/Учиг татах нь/
Дэлхий нийтийн албан ёсны түүхэнд зэрлэг
нүүдэлчдийн довтолгооноос боловсон соёлт ертөнцийг хамгаалж босгосон гэж
тооцдог хятадын алдарт Түмэн газрын Цагаан хэрмийн тухай хэн эс бичлээ
дээ. Өдгөө бидний хэн нь ч /хар, шар, улаан, цагаан арьстан цөм/ үнэхээр
тэр цагаан хэрмийг хятадын соёлт ард түмэн амаа мэдэхгүй агсарсан үй
олон зэрлэг бүдүүлэг морьтнуудын довтолгоон дээрэмдлэгийг хаацайлах гэж
арга ядан байж босгосон юм билээ гэж ухаарч ойлгож дасчээ. Энэ ойлголтын
цаана нүүдэлчид нь бүдүүлэг /өөрөөр хэлбэр устгадаг/ суурин иргэд нь
боловсон /өөрөөр хэлбэл бүтээдэг/ гэсэн хоёр категори тогтсон байна. Энэ
бол дэлхийн түүхийн шинжлэх ухааныг мухардуулсан хамгийн гол алдаа юм.
Сүүлийн арван зургаан жилийн ажил маань үүнийг надад үнэмшүүлсэн билээ.
Тэгээд ч "Цагаан хэрмийн түүх" гэсэн бяцхан номоо бичиж дуусгахдаа,
хүмүүний амьдралыг эцсийн эцэст хэн жолоодож байна вэ? гэсэн өөр нэгэн
асуулттайгаар төгсгөх болсон юм. Гэвч одоо энд энэ бүхнийг ярихгүй. Би
шинэ номынхоо цоо шинэ нэгэн дэд санааг та бүхэнд толилуулж хариулт
сонсохыг хүссэн юм аа.
1. ХЭРЭМ БОСГОХЫН УЧИР
Угтаа
би Цагаан хэрмийн тухай ярих гээд байгааг уншигч авгай та гарчигнаас л
гадарласан байх гэж найдаж байна. Үнэхээр би тэр аварга ажлыг хендеж
байгаа юм. Тийм учраас эхлээд ер нь хүн төрөлхтөн тийм хэрэм байгуулах
гэж оролдсон уу үгүй юу? гэдгийг сонирхох хэрэгтэй. Хятадын их цагаан
хэрмийг анх Манай Эриний Өмнөх IV зуунд эхэлсэн гэж тооцдог юм. Тэгвэл
түүнээс өмнө буюу түүнтэй зэрэгцээд манай дэлхийд ямар соёл иргэншил
тогтож байсан бэ? Түүхэнд мэдэгдэж байгаагаар Египет буюу Мисирийн соёл
хамгийн эртнийх юм. Түүнээс 1000 жилийн дараа цэцэглэсэн Вавилоны
соёл, тэгээд Ассир, Финник, Персийн хаанчлалыг бид мэднэ. Дараа нь
Македоны Александр ноёрхож, түүнийг эцэслэхэд Энэтхэг газар Маурийн
Чандрагупта тодорсон юм. Эртний Эллинчүүд 300 жил ардчилалыг хөгжүүлэх
гэж оролдоод Искандерт эзлэгдэх жил, Ромчууд Карфагеныг сөрөн босч ирж
байлаа.
Цагаан хэрмийн шав тавьсан христосын өмнөх 369 он хүртэл
дээр дурьдсан соёл иргэншлүүдийн аль нь ч тиймэрхүү барилга
байгууламжийг сэдээгүй байв. Өөрөөр хэлбэл мисирүүд аварга цац бунхан,
услалтын систем бүтээж Эллинчүүд бурхадын цоолбор ба нүсэр том, дуган
сүмээрээ гайхуулж байснаас биш улс үндэстнийг тэр тусмаа соёл иргэншлийг
зааглах хэрмэн ханын тухай огт бодолхийлээгүй ажээ. Эртний Урартаас
грекийн хот улсууд хүртэл хэрэм хана нь Өрнөд Ази ба Дорнод Европод
зөвхөн хотын хамгаалалт гэж тооцогдож байсан юм. Ассирийн хүчирхэг эзэн
хаан Тиглам Паласар МЭӨ 745 - 727 онд Вавилон, Сири, Палетиныг
довтлохдоо асар өндөр шаталсан хэрмүүдийг таранаар эвдэж нурааж байсныг
бид мэднэ. МЭӨ 6-4 зуунд мандаж агсан Перс гүрний их хаад Дарий,
Крерксүүд цөм л хотын хэрэм нураан "шинжлэх ухааныг" хөгжүүлэхэд асар их
хувь нэмрээ оруулсан. Хариуд нь хотын хэрэм дахин сэргэн босч, илүү бат
бөх, илүү өндөр, илүү уран төгс байрлалтай болж байсан ч 5000 км
үргэлжлэх тийм аугаа байдалд хүрээгүй билээ. Тэгэхээр түмэн газрын
цагаан хэрмийн тухай ярихад бусдаас жиших, эргэцүүлэх зүйл төдий л
гарахгүй нь тодорхой болж байна.
2. ЦАГААН ХЭРМИЙН ТУХАЙ ТОВЧ
Цагаан
хэрмийг анх МЭӨ IV зуунд эхэлж, мөн тооллынхоо III зуунд дуусгасан
байна. Тухайлбал МЭӨ 306 - 205 онд хятадын Чжао ханлигийн эзэн анх
үүсгэн байгуулаад Цинь төрийн хаан Цинь Ши хуанди МЭӨ 214 онд гүйцээсэн
гэж үздэг юм байна /Г.Сүхбаатар, Л.Жамсран "Монголын түүхийн дээж бичиг"
1968 он/. Их цагаан хэрмийг анх Санхэ гол дагуу Чуулалт хаалгаас Хатан
гол хүртэлхи хэсгийг Чжао улс байгуулсан. Хатан голоос Гансү муж хүртэл
хэсгийг Цинь Шихуаны зарлигаар их жанжин Мэн Тиан бариулжээ. Бас Чжао
ханлигийн босгосноос умар зүг 100 гаруй бээрээр ахиулж барьсан хэрэм
одоо бүрэн бүтэн үлдсэн байна. Цагаан хэрмийн урт нь 5000км орчим буюу
хуучин хятадын уртын хэмжүүрээр яг л 10000 газар болно. Нэг газар нь 500
орчим метртэй тэнцэнэ. Хэрмийн суурийн өргөн 6,5м, дээгүүрээ 5,5м,
өндер нь дунджаар 6,6 - 10м-т багтах боловч уул, хад, хясаа зэрэг газрын
өндрийг барьж, өөг ашиглаж барьсан тул байгаагаасаа өндөр харагдах
талтай.
3. ЖУНШАНЬ УЛСЫН УЧИР
Бидний
ярилцах гол сэдэв маань Цагаан хэрмийг хэн санаачилсан бэ? гэдэгт оршиж
байгаа. Үүний тулд Жуншань улсын тухай цухас ч атугай дурдах ёстой.
Монголчуудын дээд өвгө нүүдэлчид 6000 жилийн өмнөөс умар зүгт Шивэр
тайга /Сибирь/ Байгаль далайгаас өмнө зүгт Хатан гол хэмээх Шар мөрний
өмнө хөндий хүртэл уудам нутагт аж төрж байсан нь өнөөдөр нэгэнт
тодорхой болсон зүйл. Тэдний урдуур Хөх мөрний хөндийд Хуосяо нар буюу
наньцзя гэдэг өмнөд бүлгийн нангиадын дээд өвгө, газар тариалан эрхлэн
амьдарч байсан аж. 4500 жилийн өмнөөс Хуосяо нарын хүн ам олшрон,
нүүдэлчдийн газар нутагт нэвтрэх болж түүнээс хойш жил жилд нүүдэлчдийг
умар зүг шахсан түүхтэй. 3000 жилийн өмнө гэхэд Шар мөрний өмнөд эргийг
эзлээд нүүдэлчид хойт эрэгт нь гарав. МЭӨ VI зууны үед тэд Шань уулын
дорнод бэлээр нутаглав. Чухам энэ үед Жуншань улс байгуулагджээ.
Энэ улс бол хүн амаар нүүдэлчдийн дунд нилээн дээгүүр орж байсан цагаан
ди нарын нэгэн салаа Шианьюнь нарын байгуулсан нүүдэлчдийн төр улс
байлаа.товч хэлбэл Хүннү гүрний өмнөх анхны Монгол нүүдэлчдийн бяцхан
улс байсан юм. Бяцхан гэдгийн учир нь Жуншань нь одоогийн БНХАУ-ын Хэбэй
мужийн нутаг дэвсгэрийг эзэмшиж байсны зэрэгцээ гарал нэгтэй нүүдэлчин
Жин ди нарын өөр олон аймаг холбоод тэр үед хүч чадалтай, оршин
тогтносоор байсныг онцолсон хэрэг. Өмнө, өрнө, дорно талаас нь
Хуосяогийн Жао, Янь, Вэй ханлигууд шахан түрж, газар нутгийг эмтлэн
хороосоор МЭӨ 369 он гэхэд 39 хэмд очсон байна. Чухам тэр жил Жуншань
улс, хятад хуосяо нараас хамгаалахын тулд хамгийн өмнөд хил дээрээ хэрэм
босгож эхэлсэн бололтой.
4. АНХНЫ ХЭРЭМ МӨН ҮҮ?
Сүүлийн
үеийн БНХАУ-ын газрын зурагт Хэбэй мужийн тов хэсэг буюу Лайжуан хот ба
Жи сианы хооронд барагцаалбал 90-ээд км үргэлжилсэн хэрмийг тэмдэглэсэн
бий. Ингэхдээ мөн зурагт Их Цагаан хэмийг буулгасан тийм дүрс, тийм
өнгөөр тэмдэглэжээ. Үүнийг би "Жуншаний цагаан хэрэм" буюу ЖЦХ гэж
өгүүлэлд хавсаргасан бүдүүвч зурагтаа тэмдэглэсэн юм. Сымацзяний /МЭӨ
146 он/ "Шицзи" судрын "Жао улсын сурвалж" хэмээх бүлэгт "Жуншаний
цагаан хэрэм байгуулав" гэж бичсэн нь дээр дурьдсан МЭӨ 369 онтой тохиож
байгаа юм. ЖЦХ-ийн байрлал, "Шицзи"-гийн мэдээтэй дүйж буй өөр нэгэн
баримт "Саньгожи" буюу гурван улсын судрын газрын зургаас олдсон юм.
Уул
газрын зураг МЭ 220 - 280-аад оны хятадын том тосгон, зам харилцааг
тусгасан маш ховор сурвалж билээ. "Го" гэдэг нь хятадаар "улс, аймаг"
гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр МЭӨ 297 оны орчим хятадад эзлэгдсэн
Жуншан улсыг нэгэн Жиүн болгон уг нэрээр үлдээсэн нь Хань улсын 400
жилийг элээж хэвээр хэрэглэгдэж байсан нь илэрхий. Ийнхүү Жуншань нар,
Жао улсын эсрэг цагаан хэрэм босгосон нь он цагийн хувьд хуосяо нарын
байгуулсанаас даруй 50 гаруй жилийн өмнө болжтаарлаа. Одоохондоо үүнийг
няцаах мэдээ үгүй байна.
5. ЖУНШАНИЙ СОЁЛ БА ХЭРЭМ
Нүүдэлчид
хэрэм байгуулсан гэхээр бидний заалгаж сурсан нийтийн түүхийн ойлголтод
нилээд гаж санагдах байх л даа. Тийм учраас зарим зүйлийг тайлбайрлах
гэж оролдъё. Өвгө түүхийн нэртэй судлаач, Еөншөөв А.Дамдинсүрэн гуайн
хэлсэн сайхан үг бий."Нүүдэлчид гэхээр зөвхөн эсгий гэрээр ойлгох нь
өрөөсгөл шүү. Дөрвөлжин сууцыг модоор ч, шавар тоосгоор ч босгож л
байсан улс, тэд" гэж тэрбээр хэлсэн юм. Үнэхээр эртний сүг зураг, болоод
археологийн олдворуудаас харахад дөрвөлжин сууц, цаашлаад шавар шорооны
цощолбороос нүүдэлчид шантарч ухраагүй, харин ч түүнийг байгалийн
нөхцөлд тохируулан хэрэглэж байсан нь илэрхий. Гэхдээ энэ нь сонгодог
сууц болох эсгий гэрээ сайжруулан бүтээх замын зөвхөн нэгэн гишгүүр гэж
ойлговол зохистой. Энэ нэгэн зүйл. Хоёрдугаарт, өгүүллийн эхэнд
хэлсэнчлэн Төв азийг бүхэлд нь эзэгнэж асан нүүдэлчидээс Шар мөрний
урсгал дагуу буюу Хуосяо нартай хаяа нийлж байсан овог аймгууд газар
тариалан эрхэлж, хот сууриныг байгуулж байжээ. 1950-аад онд хятадын
археологчид Хэбэй мужийн Жижиэжуан тосгонд малталт хийж ваар, тоосго,
тариалангийн багаж олсныгоо нарийвчлан шинжээд, Хуосяо нарынхаас
ялгаатай болохыг тогтоож "Жуншаний соёл" гэж нэрлэсэн юм. "Шицзи"-д
өгүүлсэн "Жао улсын довтолгоонд ертөж, Жуншань улс дервөн цайзаа
булаалгав" зэрэг өгуүлбэр ч дээрхийг нотолно. Чухам энэ суурьшсан байдал
нь Жуншаний мал аж ахуйг бэлчээрээр гачигдуулж, улмаар ахуй, соёлын
тусгаар тогтнол нь сулрахад хүргэсэн бололтой. Ямар боловч Жуншань нар
хэрэм барьжээ гэхэд төдий л гайхах үндэсгүй юм.
6. САНААЧЛАГЧ САНААЧЛАГЧАА ДӨНГӨХГҮЙ.
Одоо
дээрхи мэдээллийг нэгтгээд үзье. Хятадын Чжао ханлигийн эзэн; Ү лин
ван, МЭӨ 301 онд Жуншань улсыг бут ниргээд умар зүг
одоогийн Цагаан хэрмийн эх үүсвэрийг тавьжээ. Тэгвэл Жуншань улс
түүнээс 68 жилийн өмнө буюу МЭӨ 369 онд мөн "Цагаан хэрэм" барьж Хуосяо
нарын довтолгоог зогсоох гэж оролджээ.
Дахин тодруулахад
"Жуншань" гэдэг бол улсын оноосон нэр, Жуншань улсын байгуулсан үндэстэн
нь нүүдэлч Жун ди нарын салбар цагаан ди-гийн Сяньюнь байлаа. Сяньюнь
гэдэг нэр Монгол бичгийн дуудлагаар Сүннү буюу Шүннү болно. Боржигон
Д.Нацагдоржийн "Түүхийн шүлэг"-т гардаг Шүннү даруй мөн бөгөөд Хүннү
нарын өвгө билээ. Үйл явдлыг сэргээн сөшгөвөл МЭӨ369 оноос хойш буюу
Жуншань улс өмнөд хил дээрээ хэрэм босгосны дараа МЭӨ307 он хүртэл
жараад жил Чжао улсын довтолгоонд өртөөгүй бөгөөд гагцхүү Жуншань улсын
баруун талаас хятадын Вэй ханлиг довтолж, Хуншаний эзэн арга буюу хэрмээ
хамгаалах боломжгүй болсны дараа л дайран орсон юм. Үүнээс үзэхэд Шүннү
нарын байгуулсан хэрэм нилээд үүрэг гүйцэтгэсэн бололтой. Нэн
сонирхолтой нь МЭӨ 352 онд Вэй улс, МЭӨ 301 онд Чжао улс МЭӨ 270 онд
Цинь улс тус тус умар зүгт Цагаан хэрэм босгосон нь Жуншань улсын үлгэр
жишээг дагаж мөрдсөн гэхээс өөр аргагүй байна. МЭӨ 214 онд Цинь улс
хэсэг бусаг тэдгээр хэрмийг залган нэгтгэж улмаар өрнө, дорно зүгт
тэлснээр 2000 гаруй жилийн турш хоёр их соёл иргэншлийг заагласан аварга
хэрэм болох тавилантай санж. Бахархалтай нь хүн. гэгч амьтан байгаль
ээжийнхээ бүтээл шиг гайхамшигт зуйл туурвиж чадахын онгодыг тийнхүү
өвлөсөн нь нүүдэлчид байсан аж. Харамсалтай нь, тэр онгодын амьд биелэл
болон сүндэрлэсэн их хэрмийнхээ ард өөрсдөө өнө эртний үржил шимт уугуул
нутгаасаа үүрд таслагдсан ажгуу.
УЧИГ ШИНГЭЭХ НЬ:
Үзэл
суртлын хүлээс алдуурсан 90-ээд оны цоргилуун он жилд
үндэстнийхээ өв соёлын нууцыг нээж дуу алдан бичигчид олширсон нь
сайхан. Энэ тухайд ухаалаг зарим сэхээтэн "Урьд нь бүх юмыг Монгол
дуусгадаг байсан. Харин одоо бүх юм Монголоос гаралтай болжээ" гэж
шоглох болсон нь бодууштай асуудал мөн. Баталгаа нотолгоогүй бол ямар ч
шинэ онол, онол чигээрээ л үлддэг. Хэрвээ
миний өгүүлэл түүний
тоонд орвол хэн нэг шог зохиолчид талхны мөнгө олох сэдэв болоосой!
гэж ерөөгөөд дахин ном судраа онгичихоор суух болно. Гэвч өвгөн Галилей,
шашны шүүхээс гарахдаа "Ямар ч байсан дэлхий эргэдэг л юм даа" гэсний
адил.
Зохиолч, түүхч Т.МАНДИР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих