Улс төрийн намд мөнгө ямар чухал болохыг саяхан болж өнгөрсөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын холбогдсон авилгын хэрэг олон нийтэд ил болгож байна. Өмнө нь энэ асуудал төдийлөн ил болж байгаагүй юм.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба намын санхүүжилт олохын тулд хувь хүнээс их хэмжээний мөнгө авсан нь авилгын хэрэг болж АТГ-т шалгагдаж байгаа. Энэ бол бүх намын зовлон. АН-д ч тэр, МАН-д ч тэр мөнгө, санхүүгийн зовлон байнга тулгарсаар ирсэн. Үүнийгээ намынхаа гишүүдийн хандив туслалцаагаар нөхдөг "заншилтай”. Сонгууль дөхсөн энэ цаг үед хэн хэдэн төгрөг хандивлаж нэр дэвших тойрог авах вэ, хэн хэдэн төгрөг хандивлаж аль намын жагсаалтад хэдэд бичигдэх вэ гэдэг асуулт сонирхол татаж эхэллээ.
Тэгвэл хамгийн сүүлд байгуулагдсан нэгэн намд ийм зовлон байдаггүй гэсэн яриа ойрын өдрүүдэд гадуур яригдах боллоо. Тодруулбал, шинээр байгуулагдсан ХҮН-ыг мөнгөтэй хүмүүсийн нам, Удирдах зөвлөлийн гишүүдийнх нь ихэнхи нь томоохон компаниудын захирлууд, эзэд юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Алтан Дорнод Монголын захирал Т.Ганболд тус намд элсэж орсон. ХҮН-ынхан цагаан сараас хойш хоорондоо таарамжгүй яваа. Намын дарга нь "намын дотоод асуудал. Дотроо бүгдийг нь шийднэ” гэж муйхарлаж байгаа ч харамсалтай нь нөгөө талынхан нь тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байна.
Тэгвэл ХҮН намтай холбоотой дахин нэг сонирхолтой сенсааци цацагдсан нь тус намын жагсаалтын талаарх асуудал юм. Энэ талаар ХҮН-ын анх үүсгэн байгуулагчдын нэг буюу Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил өөрийн твиттер хуудснаа бичиж хэрэг явдлыг эхлүүлсэн. Тэрбээр, ХҮН ирэх сонгуулиар намынхаа жагсаалтын гуравдугаар байрыг таван тэрбумаар үнэлсэн гэж жиргэв. Өөрөөр хэлбэл ХҮН-ын гишүүн намын нэрийн жагсаалтын гуравдугаарт бичигдэхийн тулд таван тэрбумын хандив намдаа өгөх ёстой бололтой. Гэхдээ тэрбээр жагсаалтын бусад байрлалыг хэд болохыг мэдээлээгүй юм. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар жагсаалтын бусад байрлалуудын үнэ нь "тэнгэрт тулжээ”.
Тодруулбал, тус намын жагсаалтын үнийн прогресс нь дээшээ хоёроор нэмэгдэж, доошоо бас хоёроор багасч байгаа гэнэ. Бидэнд мэдэгдэж байгаа гуравдугаар байрыг таван тэрбумаар үнэлсэн гэдэг мэдээллээр хөөж бодож үзвэл ХҮН-ын жагсаалтын нэгдүгээр байраа есөн тэрбумаар, хоёрдугаар байраа долоон тэрбумаар, гуравдугаар байраа таван тэрбумаар, дөрөвдүгээр байраа гурван тэрбум, тавдугаар байраа нэг тэрбум, зургаадугаар байраа 500 сая, долдугаар байраа 300 сая гэх зэргээр үнэлсэн байх магадлалтай аж.
УИХ-ын гишүүн болохын тулд есөн тэрбум төгрөгийг зарцуулах бололтой. Энэ үнэн бол жагсаалтын үнийг үнэхээр тэнгэрт тулгаж байна. АН, МАН ч намын нэрийн жагсаалтаа ийм өндөрөөр үнэлдэггүй шүү дээ. Тэд бол намын нэрийн жагсаалтаа найдвартай 8-13 хүн оруулж чадахуйц потенциалтай намууд. Харин шинээр байгуулагдсан ХҮН-д тийм боломж бий юу. Иргэд ийм хэрүүлтэй намын төлөө санал өгөх болов уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнийхээ хэрээр ХҮН жагсаалтаар хэдэн суудал авч чадах нь туйлын эргэлзээтэй. Улс төрийн хүрээний зарим нэг учир мэдэх хүмүүс ХҮН-аас ганцхан намын дарга нь УИХ-д гарах болов уу гэсэн таамгийг ч дэвшүүлж байна. Мөн жагсаалтын эрхийг наймаалцах гэсэн том үйл ажиллагаа ч ХҮН-д өрнөөд удаж буй гэнэ.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАН, АН, ИЗН, МҮАН-МАХН-ын Шударага ёс эвсэл нийлээд 8 тэрбум 630 саяын хандив цуглуулсан гэсэн мэдээлэл байдаг. Мөн сонгуульд бүгд нийлээд 37 тэрбум 200 саяыг заруулжээ. Үүнээс АН 16 тэрбум, МАН 14 тэрбум, ИЗНН 300 сая, Эвсэл 3 тэрбум, бусад бие даагчид 2 тэрбум 500 саяыг зарцуулсан гэх судалгаа байгаа. Тэгвэл ХҮН-ын зөвхөн намын жагсаалтын эхний хэдэн байр л эдгээрийг бүгдийг нь "цөм” цохих бололтой.
Г.Лхагваа
Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих