Хэрвээ УИХ-ын ээлжит бус чуулганы ирц бүрдвэл маргаашийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах юм даг уу даа. Гэхдээ Цэц дотроо тийм шийдвэр гаргаагүй байхад, мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулж УИХ энэ оны нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаараа баталсан Цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Цэцийн дунд суудлын хуралдаан дээр хэд хэдэн зүйл заалтаар Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдчихоод байхад Цэцийн даргыг хөөчихөөр л өөрсдийнх нь алдаатай хууль Үндсэн хуульд нийцчих юм шиг авирлаж байгаа нь ямар харагдах бол.
Үнэн хэрэгтээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд намынхаа ҮЗХ-г ч хуралдуулж чадахгүй, ээлжит бус чуулганыхаа ирцийг ч МАН-гүйгээр бүрдүүлчихэж чадахгүй байгаад Үндсэн хуулийн Цэц ч, МАН ч буруугүй шүү дээ. Гэтэл тэрбээр бусад хуулийг хүч түрэн шийдвэрлэдэг шигээ намынхнаа, эвслийн бүлэг, бие даагчдын бүлэгтэй цуглуулчихаж чадсангүй. Нэг их мундаг "улс төрийн наймаачин” болох гээд Н.Энхбаярыг Шадар сайд болгох гэтэл Ч.Сайханбилэгийг зөвшөөрүүлж дөнгөсөн ч АТГ-т арай "азаргалж” чадсангүй. Ямархуу хүнтэй эвсэж, ямар намтартай, ямар хэргийг нь "хууль бусаар хаачихаад” байгаа луйварчинг Шадар сайд болгох шахав аа гэдэг нь УИХ-ын даргыг хэн болохыг нь харуулж байна.
Яг ийм үед Цэц Үндсэн хуулийг луйварчин улстөрчдөөс авардаг юм. Тиймээс түүхээ бүрэн уншаагүй, үл тоох болсон "Цэц” гэдэг үгийг сольж шууд утгаар нь Үндсэн хуулийн шүүх гэдэг хоёрдмол утгагүй нэрээр нь цаашид нэрших нь зүйтэй ч байж мэднэ. Энэ тохиолдолд Улсын Дээд шүүхийн зүгээс УИХ-д тал засах байдлаа өөрсдийн санал болгосон хүнийг "УИХ мэдэг” гээд түлхэх нь хамгийн инээдтэй, эмгэнэлтэй харагдлаа. Тэгвэл нэртэйгээр нь УИХ-ын сонгуулийн дараа үй олон маргаан, улс төрийн намуудыг бүртгэх зэрэг Улсын дээд шүүхийн эрх мэдлийн заримыг нь УИХ-д хадаг болгоод барьчих хэрэгтэй.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхдээ Цэцийн гишүүнийг ажлаас чөлөөлөх гэх зэрэг хэсэгт Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй. Харин Цэцийн гишүүний тэтгэврийн насны тухайд "Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзсэн боловч "Хуулийн энэ заалтыг 2016 оны нэгдүгээр сарын 19-нөөс өмнө Цэцийн гишүүнээр сонгогдсон хүмүүст эргэж хэрэглэхгүй болохыг дурьдсугай” гэсний тухайд УИХ-ын хатуухан хэлэхэд "өс хонзонгийн сэдэлтэй” гэмээр байдлаар өөрсдийнхөөс баталж томилсон гишүүдээ хөөх нь зохимжгүй гэдгийг сануулах гэснийх болов уу. Түүнээс өөрөөр Цэцийн гишүүдэд суудалдаа шигдээд байх оролдлого ч, шалтгаан ч харагдсангүй.
Энэ бүхнээс УИХ Үндсэн хуулийн шүүхтэй анх удаа айхавтар тэмцэлдлээ. Энэ нь УИХ-ын баталсан Үндсэн хуультай зөрчилдсөн "чанаргүй” хуулиас боллоо. ҮХЦ-ээс УИХ-ын баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон дүгнэлт гаргаад байвал Цэцээс "хөөдөг” юм байна. УИХ-аас баталсан хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр мэтгэлцэхдээ протоколоо дэлгэж ямар ч нууцлалгүйгээр задалж байх ёстой юм байна гэдгийг л харлаа. Харин маргааш УИХ хүч түрэн Үндсэн хуулийн шүүхийн даргыг Цэцийн хурлын шийдвэргүйгээр "хөөх”-ийг харах бололтой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих