцуулсан гэж яриагүй байлгүй дээ. Би энэ яриаг таниас л анх сонсож байна. Амрагийн байтугай холбоо сүлбээ юу ч байхгүй. Би хэрэг болохоос өмнө тэр хүнийг огт мэддэггүй байсан.
Үнэхээр танд хүчиндүүлсэн гэх баримт нь байгаа бол тоогүй юм болжээ. Эмэгтэй хүний ийм сэтгэлийн зовлонгоор шоу хийж, нийгэмд таны нэр хүндийг унагах гэсэн оролдлого яваад байна гэж ойлгож болох уу?- Надад саяхан нэг олон жил хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч нарыг өмгөөлж байсан хүн хувийн зөвлөгөө өгсөн юм. Чиний энэ хэргийн байдлыг ажиглахад нэр төртэй хүмүүсийн хэргээ нуун дарагдуулах, цаашлаад хээл хахууль ч байж болох хэрэг угаах шинжтэй процесс болж байна шүү гэж анхааруулж хэлсэн. Тэгээд араас нь хамгийн тэнэг албан тушаалтан ч хүчингийн хэрэгтний хахуульд автах магадлал бага ч хувийн ашиг сонирхолтой эрх мэдэлтний оролцоо байгаа үгүйг судалж сэрэмжтэй байгаарай л гэсэн. Би ч санал нэг байсан. Миний нэр хүндийг бол уландаа гишгэж байна шүү дээ. Соц үед сониноор ялаа, хүн хоёрыг алж болно гэдэг үг байсан. Харин энэ цаг үе өөр шүү, иргэд үнэнийг мэдэх эрхтэй байдаг юм, хэзээ нэгэн цагт үнэн дэлгэгддэг юм шүү л гэмээр байна.
Таны энэ зовлонг нийтэд ил болгох нь хэнд ямар ашигтай байсан юм бол?- Би энд зориуд нэг зүйлийг онцолмоор байна. 2013 оны 12р сард "Хохирогч гэх эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ" гэсэн утгатай мэдээлэл сайтуудаар цацагдсан бүх баримт надад бий. Мөн дараа нь mnews.mn зэрэг сайтаар "Г.Дэлгэрмаагийн Энхмөнхийг өөрөө өдөж байсан баримт дэлгэгдлээ, Дэлгэрмаа уучлалт гуйжээ" гэж бичсэн баримт бас бий. Энэ бүгд худал гүтгэлэг юм шүү дээ. Шар мэдээллийн сайтууд үнэн юм бичдэг юмуу гэж би гайхаж байсан. Уг нь бол хэвлэл мэдээлэл гэдэг зүйл л нийт ард түмний нийгмийн соёлыг төлөвшүүлж байдаг учиртай. Гэтэл эсрэгээрээ байж захиалгатай гүтгэлэг мэдээллээр нэг хүний нэр төрийг унагаж нийт иргэдийн оюун санаагаар даажигнаж байгаа байдлыг үнэхээр гайхаж байна. Энэ хэргийн талаар гарсан мэдээллүүдийн он цагийн дарааллыг гаргасан сайттай нь, нийтэлсэн мэдээлэлтэй нь би шүүх хурлын дараа нийтэд дэлгэнэ. Аль аль сайтууд захиалгат гүтгэлэг бичиж, эсвэл санаатайгаар гүтгэлэг бичиж сенсаци үүсгэж өөрсдийн сайтын хандалтыг нэмэгдүүлж, олон нийтийг төөрөгдүүлж гэмт үйлдлийг өөгшүүлдэгийг иргэдэд дэлгэнэ. Миний зовлонгоор даажигнах нэр төрд халдах, олон нийтэд ил болгох, гүтгэж доромжлох тэр бүх хууль бус, хүнлэг бус үйлдэл зөвхөн гэмт этгээдийн хэргээ нуун дарагдуулах ажиллагаанд л ашигтай байсан байх. Хүн ер нь үнэн мэдээллийг захиалгаар нийтлүүлдэггүй л байхгүй юу.
Тодруулбал?- Үнэн юм зүрхэнд хүрч мэдрэгддэг юм. Худал үгэнд ямар ч хүн итгэж болох нь мөн чанарыг нь мэдэж л байдаг байхгүй юу. Хэвлэл мэдээлэл гэдэг бол нийгмийн ирээдүйн тусгал. Та одоо боддоо, энэ нийгэмд сайныг бичдэг хэдэн сайт байна. Ихэнх нь шар мэдээ бичиж байна. Шар гэдгийг би түүхий л гэж хэлнэ. Түүхий мэдээ бол түүхий, худал, баримтгүй л байхгүй юу. Тэгвэл түүхий юм идэхэд гэдэс өвддөг шиг түүхий мэдээлэл түгээхэд тархи хямрах бишүү. Маш олон жил түүхий мэдээллээр иргэдийнхээ тархийг гашилгалаа. Одоо тэр байдлыг л арилгахгүй бол цаашдаа маш хүнд байнаа. Юун тэр эдийн засаг манатай, эрүүл сэтгэхүйтэй хүн үлдэх үү үгүй юу л болно шүү дээ.
Цаашдаа та яая гэж бодож байна. Хэдийгээр энэ бол 3,4 хүний хоорондын хэрүүл маргаан гэж зарим нэгэнд харагдаж байгаа ч таны сэтгэл хүнд байх шиг харагдаж байна л даа.- Бурхан хүнд даацных нь хэмжээгээр зовлон өгдөг гэдэг. Дааж ядаж байна даа. Одоо болоо байлгүй дээ. Гэхдээ зовох тусам хүний ухамсар гүн болдог сайн тал бас байнаа. Зовлонгийн утга учрыг мөн чанарыг ойлгоод ирэхээр аль болох хүмүүст ухаарал хайрлах үгийг л түгээхийг хүсдэг юм байна.
Уйлах хэрэггүй ээ. Үнэн мөнийг хууль хяналтын байгууллага тогтоочихно. Та харин хууль хяналтын байгууллага тогтоох хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй шүү л гэж би хэлмээр байна.- Баярлалаа, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу орчлонд дэргэд хууль л үнэн шудрага байгаасай гэж найдаж байна. Таван сар тэвчсэн, шаналсан хүнд тэвчээрийн дархлаа суучихдаг юм байна. Өмнө нь залуу л хүн болохоор омголон явсан үе зөндөө, харин одоо бол тэвчээрийн үнэ цэнийг илүү гүн ухаарсан.
Нэр хугархаар яс хугар гэж монголчууд бид ярьдаг. Хэзээ нэгэн цагт таны нэр төр сэргэх байх гэж би бодож байна?- Ясаа ч хугалах шаарлагагүй л дээ. Гэхдээ нэр төр гэдэг зүйл хүнд тийм л үнэ цэнэтэйг зүйрлүүлж байгаа нь тэр шүү дээ. Уйлах өдөр байхад инээх өдөр ч ирнэ байлгүй дээ. Миний нэр төр сэргэхэд Монголын нийт охид эмэгтэйчүүдийн үнэ цэнэ заавал сэргэнэ. Одоо энэ ганц миний асуудал биш хүчирхийлэлд өрсөн нийт эмэгтэйчүүдийн асуудал болсон.
Таныг тэнгэр бурхантай харьцдаг гэж байсан. Энэ үнэн үү?- Бурхантай хүн бүр харьдаг гэж боддог. Тэр хүмүүсийн бурханд хүрэх зам нь өөр өөр байх. Зөв байж, үнэн сүсэглэж чадвал бурхан тэр хүнийг сонсдог байх. Тэнгэр бурхандаа залбирдаг, сүсэглэдэг.
Хүн бүхэнд ямар нэг онцгой авъяас чадал байдаг гэдэг дээ. Таны энэ онцгой авъяас чадварыг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ мэт хувийн асуудалд танд хүмүүс жаахан хүндэтгэлтэй хандаасай. - Хүмүүс ер нь бүгд л бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах хэрэгтэй. Хүний талаарх үнэнийг тэр хүн өөрөө л мэдэж бусдад түгээж чадна. Бусдын хэн нэгнийх дүгнэх дүгнэлт бол зөвхөн тэр дүгнэж буй л хүнийх. Та миний зургаа дах мэдрэмжийн талаар ярьж байх шиг байна. Олон хүнд сонин байх шиг байгаа юм. Саяхнаас л сэргээсэн, улам хөгжүүлж, бусдын сайн сахны төлөө зориулна. Би одоохондоо төгс үзмэрч бишээ. Зургаа дах далд мэдрэхүй нь гайхалтай хөгжсөн зөндөө хүмүүс байдаг. Тэднийг сонсох хүмүүс ч байна, үгүйсгэх нь бүр олон байна. Гэхдээ хорвоо дээр зарим нэг нь илүү мэдрэмжтэй байж бусдадаа зөв замыг заах учиртай л байдаг гэж боддог.
Эцэст нь монгол түмэндээ, уншигчиддаа хандаж юу гэж хэлмээр байна ?- Би ямар аль нэг улс төрч, гэгээнтэн биш, ард түмэнд хандаж элдэв балай юм хэлэхээс ичиж байна. Гэхдээ өөрт тохиолдсон энэ нийгмийн гаж үзэгдлүүдийн бодит золиос болсон хүний үгээр хандаж хэлэхэд Хүн бүр зөв бай, зөв зүйлийн утга учрыг сайн таньж мэд л гэмээр байна.
Баярлалаа. Үнэн гэж байдаг бол хуулийн байгууллага үнэн, мөнийг олж тогтоох биз ээ.Тэгэж л найдаж байна. Баярлалаа.
Ж.Батхишиг
http://www.inet.mn/?vfile=30&vmet_id=67170&vmet_main=1058&vt=&vl=&vdate=&vofile=14&left=yes&vpage=
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих