Монголын цагдаагийн түүхэнд "25 мянгатын хэрэг” гэж алдаршсан нэгэн хэрэг бий. 1957 онд Төмрийн заводын ажилчдын цалинг тээвэрлэж явсан хоёр хүний амийг хөнөөж, 25 мянган төгрөгийг авч одсон аймшигт хэрэг тухайн үед нийгмийг цочроожээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. 25 жилийн дараа хоёр хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэнг илрүүлсэн гавьяатан бол Эрүүгийн цагдаагийн "загалмайлсан эцэг” гэж нэрлэгдсэн хурандаа Ц.Жамъянсэнгээ юм. "25 мянгатын хэрэг”-ээс гадна "Мааньтын оргодлууд”, "Ганбатын хэрэг” зэрэг 70, 80, 90-ээд оны эрүүгийн ертөнцөд шуугиан тарьсан онц ноцтой хэргийг мэргэжлийн өндөр ур чадвараар илрүүлж байсныг түүхийн хуудаснаа тэмдэглэжээ. Тэгвэл хүндэт чекистийн халааг түүний хүү нэр төртэйгээр үргэлжлүүлж явааг энэ удаа бид онцолж байна.
2007-2008 онд шилжих сүүлийн өдөр архинд хордож 14 хүн нас барсан "Азийн чоно”-ийн хэргийг одоо ч хүмүүс мартаагүй. 2008 оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Бургастайн боомтоор 42 автомашин хуш модны самрыг хууль бусаар гаргасан хэрэг зэрэг хил гааль, хуурамч мөнгөн дэвсгэрт болон эдийн засгийн ноцтой хэргүүдийг баг, хамт олонтойгоо хамтран чадварлаг илрүүлэн ажиллаж байсан нэгэн эрхэм бол цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболд юм.
Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд дүүргэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст жилийн дараагаас томилогдон очжээ.
Ард түмнийхээ амгалан тайван байдалд хором анхаарч байдаг цагдаагийн албаны ажил бахдам сайхан. Тэр дотроо жинхэнэ мөрдөгчид болон боловсорч байдаг эрүү, мөрдөнгийн алба нэр төртэй хийгээд өндөр хариуцлагатай. Ялангуяа эрүүгийн цагдаагийн ажил бол нууц, далд аргаар үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлж байдгаараа онцлог. Улс орны эдийн засагт ноцтой хор хохирол учруулж, албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг хувьдаа завших эрх мэдэлтнүүдийн булхайг илрүүлэх амаргүй ажилд хурандаа Ж.Эрдэнэболд 15 гаруй жилийн хугацааг зориулжээ.
"Police Chief”-ИЙН БАЙНГЫН ЗАХИАЛАГЧ
Ж.Эрдэнэболд төлөөлөгч байхдаа Австралийг зорьж хэлний курст суралцаж байснаа дурссан. Ц.Жамъянсэнгээ хурандаа хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг байсны илрэл тэр биз ээ. Цагдаа зөвхөн хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эргүүлд гарах л үүрэгтэй гэсэн үг биш. Тэд ч бас бусдаас илүү сурч боловсрох ёстойг тэр үед өвгөн хурандаа олж харсан хэрэг. Тэрхүү сургалт, хичээл зүтгэл ирээдүйн замналд олон сайхан хаалгыг нээж өгснийг Ж.Эрдэнэболд онцолсон юм. Тэрээр АНУ-ын Режисийн Их сургуульд суралцаж "Compstat гэмт хэрэгтэй тэмцэх систем, түүнийг Монгол Улсын Цагдаагийн байгууллагад хэрэгжүүлэх боломжууд” сэдвээр криминологийн шинжлэх ухааны магистрийн зэргийг 2013 онд амжилттай хамгаалжээ. Түүний дараа Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар нэг жилийн хугацаанд ажилласан байна.
Түүний ширээн дээр одоо ч "Police Chief” хэмээх олон улсын цагдаагийн сэтгүүл өрөөстэй байгаа нь анхаарал татсан. Гадаадын хөгжилтэй улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн талаарх мэдээллээс хоцрохгүй гэсэндээ тэр байх. Басхүү цагдаагийн байгууллага дундаа гадаад хэлтэй, өндөр боловсролтой залуу дарга нарын нэг гэдгийг бусад алба хаагчид нь дуу нэгтэйгээр хэлнэ лээ.
Одоо тэрээр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын албатай. Дүүрэг гэдэг багахан газар нутаг хүн амын нягтаршил ихтэйгээрээ орон нутгаас ялгаатай. Тус хэлтсийн харъяалсан нутагт 130 мянга гаруй хүн ам оршин суудаг, Гандантэгчинлэн хийд, III IV хороолол, Барс зах зэрэг иргэд төвлөрсөн томоохон төв, газруудтай. Тэдгээр газарт гэмт хэргийн гаралт ч өндөр юм билээ. Ийм газарт хамт олон удирдаж, Баянголчуудын тайван байдлыг сахиулж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч буй аж.
Ж.Эрдэнэболд хурандаа тус дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтад сүүлийн гурван жилээр криминологи судалгааг анх удаа хийжээ. Энэ бол дүүргийн хэмжээнд хийгдсэн шинэ төрлийн, үр дүнтэй ажил. Хулгай, танхай, согтуугаар болон гудамж талбайд үйлдсэн хэргийн гаралт тодорхой баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр өсдөгийг уг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс энэ чиглэлд хүчээ дайчилж гэмт хэрэг гарсны дараа биш урьдчилж харж, гаргахгүй байх арга хэмжээ авч, байнгын эргүүл хамгаалалт, камерын системийг сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурсныг Ж.Эрдэнэболд дарга дуулгасан. Тэдний багийн хамт олон энэ үйл ажиллагаагаараа 2015 оны нийслэлийн цагдаагийн хэлтсүүдээ тэргүүлж "Шилдэг цагдаагийн хэлтэс”-ээр шалгарчээ.
"ЯМАР Ч ЦАГДАА ХЭРГИЙН ГАЗАРТ ОЧООД БИЕ ДААН АЖИЛЛАЖ, ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРТАЙ БОЛООСОЙ”
Тэрээр аавынхаа адил цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахын төлөө сэтгэлээ чилээж яваа нэгэн. Нэгэнт сонины зай талбай бага учир түүний энэ албандаа хийж хэрэгжүүлэхийг, өөрчлөхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсанаа дор сийрүүллээ.
-Цагдаагийн албан хаагчид цаг наргүй ажилладаг. Тэдний нийгмийн асуудал тун чухал. Энэ тал дээр та хэрхэн анхаарч байна вэ?
-Албан хаагчдынхаа ачааллыг багасгах, нийгмийн асуудлыг нь анхаарч, цаг завыг зөв боловсон өнгөрөөх нөхцөл боломжоор хангахыг хичээдэг. Улсын төсөв хүнд байгаа энэ үед цалиг нь нэмэх боломжгүй. Өнгөрсөн онд бид байгууллагынхаа зоорийн хэсгийн том заалыг янзалж фитнесс заал болгосон. Албан хаагчид ажлаа тараад 2-3 цаг гүйгээд хөлсөө гаргаад харихад болж байгаа юм. Өнөө цагт цагдаагийн албан хаагчдыг урам өгөх асуудал их чухал. Миний баримталдаг зарчим бол манай хэв журам, эргүүлийн цагдаа албан үүргээ гүйцэтгэж яваад хэрэг илрүүлэхэд шууд шагнадаг.
Өглөө рапортод мэдээллийг аваад цалингийн хувиар шагнах тушаал гаргадаг. Бага ч гэсэн тэдэнд тодорхой хэмжээний урамшуулал болдог болов уу. Надад ямар л боломж байна түүгээрээ цагдаа нартаа тус болохыг хичээдэг. Цэрэг, тэнэг хоёр төмөрт дуртай гэдэг шиг цагдаагийн бид урмаар л явдаг. Аав маань Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга байхад яг ийм арга хэмжээг хэрэгжүүлж байсан.
-Өнөө үед онц ноцтой, шинэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Хууль эрхзүйн орчин сул, тэдэнд оноох ял шийтгэл зөөлөн байна гэж шүүмжилдэг?
-Хүний эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Хамгийн гол нь нийгмийн эмх замбараагүй байдлыг алдагдуулж байгаа байдлыг зогсоох ёстой. Тухайн гэмт хэрэг, зөрчилд нь таарсан хууль тогтоомжийг хэрэглэж ял шийтгэлийг оноох ёстой. Зарим хөнгөн хэрэг, зөрчилд ял эдлүүлнэ гэхээс илүү нийгмийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь үр дүнтэй болов уу гэж боддог. Хүний эрх чөлөөг тунхагладаг Америкт ч зарим төрлийн ялыг албадлагын ажил, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, өөрийг нь дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй тулд эдийн засаг, нийгмийн шахаанд оруулах зэрэг олон аргаар тэмцдэг.
-Нөгөө талд цагдаагийн албан хаагчдын ур чадвар, техник хэрэгсэл хангагдаж чадахгүй байна уу?
-Миний мөрөөдөл Монголын ямар ч цагдаа хэргийн газарт очоод бие дааж ажиллаж, анхан шатны шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж, шийдвэр гаргадаг, хууль зүйн хүрээнд ажиллаж чаддаг чадвартай болгохыг хүсдэг. Техник хэрэгслийг хувьд дэлхийн төвшинд хүрсэн гэж хэлж чадахгүй. 1997 онд намайг ажилд орж байсан үеийг бодвол бид ажлаа явуулах боломжийн хэмжээнд байгаа.
-Сайжруулахын тулд яах ёстой вэ?
-Дүүрэг, орон нутгийн цагдаагийн байгуулагын анхан шатны нэгж дээр гэмт хэргийн нөхцөл байнга хүндэрч байгаа. Үүнийг дагаад өөрсдөө бид мэргэшмээр байгаа юм.
Манай хэлтэс өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд жишиг камерын төвтэй болсон. Үүний дүнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, гэмт этгээдүүд хүртэл Баянгол камертай гээд гэмт үйлдлээсээ татгалзаж байна шүү дээ. Цаашлаад дүүрэгтээ электрон эргүүлийг ажиллуулахаар төлөвлөж байгаа.
Телекамерын дрон олон улсад нэвтэрчихлээ. Үүнийг хэрэгжүүлэх бааз суурь нь манай хэлтэст бүрэн бий. Манай хэлтсийн хариуцсан гэр хорооллын зургаан хороонд электрон дроноор эргүүл хийвэл хүний ажиллагааг хөнгөвчилж, ачааллыг бууруулах боломжтой. Тэр хэрээр гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ач холбогдолтой. Энэ мэтээр техникийн, технологийн, арга барилын олон дэвшлийг оруулмаар байгаа юм.
-2007 онд гарсан "Азийн чоно” компанийн архинд хордож олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг дээр хэрхэн ажиллаж байснаа дурсахгүй юу?
-Миний ажиллаж байсан Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олон хээл хахууль, албан тушаал, хил гааль, архи согтууруулах ундаатай холбоотой олон томоохон хэргүүдийг илрүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Цагдаагийн албан хаагчийн ур чадвар, хурдыг шаардсан олон хэрэг бий. Тухайлбал, Багануурт гарсан "Азийн чоно”-ын хэрэг.
Тэр хэрэг дээр цагдаа ямар байдгийг харуулж чадсан. Манайхан нэгдүгээр сарын 1-ний 00.30 цагт Багануурт очиход хүмүүс юунаас хордсон, хуурамч архи хаана үйлдвэрлэгдсэн, спиртийг нь хаанаас оруулж ирсэн зэрэг ямар ч мэдээлэлгүй байсан. 24 цагийн дотор гэхэд л манайхан Улаанбаатар хот, Налайх, Багануур, Замын-Үүд зэрэг олон газар тал талд ажиллаж тус компанийн 2-3 жилийн өмнөх үйлдэл, спиртийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирсэн цаг хугацааг, нэр устай нь нь тодорхой болгож, хэрэг гарсны нэг өдрийн дотор Нийслэлийн онцгой комисст хэргийн нөхцөл байдлыг танилцуулж байлаа. Тэр хэрэгт Цагдаагийн байгууллага хортой нэг шил архи болгоны араас хүч хаяж дахин хүн хордуулахгүйн төлөө ажиллаж байсан. Наад захын жишээ энэ.
Түүнтэй олон сэдвээр хөөрөлдөхөд тэрээр ихээхэн нээлттэй хийгээд ямарваа асуудалд олон талаас нь харж тайлбарлахыг хичээнэ. Цагдаагийн байгууллагад 20 орчим жил ажиллаж 2014 онд хурандаа хэмээх эрхэм цолыг хүртжээ. Цагдаагийн түүхэнд домог болсон аавынхаа амжилтыг давтаж хүндэт цолыг хүртсэн даруйдаа алтан шарилд нь очиж мөргөсөн гэдэг. Тэрхүү явдал Ж.Эрдэнэболд хурандаагийн бахархалт үйл явдал байсан нь гарцаагүй. Тэрээр бас Монголын цагдаагийн гол ачааг үүрч яваа ахлагч бүрэлдэхүүнээр бахархдагаа ярьсан.
Мэдлэг ур чадвар, сэтгэл зүрхнийхээ хүчээр цагдаагийн байгууллагын олон шатанд хүч сорин ажиллаж яваа түүний ажлын нэг үр дүн юм. Тэр нь Монгол Улсын төлөө, хүн ардынхаа амгалан тайван байдлын төлөөх зүтгэл ажээ. Одоо ч түүний цэргүүд, басхүү олон мянган цагдаа та бидний, бидний гэр бүл, ахан дүүсийг аюул, ослоос хамгаалахаар зүтгэж л яваа. Монголын цагдаагийн ажил, алба үргэлж мандан бадраг.
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15052
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих