Шадар сайдын томилгооны асуудлаар чуулганы ирцийг боймолж байсан МАХН-ынхан эцэстээ зорилгоо биелүүлж чадсангүй. Нэгэнт АТГ-аас Н.Энхбаярыг төрийн ажилд 2017 оны наймдугаар сар хүртэл оролцох эрхгүй болохыг нь тодотгосон. Ингэснээр Н.Энхбаяр Шадар сайд болох нь байтугай сонгуульд ч нэр дэвших боломжгүй нь тодорхой болов. Ялтай хугацаа нь дуустал засгийн газрын гишүүнээр шургалах асуудлыг саналтгүй болж, төрөөс жийгдэв.
Ингэснээр Н.Энхбаярын үгээр ордны ажлаа хийж байсан МАХН-ынханд ирэх үр өгөөж нь баахан бүрхэг болж буйг онцлууштай. Гишүүд нь ч энэ талаар ухаарч сэхээрч гаргалгаа хийж эхлэв үү гэмээр үйл явдал өнгөрсөн Баасан гарагт болов. Тодруулбал, чуулганы ирц 38 хүрч, нам зогсчихооод байхад МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва танхимд ирснээр ирц бүрдэв. Д.Тэрбишдагва гишүүний энэ үйлдэл АН-ынхан хувьд мэдээж алга ташин хүлээж авах сайхан явдал байсан нь тодорхой.
МАХН-ын гол нөлөө бүхий хүмүүсийн нэг Д.Тэрбишдагава намын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Н.Энхбаярт хүргүүлээд нэлээд удлаа. Н.Энхбаярын зүгээс энэ асуудалд болгоомжтой хандаж, хэд хэдэн удаа Д.Тэрбишдагватай уулзахаар дуудуулсан боловч цаадах нь очоогүй гэх. Тэрээр намын дэд даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтдээ "Нам хоёр дэд даргатай байх шаардлагагүй. Цаашид намынхаа үйл ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллана" гэсэн бөөрөнхий үгээр үндэслэлээ тайлбарласан.
Гэсэн хэдий ч Д.Тэрбишдагва гишүүн "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга болохоос татгалзаж, намынхаа нөхдөөс зайгаа авч байгаа гэх хардлага улам бүр батлагдсаар байгаа юм. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би МАХН-ын төлөө хангалттай зүтгэсэн, одоо болсон" хэмээн онцолсон нь зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. Ер нь МАХН-аас зайгаа авахад бэлэн байгаагаа илчилсэн хэрэг.
Харин нөгөө талд Д.Тэрбишдагва мэтийн тойргоос гарч ирэх боломжтой "том" гишүүдээ алдах нь МАХН-д асар их гарз болно. Нэг нэр хүндтэй гишүүн сугарахад нь л МАХН парламентад бүлэг бүрдүүлэх боломжоо алдах нигуртай.
Тиймээс ч Д.Тэрбишдагвын ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлсэн үйлдэл АН-д баяр, МАХН-д айдас дагуулав. Харин МАН бол хөршийнхөө дотоод үйл явцыг чимээгүй, тайван замаар тандаж байгаа.
Мэдээж Н.Энхбаяртай таарамж муутай байгаа Д.Тэрбишдагва намаасаа гарлаа гэхэд МАН-даа эгэж орно. Тэгэхээр МАН тодорхой байр суурь илэрхийлэлгүй харж байгаад, гараад ирвэл тосоод авчихна. Нэгэнт тодорхой хугацаанд улстөрд орох боломжгүй хүний үгээр ордны ажлаа хийх нь ямар үр дагавар авчирч болохыг МАХН-ынхан эхнээсээ тунгаагаад эхэлчихсэн. Намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд эргэлзэх янзтай адарч явсан Д.Тэрбишдагва гишүүнд АТГ-ын Н.Энхбаярын талаар гаргасан бичиг шийдвэрээ нэг мөр гаргахад түлхэц болсон гэх өнцөг ч байна. Тодруулж хэлбэл, Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаяртай дөрөө нийлж, сонгуульд оролцох тал дээр найдах шалтгаан үлдсэнгүй.
Цаашлаад Л.Цог, О.Баасанхүү гээд Н.Энхбаярын үгэнд дургүй нөхдүүд МАХН-аас парламентад сууж байна. Тэд үлдсэн хэдхэн сарын хугацаанд өөрт аюулгүй, сонгуульд сөрөг нөлөөгүй үйлдлийг чухалчлах нь ч тодорхой. Тэгэхээр Н.Энхбаярын бүх асуудалд оролцдог, чиглэл өгдөг орон зай баахан бүдгэрч, МАХН-ын гишүүд өөрсдийн хүчинд найдах цаг нь болсон мэт харагдаж буй юм.
Ж.Мядагбадам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих