-Сайн, сайн байна уу. Манай сургууль дээр эко сургалтын хотхон барих төсөл хэрэгжиж байна. Хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилттэй төслийг манай хамт олон татаж чадсан. Эко хотхон гэдэг маань суралцагчдын эрүүл, аюулгүй сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх жишиг хотхон байгуулж олон улсын жишигт ойртуулах юм. Хавар бид сургуулийнхаа дэргэд биеийн тамир, урлагийн цогцолбор барина. Энэ төсөл өөрөө ач холбогдол өндөртэй, олон давуу талтай. Хүн орчиндоо зөв хандах, нийтийн соёлыг эзэмшүүлэх, ойртож нөхөрлөх, хамтдаа нэг зүг рүү тэмүүлэх, сурч боловсрох идэвхийг нэмэгдүүлэх гээд.
-Танай хамт олон миний мэдэхээр нэлээд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн санагдана. Ер нь энэ тал дээр их чадавхижиж байх шиг.
-Тийм ээ. Уул уурхайн салбар болон гаднын хөрөнгө оруулалтаар 10 гаруй төслийг өнгөрөгч 4 жилийн хугацаанд гүйцэтгэлээ. Нийтдээ 3 сая орчим долларын хөрөнгө оруулалтыг төслөөр татаж чадсан нь бидний амжилт. Энэ жил гэхэд л бид Оюутолгой компанийн дэмжлэгээр хөдөлмөрийнаюулгүй байдлын үйлдвэрлэлийн механикжуулалт, хүнд механизмын засвар үйлчилгээ, Хөдөлмөрийн аюулгүйажиллагааны чиглэлээр 400-гаад сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл дээр Германы хамтын ажиллагааны байгууллага хамтарч байгаа. Дээрх гурван чиглэлээр 2-2,5 жилийн сургалт явуулна. Энэ төслийн эцсийн үр дүнд бид MNS-1800000 гэсэн стандартыг хангахыг зорьж байна. Одоогоор манай улсад энэ стандартыг хангасан сургууль хараахан гараагүй байгаа. Энэ стандартыг хангасан тохиолдолд ISO-9001 олон улсын стандартыг хангахад хялбар болно. Хэдийгээр энэ жил улс орон эдийн засгийн чадал дорой, ажпын байр хомс байгаа "завсрын” үеийг ашиглаж чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдэж байна. "Саалиа бэлдэхээс саваа зэх” гэдэг шүү дээ. Хөдөлмөрийн зах зээл ердөө л эдийн засгаас шууд хамаардаг. Эдийн засаг өсөөд ирэхээр дагаад бүтээн байгуулалт өрнөдөг. Бүтээн байгуулалтыг дагаад ажиллах хүч шаардагддаг. Жишээ нь өнгөрөгч жилүүдэд бүтээн байгуулалт өрнөж байх үед бид боловсон хүчнээ хангалттай нийлүүлж дийлээгүй шүү дээ. Том компаниуд зуу зуугаар нь нь ажлын байрны захиалга өгөөд эхлэхээр сандарчихаж байгаа юм чинь,
Манай аймаг чинь хөдөлмөрийн насны хүн ам цөөн, нөөц багатайг ч хэлэх үү. Цаг үе дандаа муугаараа байна гэж юу байхав. Эдийн засаг өсөөд бүтээн байгуулалт эхлэхээрчадвартай ажилтнууд хайх биш бэлэн байлгах чухал. Хямралыг ч боломж гэж харах хэрэгтэй байх л даа. Энэ завсрын үед нь ажил олгогчидтойгоо нийлж байгаад хүмүүсээ сайн сургаад авъя.
-Хэдийгээр төсвийн байгууллага ч гэлээ улсын төсвөөс гар хараад суугаад байлгүй хөрөнгө оруулалт татаж болдгийн жишээг танай сургуулиас харж байна. Оюу толгой компанийн итгэлтэй түнш болж чадсан гэж сонссон.
-Оюутолгойтой ганц манай сургууль л хамтарч ажиллаж байна. Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэж олон улсын хэмжээний компаниудад хүлээн
зөвшөөрөгдөнө гэдэг манай сургуулийн нэр хүнд, чадварыг илтгэх үзүүлэлт гэж ойлгож болно. Оюутолгойд ажиллах хүчин нийлүүлдэг газруудын гэрээний биелэлтийг Хонг-Хонгд хянаж байдаг. Манай сургууль 4-5 жил хамтран ажиллаж найдвартай хамтрагч нь болж чадсан. Зөвхөн Оюутолгой төдийгүй Петрочайна Дачин Тамсаг ХХК, МАК ХХК, СЭНТЕРРА Гоулд ХХК, Бороо Гоулд ХХК, ОХУ, БНХАУ, Австрали, Япон, БНСУ-ын олон сургалтын байгууллагууд манайд хөрөнгө оруулалт оруулсан. Энэ нь бид тэдний итгэлийг даасан, илүү их хөгжих хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа харуулж чадсаны үр шим гэж боддог.
-Хэзээ их сургууль болох гэж байна. Танайх чинь мянгаад оюутантай өнөр "айл”. Цаашдын зорилгыг сонирхоё.
-Би хувьдаа их сургууль болгох гэж зүтгэхгүй. Дэргэд их сургууль байж л байна. Заавал их сургууль болохоороо мундаг болчихдог ч юм биш. Тэгээд ч манай сургуулийн техникийн ангийн төгсөгчид дараагийн шатны их дээд сургуульд дүйцүүлэн сургах боломжтой. Энэ тухай хууль эрх зүйн асуудлыг саяхан УИХ-д оруулж шийдвэрлэсэн. Бид сүүлийн 10 гаруй жил зарим тодорхой мэргэжлээр \малын эмч, агрономич, нягтлан бодох бүртгэл гэх мэт\ их сургуульд шатлан суралцуулж бакалаврын зэрэг олгох асуудлыг амжилттай шийдвэрлэж ирсэн. Ингэхээр энэ талаар туршлага байна, бас зарим талаар бусдад загвар болж ч байна Хууль эрх зүйн орчин нь ч шийдэгдчихпээ. Хамгийн гол нь бид коллеж гэдэг энэ нэрээ хадгалж олон улсын түвшинд ойртсон жинхэнэ үлгэр жишээ сургуулийг бий болгох нь бидний зорилго. Бид гаднын сургууль дээр очоод гайхах биш өөрсдөө тэр хэмжээнд хүрч очих нь чухал гэж боддог. Хаана ч гологдохгүй чадвартай төгсөгч бэлдэх нь л бидний гол зорилго. Өнөөдөр манай сургууль төгссөн залуучууд дээд тал нь 2-3 сая төгрөгөөр цалинжиж байгаа нь заавал их сургууль төгсөх албагүйг харуулж байна. Хэдийгээр Коллеж ч гэсэн зарим их сургуулиас хамаагүй өргөн хүрээтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах гэж хичээж ирлээ. Хөрш орныхоо сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Манай сургууль уул уурхай болон техникийн чиглэлийн мэргэжлээр Австралийн мэргэжлийн сургалтын боловсролын стандартыг шууд хуулбарлан хэрэглэж байна.
Монгол гагнуурчин, австрали гагнуурчин хоёрын хоорондямар ч ялгаа байхгүй. Тийм учраас нэгэнт шалгагдаж нотлогдсон хөтөлбөрийг шууд хэрэгжүүлэх нь зөв гэж боддог. Цаашилбал зарим мэргэжлээр Австрали Монголын хос мэрэгжлийн сертификаттай төгсөх боломжийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яг ийм төслийг бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд Австралийн сургалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирэх дөрөвдүгээр сард эхний төгсөлтөө хийнэ. Ер нь хөгжилтэй орнуудад коллеж төгссөн хүмүүс хамгийн чадвартай мэргэжилтэн тобцогддог. Ийм ч учраас Манай таван багш Австралийн Күүнсландын Скиилс Тех коллежын сургалтанд амжиллтай суралцан төгсөж техникийн боловсролын 3-р зэрэггэй боллоо. Одоо тэд маань Өмнөговийн Ханбогдод сургалт явуулж байна. Үүнийгээ үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн. Ингэхээр үндэсний хэмжээнд ажиллаж чадаж байна гэж ойлгож болно. Томоохон ажил олгогчтой тогтоосон энэ харилцааны явцад олж авсан олон давуу талаа бид бусад ажил олгогчидтой хамтран ажиллах явцдаа ашигладаг. Өөрөөр хэлбэл сайн хөтөлбөр, сайн стандарт, хөдөлмөрлөх сайн соёл, аюулгүй ажиллагаа гэдэг бол зүгээр нэг хүн өгчихдөг зүйл биш. Тасралтгүй суралцах замаар бүтээдэг зүйл. Үүнийг л бүх ажил олгогчидтойгоо хуваалцаж үр шимийг нь хүртэх нь бидний гол зорилгын нэг. Түүнээс биш зарим нэг хүний ойлгоод байгаа шиг "эд нар Оюутолгойгоос өөр зүйл ярихаа больчихож” гэсэн ойлголт биш. Биднээр болон манай төгсөгчдөөр дамжин дээр дурдсан сайн туршлагууд манай ажил олгогч нарт очно гэсэн үг. Энэ бол юугаар ч зүйрлэшгүй том хөрөнгө оруулалт юм. Манайхан хөрөнгө оруулалтыг материаллаг талаас нь сонирхоод байдаг талтай. Хуний чадавхийг сайжруулна гэдэг маш чухал зүйл. Үүгээр зогсохгүй манай үндсэн мэргэжлүүд болох уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд хаана ч гологдохгүй чадвартай төгсөхийн тулд бүгд л чармайн ажиллаж байна. Ойрын үед бид ХАА-н салбарт хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Танай сургууль анх удаа орон нутагт Газрын тосны мэргэжилтэн бэлдэж эхэлсэн. Петро Чайна Дачин Тамсаг компанийн ажилчдын ихэнхийг танайх "нийлүүлсэн” санагдана.
-Тийм ээ. 2008 онд анх Газрын тосны олборлолтын оператор мэргэжлээр 30-аад хүн сургасан. Түүнээс хойш жил бүр сургалтыг чанаржуулж одоо гурван жилийн ангитай болсон. Манай анхны төгсөгчид одоо Дачин компанийн үндсэн ажилчид болчихоод зарим нь дарга, менежер, ахлах зэрэггэй ажиллаж байна. Ажилчдынх нь 70 орчим хувийг манай төгсөгчид эзэлдэг. МУ-д газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу жил бүр орж ирж байгаа 200-300 тэрбум төгрөгийг оруулахад тэдний хөдөлмөр зүтгэл шингэсэн гэж бодохоор бахархахаас яалтай. Энэ бол цаг үеэ олсон шийдэл, эрэлттэй чухал мэргэжилтнүүд улс оронд ямар их баялаг бүтээдгийг бас давхар харуулж байгаа хэрэг юм.
-Мэргэжлийн дипломгүй атлаа нэг ажлыг маш чадварлаг гүйцэтгэдэг "хар” практикийн хүмүүст боломж олгох нэг төсөл хэрэгжүүлж байгаа дуулдсан. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч.
-Өмнө нь хүний чадварыг үнэлдэггүй байлаа шүү дээ. Жишээ нь сайн гагнуур хийдэг атлаа мэргэжлийн үнэмлэхгүй яваад байдаг. Үнэмлэхтэй болоё гэхээр зайлшгүй сурах шаардлага гарна. Сурч цаг алдмааргүй байдаг. Тэгэхээр бид тухайн хүний чадварыг үнэлж, тэр хэмжээнд нь тохирсон үнэлгээ өгдөг болж байгаа. Аливаа мэргэжлийн 30 хувь нь онол үлдсэн нь практик байдаг. Хар ухаанаар хийгээд сурчихсан тэр ажлынх нь 30 хувийн онолыг зааж шалгалт аваад мэргэжлийнх нь зэрэглэлийг тогтоож үнэмлэх олгоно. Өөрөөр хэлбэл тухайн хүний өмнөх мэдлэгийг үнэлэх талаар шинэ аргачлалыг боловсруулж байна. Энэ тухай ч сая манай шинэчилсэн хуулинд тодорхой тусгагдсан.
-Танай төгсөгчид компани байгуулсан гэж сонслоо.
-Манай сургуулийн сурагчид нийлээд бизнес эхлүүлж тодорхой орлогын эх үүсвэртэй болж байна. Ганц жишээ дурдахад "Ольхон” ХХК-ийн 12 давхар барилгын цахилгааны монтажийг манай оюутнууд хийсэн. Болорсүх захирал ам сайтай байна лээ. Одоогийн байдлаар бид оюутны 5 компани байгуулаад байна. Энэ нь багаар ажиллаж сурах, хариуцлага хүлээх, чадвартай болох, хэн нэгнийг ажилд авахыг хүлээх шаардлагагүйгээр бие биендээ хариуцлага тооцоод явах боломжтой гэж үзэж байгаа. Мэдээж бүх юм шууд амархан бүтчихгүй. Тодорхой хугацааны дараа хэн илүү хөдөлмөрлөсөн, хэн илүү зах зээлээ мэдэрч ажилласан нь л шалгарч үлдэх байх. Энэ мэтчилэн найз нөхдөерөө хамтарч, чаддаг зүйлээ захиалгаар хийж амьжиргаандаа нэмэрлэж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Тэгээд ч энэ хямралтай үед өөрөө өөртөө ажлын байр гаргана гэдэг сайн зүйл. Эдийн засаг тэлэхэд бэлэн зах зээл дээр ямар ч асуудалгүй шууд ажиллана ш дээ. Гол нь ажилдаа сэтгэл гаргаж ажиллаарай л гэж хүүхдүүддээ захидаг даа.
-Техникийн мэргэжлээс гадна газар тариалан, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг танайх бэлддэг. Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажлын байрны томоохон орон зай байгаа харагддаг.
-Халхголын сав газарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудаас техникийн мэргэжилтнүүд нийлүүлэх санал ирж, хамтарч ажиллаж байгаа. Манай сургууль 91 жил малын эмч бэлдэж байгаа цорын ганц сургуулийн хувьд бүс нутгаа малын өвчлөлгүй эрүүл бүс болгох бидний бас нэгэн зорилго. Хөрш хоёр орныхоо муж, хотуудтай хамтарч мал амьтны гаралтай өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг судлах санаачлагыг манай зүгээс гаргаж хөршүүд дэмжиж анхны хурал Хянган аймагт боллоо. Цаашид бид байнга мэдээлэл солилцож малаа эрүүлжүүлэх тал дээр анхаарч ажиллах олон санал санаачлага гарсан. Үүнийг салбарын яам хийгээд аймаг орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ ажил маань алс хэтдээ манай аймгийн мал аж ахуйн салбарт томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Энэ жил манай сургууль 15000 суулгацыг аймагт нийлүүлснээр тодорхой нэг хэсгийг моджуулж тохижуулна. Аймгаас 15 км-т байгаа тариалангийн талбайг ойн зурвас байгуулж хамгаалахаар төлөвлөж байна. Аймаг, хотын захиргаатай хамтран 100 га-д газар тариалангийн чиглэлээр ажлын байр нэмэгдүүлэх, шинэ төрлийн таримал хамтран ажиллаж байна .
-Хоёулаа нэлээд ажил ярьчихлаа. Ингэхэд та чинь боловсролын салбараас өөр газарт ажиллаж байв уу? Энэ сургуулийн захирлаар хэдэн жил болов оо?
-Тэгэлгүй яахав. Анх энэ салбараас л ажил амьдралын гараагаа эхэлж байсан. Аймгийн Боловсролын газрын дарга, Дорнод дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал зэрэг ажлыг хийж байгаад энэ сургуульдаа ирээд 10 жил болж байна.
-Байгууллага удирдаад хөгжлийн нэгэн үе өнгөрч. Ер нь мэргэжлийн сургуулиудаас танайх хаахнуур давхиж явна.
-Жил бүр ажлаа дүгнүүлнэ ш дээ. Энэ жил харин үнэлүүлсэнгүй. Засгийн газар ойр ойрхон солигдоод тэрийг дагаж манай сайд нар нь өөрчлөгдөөд. Хэдэн сургууль арай өөр хэлбэрээр үнэлүүлсэн гэхүү дээ.
Байгууллага авч яваа гэдэг утгаараа хүн өөрийгөө, удирдаж байгаа хамт олноо хаахна явж байгааг мэдэж байх үүрэгтэй. Ер нь гол үнэлгээг олон нийт, хамтран ажиллагч түншлэгч байгууллагууд, төгсөгчид л өгдөг гэж боддог. Манайхан нэг дарга ч юм уу эсвэл дээд газар нь өгдөг гэж боддог. Тэгээд доошоо биш "дээшээ”-гээ ажиллаад байдаг байхгүй юу.\инээв\ Сургуулийн хувьд ер нь цар хүрээ, хөгжлийн түвшин, чадавхи, өрсөлдөх чадвар зэргээрээ Монгол улсын топ сургуулиудын нэгэнд ордог. Гэхдээ энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд ганц бие хүн хаанаа ч хүрэхгүй ш дээ. Манай хамт олон нойр хоолгүй шахам зүтгэж байж энэ амжилтанд хүрээд байна.
Бидэнд бусдаас ялгарах давуу олон чанар бий. Бусдын хүрч чадаагүй, магадгүй одоо болтол мөрөөдсөөр байгаа олон зүйлийг хэдүйн хийчихсэн байх жишээтэй. Бусдад үлгэр загвар болохуйц олон ажлыг бид амжилттай хийж гүйцэтгэсэн. Бас бусдаас суралцах ч зүйл бий. Энэ утгаараа манай сургууль хөгжих маш их ирээдүйтэй, гадаад хамтын ажиллагаа болон олон талт үйл ажиллагаагаараа эдийн засгийн гол салбаруудад чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадах үндэсний хэмжээний шилдэг сургууль болно гэдэгт итгэлтэй байдаг. Тийм боломж бүрэн бий. Одоо ч тэр үүргээ нэр төртэй биелүүлж явна.
-Танай гэр бүлийн хүн мөн боловсролын салбарыг тэргүүлдэг. "Шинэ зуун” сургуулийг үүсгэн байгуулагч нь Та?
-Тийм ээ. Аймагтаа анхны хувийн сургуулиудын нэгийг үүсгэн байгуулалцсан. Одоо манай эхнэр авч явж байна. Хэдийгээр жижигхэн ч гэсэн боловсролын салбар дахь зөв хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа л гэж боддог. Боловсрол бол маш олон талтай салбар ш дээ. Олон улсад ч гэсэн олон талт боловсрол гэж их ярьдаг болсон байна. Олон талт боловсролд хувь хүний оролцоо чухал үүрэгтэй. Миний хувьд ажлын ачаалал их учир ар гэрийнхэндээ туслах цаг зав хомс. Цаашид хувийн бизнесээ тэлэх төлөвлөгөө бол бий. Манай гэр бүл өсвөр залуу үеийнхэнтэй ойр ажиллаж амьдарч байгаагаа их хувь тохиол гэж бэлэгшээдэг шүү.
-Математикч хүн байгууллага удирдахад илүү дөхөмтэй байдаг уу, Тооцоолон бодох чадвар сайн гэдэг утгаараа.
-За даа яг тэгж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ эзэмшсэн боловсрол мэргэжил маань олон зүйл дээр хэрэг болдгийг анзаарч байсаан. Ямар ч байсан аливаа тооцоолол, төсөөлөл их хэрэг болдог. Сорилтгүй, бэрхшээлгүй ажил мэргэжил гэж байдаггүй. Урсгалаараа яваад амжилтад Хүрэхгүй. Иймээс уйгагүй хөдөлмөрлөж санаанд оромгүй шийдлүүдийг эрж хайх нь амжилт гаргах үндэс юм. Аливаа эрсдпийг сайтар тооцоолж байж хийе гэснээ гүйцэлдүүлж чаддаг болохыг энэ хугацаанд мэдэж авсан. "Боловсрол бол хүч чадал” юм гэдгийг их дээрээс ойлгосон доо. Хүний амьдрах хугацаа улс үндэстэн оршин тогтнох хугацаанаас хамаагүй богино. Өнөө цагийн хүмүүс бид энэ хугацаагаа зөв ашиглаж улс үндэстнээ бэхжүүлэхгүй бол хойч үедээ үлдээх юу ч үгүй болж магад. Тийм учраас миний зорилго залуу үеийг сургаж хүмүүжүүлэхэд бүх анхаарлаа хандуулахад чиглэгддэг.
-Та Монгол хүний чадвар үнэлэмжийн талаар юу гэж боддог вэ?
-Монгол хүн бүхнээс дээгүүр бүгдийг чадна гэдэг бол үндсэрхэг үзэл хандлага болохоос бахархал биш. Бид бусад үндэстнүүдээс түүх угсаа, гарал үүсэл болон бусад олон зүйлээрээ ялгаатай мэт боловч хүний мөн чанар бодгалийн хувьд бусдын л адил. Хүн төрөлхтөнд азтай үндэстэн гэж байдаггүй. Харин хамгийн ухаалаг байсан нь, хамгийн их хөдөлмөрлөсөн нь л амжилтанд хүрдэг. Тийм учраас бид хүнээ хөгжүүлж нөөц бололцоогоо чинээнд нь тултал ашиглах ёстой. Чадваргүй хүн гэж байдаггүй шүү дээ.
-Таныг ном их уншдаг гэж сонссон "Эх сурвалж” гэж зузаан ном танаас авч уншиж байхдаа хэзээ завандаа үүнийг уншдаг юм бол гэж бодож байсан шүү.
-Номыг ч харин унших шиг болно ш дээ\ инээв\. Бүр хүүхэд байхаасаа л номын амтанд орсон хүн. Одоо ч уншсаар л байна. Багаасаа номыг маш хурдан уншдаг аргад суралцсан. Бага залуу байхад гарт таарсанаа уншдаг байсан. Одоо бол сонголттой уншдаг. Нэг уншсан номоо дахин дахин унших тохиолдол ч бий. Тэгэхдээ цаг нөгцөөж биш зарим нэг санаа олох гэж уншдаг. Нэг номноос нэг л санаа олоход хангалттай. Сүүлийн үед гарч байгаа бэстсэллэр гэсэн номнуудыг бараг л уншсан даа. Нэг том мөрөөдөл маань маш гоё номын сан өөртөө зориулж хийх бодолтой байгаа.
-Таныг нэг их намчирхаж явахыг мэдэхгүй юм. Улс төрөөс жаахан хөндий юу?
-За даа. Нам, улс төр гэж айхтар явсангүй ээ. Хэн ямар намын, ямар үзэл бодолтой болохыг сонирхдог ч үгүй. Хувь хүний үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг. Зарим хүмүүсийг дэндүү хатуу байр суурьтай байхыг хараад гайхдаг л юм. Монголын нөхцөлд улс төрд илүү прагматик байх нь зөв гэж боддог. 1990-ээд онд Социал демократ намд элссэн. Анхдагчуудын л нэг. Элссэнээсээ хойш мэрэгжлийн ажил, улс төр хоёрыг зэрэг хийх боломж байхгүй учраас тууж мэргэжлийн карьер хөөгөөд улс төрөөс хөндий явж ирсэн.
-Улс орны эдийн засаг тиймхэн байна. Ирээдүйг яаж харж байна?
-Бид хоёр их л том том асуудлаар яриад байна даа. Миний хувьд анх удаагаа л хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийм "ланжгар” асуултнуудад хариулж байна /инээв\ Хүмүүс буруу ойлгочих вий. Би улс орны асуудлаар янз бүрийн дүгнэлт гаргаад байх хүн огт биш. Тийм шаардлага ч байхгүй. Гэхдээ монгол хүнийхээ хувьд санаа зовдог зүйл бол бий. Нэг хүн хэлсэн байдаг байх аа "Танд тэр дэлхий сүйрэх нь үү, цунами болох нь уу, Озоны цоорхой ихэслээ, Улс орны аюулгүй байдал энэ тэр гээд санаа зовох шаардлага огт байхгүй. Та зөвхөн өөрт оногдсон ажлаа л сайн хий, Өөрийгөө л сайн хөгжүүл, Өрх гэрээ сайн авч яв, үр хүүхдээ сайн хүмүүжүүл, тэгэхэд л аяндаа таны санаа зовоод байгаа зүйлүүдийн учир олдоно л гэж хэлдэгтэй л адил санаа бодолтой хүн. Энэ нь хувиа хичээ гэсэн үг биш. Даалгасан ажлыг маш сайн, үнэн сэтгэлээсээ хийж сур. Тэгвэл та бусдад болон улс орондоо илүү тус болж чадна л гэсэн үг. Тийм учраас товчхондоо бидний ирээдүй биднээс л шалтгаална гэж хэлэх байна даа. Хэр их мөнгийг бүтээнэ, түүнийг хэр их мэдлэг болгож хувиргана, тэр улс л хөгжинө.
-Капиталист үзэлтэн гэж ойлголоо?
-Капитал гэдэг чинь хөрөнгө, эд баялаг гэсэн үг биз дээ. Баялаг бүтээгчдийг төрүүлдэг хүн чин сэтгэлгээ тийм л байх ёстой. Би баялаг бүтээгчдийн талд зуун хувь зогсдог тэдний үзэл санаа хамгийн зөв гэж боддог хүн дээ. Тэдэндээ зориулж хүнээ бэлддэг болохоор баялаг бүтээгчдийн бодлыг хамгийн түрүүнд ойлгож хүндэлж хамтран ажиллахыг эрхэмлэж явдаг.
-Тантай яриад байвал их зүйл хуучилмаар байна. Сонины нүүр хэмжээтэй. Дараа дахин ярилцъя. Цаг зав гаргасанд тапархпаа. Цаашдын тань бодож зорьж яваа бүхэнд чин сэтгэлийн амжилт хүсье.
-Баярлалаа,
Н.МӨНХСАЙХАН /ДОРНОД сонин/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15122
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих