Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан Ювентүс-Байерн Мюнхэн, Арсенал-Барселона гэсэн хоёр тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Хэсгээсээ хоёроор шалгарсан багууд хасагдах шатны эхний тоглолтыг өөрийн талбайдаа хүлээн авч шийдвэрлэх хариу тоглолтыг өрсөлдөгчийнхөө талбайд хийдэг учраас эхний тулаандаа ялалт байгуулах нь маш чухал байдаг билээ.
Гэвч өнгөрсөн шөнө талбайдаа тоглосон хоёр баг хоёулаа ялалт байгуулж чадсангүй. Тэр дундаа Арсенал, Барселонагийн хаалганд гоол оруулж чадалгүй 0:2-оор хожигдсон нь тэдний дараагийн шатанд шалгарах боломжийг тун бага болголоо. Их буучид эхний үед хэд хэдэн аюултай довтолгооныг өрнүүлсэн ч ашиглаж чадаагүйгээр барахгүй хоёрдугаар хагаст хамгаалалтандаа хайхарамжгүй алдаа гаргасаныг Леонель Месси шийтгэж, 71” дэх минутад тооны харьцааг 0:1 болгосон. Үндсэн цагийн 83” дахь минутад Арсеналын ахмад тоглогчдын нэг Фламини торгуулийн талбайдаа алдаа гаргаж, Месси түүнийг нь амжилттай ашигласанаар Петр Чехийн хаалганд хоёр дахь гоолоо оруулсан.
Нөгөө талд Италийн аварга Ювентүс, Германы аварга Байерн Мюнхэний хооронд эн тэнцүү сонирхолтой тоглолт өрнөсөн. Зочид тоглолтын эхний үеийн санаачлагыг гартаа авч хэд хэдэн аюултай довтолгооныг зохион байгуулсаныхаа үр дүнг 43” дахь минутад орсон Томас Мюллэрийн гоолоор үзсэн. Тэдний довтолгооны шугамын зохион байгуулалт хоёрдугаар хагаст ч сайн байж 55” дахь минутад сөрөг довтолгооноор Райн Роббен гоолдож тооны харьцааг 0:2 болгов. Уг гоолоос долоон минутын дараа Байерныхан хамгаалалтандаа алдаа гаргаж, түүнийг нь Дибала ашиглаж тоог ойртуулсан. Талбай дээрээ тоглож байгаа багийн сэтгэл зүй сэргэж, үр дүнг өөсрдийн талд эргүүлэхийн тулд ширүүн довтолж байлаа. Гэтэл тэргүүлж явсан зочид дахин нэг хайхарамжгүй алдаа гаргасаныг Штурауре гоол болгож, Ювентүс тун хэрэгтэй тэнцээ байгуулж чадлаа.
Г.Сүх-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих