Хол газар явж юм үзэж нүд тайлаагүй, эрдэм мэдлэг муутай хүмүүс УИХ-д нэлээд суудаг бололтой. Үүний нэг жишээ өнгөрсөн долоо хоногт болжээ.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцонд "од” болж, онигоонд оржээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус онгоц өглөөний 08.01 цагт Улаанбаатараас хөөрөх байж. Гэтэл дээрх нэр бүхий албан тушаалтнууд Улсаас өгсөн томилолтын зардлаар энгийн суудалд суух онгоцны тасалбар бичүүлсэн байжээ.
Онгоц нисэх болоход Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нар онгоцны үйлчлэгч, нисгэгч нар дээр очиж "Бид энгийн суудалд суухгүй. Энэ тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна” хэмээн зүтгэжээ.
Онгоцны үйлчлэгч нухацтай нь аргагүй тэдний авсан тасалбарын талаар тэдэнд тайлбарласан боловч "Чи биднийг хэн гэж бодоов. Бид УИХ-ын гишүүд. Танихгүй байна уу. Энгийн хүмүүс шиг энд суухгүй, заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн бухимдаж, бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, бөөн хэл ам гаргасан байна.
Тэдний энэхүү маргааны улмаас нислэг 25 минут саатжээ. Эцэст нь үйлчлэгч бүсгүй тэдгээр гишүүдийг МИАТ-ийн хэн нэгэн удирдах албан тушаалтантай холбож, өгсөн байна.
МИАТ-ийн удирдлагын газраас хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул гэх үүргийг онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгчээ.
Учир нь онгоцны нислэг цуцлагдсан үед минут, секунтээр мөнгө "урсаж” байдаг гэнэ. Үүнийг Төрийн нэр барьсан гишүүд огт сонсож байгаагүй, ойлгохгүй мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
МИАТ-ийн удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхээр үйлчлэгч тэдгээр зорчигчдын ачаа тээшний дугаарыг тэмдэглэж авах мөчид "хаан” мэт авирлаж байсан Шадар сайд, гишүүдийн хулхи нь бууж, суудалдаа суужээ.
Нислэгийн явцад "МИАТ-ийн өндөр албан тушаалтнуудыг солихгүй бол болохгүй нь” гэсэн өгүүлбэрийг амнаасаа унагаж байсныг эх сурвалж өгүүлсэн юм.
Б.Дэжид
gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих