Норвегийн Лиллехаммер хотноо болж буй залуучуудын өвлийн хоёрдугаар олимпоос манай тамирчин Буянтогтохын Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог баг болон оролцож багаараа алтан медалийн болзол хангасан бахдам амжилтыг гаргасан билээ.
Ингэснээр манай улс өвлийн олимпийн наадмын аваргатай боллоо. Тэгвэл Лиллехаммерын Олимпийн наадамд түрүүлсэн Зэвсэгт хүчний "Алдар” спорт хорооны тамирчин Б.Сумъяа болон дасгалжуулагч багш Д.Энхбаяртай нартай утсаар холбогдож, ярилцсан юм.
-Юуны өмнө Олимпийн аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Олимпийн аварга болсондоо үнэхээр их баяртай байна. Сэтгэл хөдлөөд, үгээр илэрхийлэхийн аргагүй л баярлаж байна даа.
-Багийн холимог төрөлд бусад орны тамирчидтай хамтарч ороод, алтан медаль хүртсэн гэсэн. Ямар зайд, хэрхэн уралддаг төрөл юм бол?
-Багийн холимог төрөл энэ жилээс нэмэгдсэн. Энэ төрөлд Итали, Солонгос, Хятадын тамирчидтай нэг баг болж уралдаад, түрүүлсэн юм. Багийг олимп зохион байгуулагчдын зүгээс тамирчдын амжилтаар нь тохируулж, бүрдүүлдэг юм билээ. Нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин багтсан.
Эмэгтэй тамирчдыг 500 метрийн амжилтаар нь тохируулж, багт багтаасан. Харин эрэгтэй тамирчдыг 1500 метрийн амжилтаар нь үнэлж, багуудыг тохируулсан. Нэг баг нийтдээ дөрвөн тойрог уралдана. Эхний хүн эхний тойргийнхоо салхийг авна. Харин хоёр дахь хүн нь хоёр дахь тойргийнхоо салхийг аваад, дөрвөн тойрог уралддаг юм. Дөрвүүлээ ээлжлээд л салхи авч уралдана гэсэн үг. Нэг тойрог нь 400 метр, нийтдээ 1200 метр л уралдаад байгаа юм.
-Өөрөө зургадугаар багт багтсан байсан. Мөн Д.Энхбаяр багш тань танай багийн дасгалжуулагчаар ажилласан гэсэн байх аа?
-Тамирчдыг амжилтаар нь тохируулаад, нэг баг болгоход би Хятад, Солонгос, Италийн тамирчидтай зургадугаар багт орж таарсан. Гэтэл дасгалжуулагч нарыг сугалахад багш маань манай багийг удирдахаар таарсан юм. Багш маань манай багийг дасгалжуулахаар болсон болохоор илүү давуу талтай байсан. Сэтгэлзүйн хувьд ч давуу тал болж байлаа. Тэгээд би эхний тойргийнхоо салхийг хагалж уралдана гээд тохирчихсон байсан.
-Эхний тойргийн салхийг хагалсан нь дээр байдаг юм уу. Эсвэл төгсгөл хийсэн нь дээр үү. Багштайгаа зөвлөлдөж байгаад л гарааны салхийг нь хагалсан уу?
-Хувь тамирчны онцлогоос л шалтгаална. Ямар зайд яаж уралддаг вэ гэдгийг нь харна, тохируулна. Сүүлийн зайг Солонгосын эрэгтэй тамирчин авсан. Ойрын зайд нэлээд сайн гэж багш нь хэлсэн учраас бариа хийсэн.
-Танай багийн хувьд зайгаа хэчнээн минутад туулж, түрүүлэв?
-Дөрвөн тамирчны уралдсан нийлбэр дүнгээр нэг минут 57 секундын амжилтаар түрүүлсэн. Бусад багаасаа нэг секундээр түрүүлж, алтан медаль авсан.
-Хэдийгээр залуучуудын олимп ч гэсэн өвлийн спортын наадмын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилтыг үзүүллээ. Олимпийн аварга болчихоод медалиа гардаж авч байх үед юу бодогдож байв?
-"Би олимпийн аварга болчихлоо гэж үү” гэж өөрөөсөө асууж, их баярлаж байлаа.
-Олимпийн өмнө бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Олимпийн наадамд орохын тулд эрхээ авах ёстой. 28 тамирчин шалгаруулж авдаг. Эрхээ авахын тулд залуучуудын дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцох ёстой. Тэр тэмцээнүүдэд амжилттай оролцсон шилдэг 28 тамирчныг шигшин авч, Олимпийн наадамд оруулдаг. Дэлхийн цомд явахын өмнө Солонгост 10 хоног бэлтгэл хийсэн. Харин дэлхийн цомд явж ирээд, он гараад 21 хоног Хятадад цугларалтад гараад ирсэн. Монголдоо бол бараг л бэлтгэл хийгээгүй дээ. Мөс байхгүй. Уг нь Хандгайтад мөс байгаа хэдий ч бэлтгэл хийхэд тохиромжгүй, чанартай биш болохоор хэцүү.
-Норвегид очиж, уралдах мөсөн талбайдаа дасах бэлтгэл хийсэн биз дээ?
-Тэмцээн болохоос гурав хоногийн өмнө Норвегид ирж, уралдах талбайдаа дасах бэлтгэлээ хийж байгаад тэмцээндээ орсон.
-Багийн төрөлдөө бол алтан медаль авсан. Харин хувийн төрөлдөө ямар амжилт үзүүлэв?
-500 метрийн зайд уралдсан. Энэ зайд хоёр удаа гүйсэн. Хоёр гүйлтийн нийлбэр оноогоор насанд хүрэгчдийн Монгол Улсын дээд амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоосон.
-Багаасаа л тэшүүрийн спортод дуртай хүүхэд байсан гэсэн. Энэ спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?
-2008 оноос авахуулаад энэ спортоор хичээллэж байгаа. Одоо найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна. Намайг бага байхад аав, ээж хоёр маань дугуйланд их явуулдаг байлаа. Тэр үед хөгжмийн дугуйланд явдаг байсан юм. Тэр нь төлбөртэй. Би нэг сар явчихаад, хоёр дахь сарынхаа төлбөрийг өөрөө аваачиж өгөхөөр авч явсан ч өгөөгүй. Тэр мөнгөөрөө мөсөн гулгуурын талбайд гулгачихсан. Түүнээс хойш хөгжмийн дугуйлангаа орхиод, тэшүүрийн спортын тамирчин болсон доо. Надад их гоё санагдаж байсан болохоор тэшүүрийн спорт руу орсон юм.
-Анхны багшийнхаа талаар яриач?
-Олон улсын хэмжээний мастер С.Мандах, Д.Нацагдорж гэж хоёр дасгалжуулагч надад тэшүүрийн спортын А үсгийг зааж өгсөн анхны багш нар минь. Дарханд байхдаа би энэ хоёр багшийн шавь байлаа. Анх найман настай байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, мөнгөн медаль хүртэж байсан. Харин 2010 оноос хотод орж ирж, н.Цэнд багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн.
-Дасгалжуулагч Д.Энхбаяр багшийн удирдлага дор Олимпийн аварга боллоо. Одоогийн дасгалжуулагчтайгаа хэдэн жил хамтарч байна вэ?
-2013 оноос хойш Олимпийн наадамд оролцох зорилготойгоор бэлтгэл хийж эхэлсэн. Энэ хугацаанд Олон улсын хэмжээний мастер боллоо. Хувийн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон. Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо. Одоо Олимпийн наадамд түрүүлчихээд байж байна. Ер нь Д.Энхбаяр багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлснээс хойш өндөр амжилт үзүүлж байгаа. Ур чадвар маань ч сайжирсан.
-Насанд хүрэгчдийн өвлийн олимп хоёр жилийн дараа болно. Тэр үед насанд хүрэгчдийн олимпийн наадамд оролцох боломжтой болчихно шүү дээ. Дараагийн хамгийн гол зорилго тийшээ чиглэж байгаа байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Насанд хүрэгчдийн өвлийн олимпийн наадамд амжилттай оролцохын төлөө л зүтгэнэ, бэлтгэл сургуулилтаа хийнэ. Насанд хүрэгчдийн Олимпийн наадамд оролцохын тулд дэлхийн цомын эрхийг авах ёстой. Тэгээд дэлхийн цомд оролцож байж эрхээ авна. Залуучуудын олимпийн наадмын эрх авдагтай л адилхан. Гэхдээ Олимпийн эрхийн оноогоо авсан ч гэсэн шилдэг 28 юм уу, 40 тамирчинд багтаж орох хэрэгтэй болдог. Ямар ч байсан энэ бүх амжилтыг үзүүлж, Олимпийн наадамд оролцох эрхээ авахын төлөө л зүтгэнэ дээ.
-Манай төр засгийнхан өвлийн спортын төрлүүдийг бага анхаараад байх шиг санагддаг. Олон улсын тэмцээнд оролцох зардал мөнгийг чинь хаанаас гардаг юм бэ. Ивээн тэтгэдэг байгууллага бий юу?
-Улсаас, холбооноос ихэнхдээ дэмжиж, тусалдаг. Зарим үед өөрөө зардлаа гаргах ч тохиолдол бий. Дэлхийн цомд явах зардлыг Олимпийн хорооноос гаргаж өгсөн. Дэлхийн цомын өмнөх бэлтгэлээ Солонгос руу явж хийхэд Тэшүүрийн холбооноос зардал гаргаж өгсөн. Хятад руу явж бэлтгэл хийхэд Спорт хөгжлийн төвөөс санхүүжилтийг нь гаргасан. Энэ мэтээр л зардал мөнгөө шийдээд явдаг. Түүнээс биш ивээн тэтгэдэг, тусалдаг компани гэж байхгүй.
-Өмсч уралдаж байгаа тэшүүр чинь сайн чанарынх байх ёстой болов уу. Хувцас, хэрэглэлээ өөр авдаг уу. Эсвэл Тэшүүрийн холбооноос бэлтгэж өгч байна уу?
-Тамирчдын ихэнх нь л хувцас, хэрэглэлээ өөрөө хувиараа авдаг. Миний хувьд тэшүүрийнхээ гутлыг хувиараа хийлгэсэн. Харин тэшүүрийн ирийг нь Тэшүүрийн холбооноос намайг олимпийн наадамд оролцох гэж байгаа гээд бэлэглэсэн. Энэ маягаар л хувцас, хэрэглэлээ бэлтгэж явна даа.
-Залуучуудын олимпийн наадмын аварга болж, алтан медаль хүртлээ. Нэлээд урам зориг орж байгаа байх. Цаашид ямар зорилго өөртөө тавьж байна?
-Насанд хүрэгчдийн олимпийн наадамд оролцох, медаль авах л миний хамгийн том зорилго.
Н.Пунцагболд
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14988
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих