Хэдэн жилийн өмнө ажлаар Дундговь аймаг орох гэж машинд долоо, найман цаг сэгсчүүлж билээ. Уг нь 300 хүрэхгүй км газар шүү дээ. Ийм зовлон амсаж үзээгүй хүн Монголд бараг үгүй. Гэхдээ бидний тав тухыг алдуулсан энэ байдал арилж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох мөч ойртсоор байна.
ТҮҮХЭНД БАЙХГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
УИХ 2010 онд 36 дугаар тогтоолоороо шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр баталсан байдаг. Энэ хөтөлбөрийн нэг гол хэсэг нь аймгуудыг хатуу хучилттай замаар холбох төсөл юм. Дээрх ажлын хүрээнд 5572 км авто зам, 990 км хурдны зам шинээр тавьж, нийслэлийн 200 гаруй км замыг сайжруулах ажил хийгдэх байв. Харин 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох зорилго дэвшүүлсэн билээ. Тухайн үед Чингис, Самурай бондын хөрөнгө орж ирснээр энэ ажил улам эрчимжсэн юм
Улмаар 2013 онд хөрөнгө оруулалт оргилдоо хүрч, бараг нэг их наяд төгрөгөөр (947 тэрбум) 1824 км зам тавьжээ. Энэ бол Монголын авто замын түүхэнд урьд өмнө байгаагүй томоохон бүтээн байгуулалт байв. Үүний үр дүнд өнгөрсөн гурван жилд Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар аймаг руу засмал зам тавигдав. Одоо Дорнод болон баруун таван аймаг л үлдэж байна. Уг нь Завхан руу зам тавиад дуусчихсан. Гэхдээ улсын комисс хүлээж аваагүй байгаа юм. Бусад аймгийн тухайд энэ жил бэлтгэл ажлаа базааж, 2017 оны сүүл гэхэд бүрэн ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй.
"Өнгөрсөн жил Дорнодыг холбохоор төлөвлөж байсан ч санхүүжилтийн асуудал тулгарсан. Энэ жил үлдсэн 143 км замыг барьж дуусгана. Одоогоор санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар яамдуудаас санал авч байгаа.
Зам дагасан их хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь гадагш урссаар байна
Бусад аймгийн тухайд бэлтгэл ажил хийгдээд явж байна. Тухайлбал, Баянхонгороос Говь-Алтай чиглэлд 129.4 км зам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлнэ. Мөн Говь-Алтайгаас Ховд чиглэлд 250 орчим км замыг концессийн гэрээгээр барихаар төлөвлөж байна. Увсаас нааш Тосонцэнгэл хүртэлх 167 км замыг мөн концессийн гэрээгээр барина. Нийтдээ таван чиглэлийн 530-аад км замыг концессийн гэрээгээр барихаар болсон. 2017 онд багтаад аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг дуусгах төлөвлөгөөтэй” хэмээн Зам, тээврийн яамны Авто зам, замын байгууламж, засвар ашиглалтын албаны дарга Д.Загдраднаа ярив.
ЗАМЫН БУЯН ИХ
Зам дагаад хөгжил гэж ярьдаг. Аймгуудыг зорих зам дардан болсноор тээврийн хэрэгслийн элэгдэл, шатахууны зардал буурна. Иргэд цаг заваа хэмнэнэ. Хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн их урсгал татарч, орон нутгийн иргэдийн амьжиргаа дээшилнэ гээд олон давуу талтай. Авто зам тухайн орон нутагт ямар нөлөө үзүүлж байгаа талаар Хөвсгөл аймгаар жишээ татъя. Тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар "Манай аймаг нийслэлтэй засмал замаар холбогдсоноор гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Энэ нь эргээд бусад салбартаа эергээр нөлөөлж байна. 2013 оноос өмнө нэг жилд хамгийн ихдээ 40 гаруй мянган жуулчин ирдэг байв. Харин дундаж нь 20 гаруй мянга. Тэгвэл зөвхөн 2015 онд 71 мянган жуулчин ирлээ. Зорчин явахад тухтай болж, тээвэрлэлтийн зардал буурсан нь үүнд нөлөөлсөн. Том агуулгаараа бол нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой” хэмээн ярьсан юм.
Ирэх жил бусад аймаг засмал замтай болчихвол хөгжилд нь том түлхэц болох нь гарцаагүй. Энэ жилийн хувьд авто замын салбарт 19 төслийн хүрээнд 96 тэрбум төгрөгийн ажил хийгдэх юм байна. Үүний хүрээнд 1014 км зам, 912 метр гүүрийн ажил хийгдэнэ. Шинээр 243 км замын ажил эхлэх аж.
ГАДАГШ ЧИГЛЭСЭН ИХ УРСГАЛ
Улсын төсөв, гадаадын зээл тусламж, бонд гэсэн төрөл бүрийн эх үүсвэрээс замын салбарт чамгүй хэмжээний мөнгө эргэлдэх болсон талаар дээр өгүүлсэн. Зөвхөн сүүлийн зургаан жилийн дүнг авч үзвэл 2.5 их наяд төгрөг энэ салбарт хөрөнгө оруулалт болон оржээ. Үүний үр дүнд дотоодын компаниуд хөл дээрээ бат зогсч, техник, хүний нөөцийн хувьд сайжирч чадсан сайн талтай. Гэхдээ нөгөө талаар зам дагасан их хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь гадагш урсаж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй.
Манай дотоодын компаниуд асфальтан замын гол түүхий эд болох битумыг хойд хөршөөс оруулж ирдэг. Энэ нь багагүй үнэтэй. Тухайн тавьж буй замаасаа шалтгаалаад нийт зардлын 30-40 хувийг зөвхөн битум эзэлдэг аж. Эндээс харахад нөгөө 2.5 их наяд төгрөгийн нэг их наяд шахуу нь Оросын битумын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр очжээ. Уг нь энэ их мөнгө дотооддоо үлдэх боломж байсан уу гэвэл, тийм.
- 2017 онд багтаад аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг дуусгах төлөвлөгөөтэй.
- Тухайн тавьж буй замаасаа шалтгаалаад нийт зардлын 30-40 хувийг зөвхөн битум эзэлдэг.
- Энгийн асфальтан заманд 1-3 жилийн баталгаа өгдөг бол бетонон замынх 30-50 жил гэж яригдана.
Хөрөнгө мөнгөтэй, хөгжингүй орнууд хурдны замаа бетоноор тавьдаг болоод олон жилийн нүүр үзэж байна. Ялангуяа Америкт бол ийм зам хаа сайгүй. Бетонон зам тавихад хугацаа их орж, зардал өндөр гардаг нь үнэн. Гэхдээ чанарын хувьд асфальттай харьцуулалтгүй. Ийм зам дунджаар 35 жилийн баталгаатай. Өнгөрсөн жил Сонсголонд баригдсан бетонон заманд л гэхэд 50 жилийн баталгаа өгсөн.
Нөгөө талаар Монголд цементийн томоохон үйлдвэрүүд баригдаад байна. Тэд бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, бүр гадагшаа экспортлох ч боломжтой. Цементээ дотоодоосоо хангах боломж бүрдсэн энэ сайхан үеийг алдалгүй ашиглаж, замаа чанартай технологиор барьдаг болчихвол бид замын асуудалд толгой өвдөхөөргүй болно.
Замын компаниуд өнгөрсөн жил нэг км замыг ойролцоогоор 600 сая төгрөгөөр барьж байжээ. Харин энэ жилийн хувьд түүхий эд болоод валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан 700-800 сая төгрөг байх төлөвтэй. Харин орон нутгийн замыг бетоноор барихад хэдий хэр зардал гарах талаар нарийн тооцоо алга. "Мэдээж тухайн замын өргөн нарийн, далангийн зузаан, газар орны нөхцөл байдал гээд олон зүйлээс шалтгаалж үнэ тогтоно. Ямар ч байсан энгийн замаас хоёр дахин их зардал гарах байх” хэмээн замын нэгэн компанийн инженер хэлсэн юм.
Хөдөө, орон нутагт тавьсан зам хэдхэн жил болоод эвдэрч, засвар, арчилгаанд багагүй мөнгө зарцуулдгийг бид мэднэ. Уг нь анх барихдаа л үнэтэй ч чанартайг нь сонгочихвол дахин дахин мөнгө зарлагадаад байхгүй. Мөн гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх боломж бүрдэнэ.
Баруун таван аймгийг нийслэлтэй холбох ажил нэгэнт эхэлчихсэн болохоор дундуур нь өөрчлөх аргагүй. Гэхдээ замын ажил зөвхөн үүгээр дуусахгүй нь тодорхой. Дархан, Эрдэнэтийн зам л гэхэд их засварт орох цаг нь болсон. Салбарын яамны зүгээс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж байгаа юм билээ. Хойшид үргэлжлэх энэ мэт ажилд бетонон замын технологи ашиглавал хэн хэндээ хэрэгтэй. Энгийн асфальтан заманд 1-3 жилийн баталгаа өгдөг бол бетонон замынх 30-50 жил гэж яригдана. Өнөөдөр хоёр дахин их мөнгө зарцуулж байгаа боловч ирээдүйд үүнээс 10 дахин илүүг хэмнэх тооцоог эндээс харж болно.
Г.Баярсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих