Өнгөрч буй амралтын өдрүүдэд манай сурвалжлах багийнхан "Би комбинат”-аар ороод ирлээ. Хотын баруун бөөрөнд орших "Био комбинат” –д ямар ч бүтээн байгуулалт алга. Ажлын байр нь ч хангалттай бус. Угтаа бол Хан-Уул дүүргийн нэг хороо. Гэвч иргэд нь алслагдсан сумдад амьдарч байгаа мэт байдалтай л байх юм. Цэцэрлэг , сургууль нь хүрэлцээ муутай учраас хүүхдүүд нь бүрэн хамрагдаж чаддаггүй гэж байна. Олон айлын хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ байдаг байх юм. Энд ердөө дөрвөн орон сууц байгаа. Энэ дөрвөн орон сууц 1990 оноос хойш халуун усгүй болчихжээ. Тэгсэн атлаа "Био комбинат”-д нийтийн халуун усны газар ч гэж байхгүй байх юм. Иргэд нь МЭӨ зуунд амьдарч байгаа мэт усанд ч ордоггүй, эрүүл ахуйн хувьд тэг үнэлгээ авах хэмжээнд амьдарч байна. Эндэхийн хүүхдүүдэд үзэж харах юм гэж юу ч алга.
Кино театр, музей, клуб, номын сан, усан басэйн гэх мэт бол үлгэрт л гардаг гэж бодон өсч байна. Томчууд нь ажлын байргүй болчихож. Иргэд нь "Био комбинат”-д голдуу ажиллаж байсан төдийгүй цомхотгол нэрийн дор хүмүүсээ халж солих нь хэвийн үзэгдэл болчихсон байх юм. За тэгээд дэлгүүр хоршоо бараг байхгүй. Саяхан нэг хүнсний зах ашиглалтад орж иргэдийн магнай тэнийсэн байх юм. Бас нэг хамгийн чухал асуудал нь эмнэлэг. "Био асралт” гэж өрхийн эмнэлэг байдаг гэж байгаа. Тэгсэн атлаа 8-17 цагийн хооронд л ажиллана, дуудлага энэ тэрд бол огт явдаггүй юм байна. Оройн цагаар хүүхэд, хөгшчүүл, иргэд өвдлөө гэхэд дуудлага дуудахад хотоос ирэх гэж олон цаг болдог гэж байгаа. Заримдаа бүр ирдэг ч үгүй.
Бас нэг асуудал нь зам. Угтаа бага боловч засч янзалсан юм билээ. Гэвч "дуьуу алсан могой” шиг л халтуурдаад хаячихсан байх юм. Бас тэгээд "Би комбинат” дотор нийтийн тээвэр явдаггүй. Хүүхдүүд сургуульдаа явах гэж тав, зургаан клометр алхдаг гэж байгаа. Хавар, намар ч яах бэ болгоод байх биз. Харин өвлийн улиралд бол хүнд байдаг юм байна.
Энэ мэтчилэн "Био комбинат”-д ямар ч хөгжил алга. Хаягдсан хороо, хаягдсан хүмүүс л энд амьдарч байна Л.Болд болон Ц.Оюунгэрэл сайд аа. Та хоёрт хандаж байгаагийн учир нь 2012 оны сонгуулиар та бүхэн Хан-Уул дүүргээс сонгогдсон. "Био комбинат” бол тус дүүргийн нэг хороо. Угтаа бол та бүхэн сонгуулиар очихдоо энэ хороог хөгжүүлэх цаг болсон гэдгийг хэлсэн юм билээ. Та бүхнийг хүрз , жоотуу бариад тэнд очих ёстой гэж хэлээгүй юм шүү. Энд бүтээн байгуулалт хийж хөгжүүлэх цаг болсныг ярих шаардлагатай гэж хэлж байгаа юм. Нэгэнтээ л ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон бол та бүхэн энэ хороог мартах учиргүй. Энэ хүмүүс 21-р зуунд амьдарч байгаагаа мэдрэх эрхтэй л байлтай.
За ингээд "Био комбинат”-ын иргэдтэй уулзаж ярилцсан ярианд та бүхний анхаарлыг хандуулж байна.
Иргэн Б. Эрдэнэчимэг : Би 50 гаруй жил энд амьдарч байна, намайг дагаад хөгширч байна даа
Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу та бүхэн?
Сайн, сайн байна уу?
Та бүхэн "Био комбинат”-ын оршин суугчид уу? Энд хэр удаан амьдарч байна вэ?
Тиймээ. Би бол энд 50 гаруй жил амьдарч байна. Унаган хүүхэд л дээ.
"Био комбинат”-ын хөгжил хэр байна?
Одоо байж байгаа байдал нь нэг иймэрхүү л байна. Тосгон гэхээр тосгон биш. Юу ч гэх бэ дээ. Настай хүмүүсийн хөгшин газар л гэхүү дээ. /инээв/
Шинэ бүтээн байгуулалт бараг харагдахгүй байна. Ер нь та бүхний өмнө тулгамдсан асуудал юу байна?
Халуун ус ч байхгүй, цэцэрлэг, сургууль нь хүрэлцээ муутай. Дэлгүүр хоршоо муутай, эмнэлэг байхгүй гээд л олон асуудал байна шүү дээ. Улсын юм гэж бараг байхгүй. Сургууль, цэцэрлэг хоёр нь л улсынх. Гэхдээ хүрэлцээ тун муутай. Олон хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Дээрээс нь хог новш, бохир усандаа дарагдчихсан нэг ийм л газар байна. Зам нь ч бас хэцүү.
Яагаад хөгжихгүй байна гэж бодож байна вэ?
Ёстой хэлж мэдэхгүй юм даа. Манай эндээс олон сайхан гишүүд сонгогдсон. Уг нь бол хэлсэн ярьсандаа үнэнч байвал сайн л байна. Энэ газрыг сайхан болгож өгөөч гэж хэлмээр санагддаг. Энэ зүүн өмнөхийг Дэнж гэдэг. Энэ бол бүр л хог шороондоо дарагдсан ийм газар. Манай энд чинь үзвэр үйлчилгээ ч байхгүй, ер нь байх юм байхгүй л болчихоод байна.
Иргэн Д.Доржжадамбаа: Өрхийн эмнэлэг нь олон эмч сувилагчтай, гэвч ажлаа хийдэггүй
Нэг үеэ бодвол хүн ам ихтэй болжээ. Энэ өмнөх газар л гэхэд хоосон шахуу байсан санагдаж байна?
Манай энд чинь дөрвөн орон сууц л бий. Өмнө нь цөөхөөн айл байдаг байлаа. Одоо маш их нэмэгдэж байна. Цэргийн анги, капитал гээд л айлууд нь нэмэгдсээр л байна. Шувуу хүртэл бүр маш их айл байна. Орон нутгийн иргэдэд газар ч олдохоо байлаа. Хүн ам нь өсөөд байна, хөгжил нь хоцрогдоод байна даа.
Асуудал их л байгаа юм байна даа?
Их бий. Энд хүүхэд хөгжих ямар ч боломж бололцоо байхгүй. Цэцэрлэг нь орон тоо хүрэхгүй. Гэрээрээ маш олон хүүхэд байна. Хүүхдүүд сургуульдаа явах гэж нэг талдаа 5,6 км алхана. Сургуулийн машин энэ тэр гэж байхгүй шүү дээ. Уг нь манайх Хан-Уул дүүргийн нэг хороо шүү дээ. Хорооны хэмжээнд хүрнэ гэж байхгүй бололтой. Бас үер ус орж ирээд хүнд. Нөл элсэн дунд л говийнхон шиг амьдарч байна.
Энэ олон асуудлаа хорооны засаг дарга болон бусад холбогдох хүмүүст хэлж ярьж байсан тохиолдол бий юу?
Байлгүй яах бэ. Хорооны засаг дарга, нийслэл, дүүргийн , их хурлын төлөөлөгч нар байна. Бид нар асуудлаа хэлдэг. Ирэхээрээ баахан шоудчихаад явж байна. Гэхдээ хийж бүтээсэн юм алга.
Оюунгэрэл, Болд гээд хоёр сайд манайхаас гарсан шүү дээ. Энэ улсууд уг нь бол хардаг л байх. Гэхдээ яг үнэндээ ийм тийм юм хийж өгсөн нь алга л байна. Жаахан анхаармаар байгаа юм уг нь. Тойрогтоо тэрбум төгрөг зарцуулах эрхтэй л гэдэг яг юу хийсэн юм бүү мэд.
Хорооны засаг дарга юу хийдэг байна вэ?
Уг нь манай хороонд 83 сая төгрөг батлагдаж ирсэн гэнэ лээ. Хорооноос энэ мөнгөөрөө юу хийх бэ гэж иргэдээс асууж хуралдсан. Бид ядаж л энэ дөрвөн байрныхаа өнгө зүсийг сайхан сэргээчих гэж хэлсэн юм. Юу болох юм мэдэхгүй л байна. Манай энд халуун усны газар баригдана, бүтээн байгуулалт хийнэ , дэд бүтэц ирнэ л гэсэн. Ирэх юм уу? 20 иод оны дараа л ирэх байх гэж бодож байна.
Ажлын байр хэр байна, та бүхэн ажил хийдэг үү?
Манайхан чинь "Био комбинат”-даа л ажилладаг байлаа. Харин одоо комбинат хувьцаат компани болчихсон, цомхотгол их хийж байгаа. Энэ байдлаас болоод одоо ажлын байр ч байхгүй болчихлоо.
Эмнэлэг, тусламж үйлчилгээний хувьд юу хэлэх бэ?
Энд " Био асралт” нэртэй өрхийн эмнэлэг бий. Нэг их олон эмч сувилагчтай, түргэний тэрэгтэй. Тэгсэн хэрнээ өглөө 8-17 цагийн хооронд л ажиллана. Дуудлагад бараг явдаггүй. Шөнө гэнэт хүүхэд өвдвөл хотоос түргэн ирвэл ирнэ, ирэхгүй бол ирэхгүй. Манай энэ өрхийн эмнэлгийнхэн чинь 17 цагаас хойш ажиллах ч үгүй, дуудлагад ч явахгүй. Уг нь дотроо юм чинь явж баймаар байгаа юм. Хагас бүтэн сайн өдөр бүтэн амарчихна. орой үдшийн цагаар ажиллахгүй шүү дээ.
Иргэн Б. Эрдэнэчимэг : Бид чинь өвдөж хавдвал заавал хот орно. Дүүрэг нь заримдаа авахгүй. Өрхийн эмнэлгийн бичиггүй гээд авдаггүй юм. Ер нь бол хараа хяналтгүй л газар даа.
Иргэн П. Цэрэндулам: Энэ дөрвөн байрыг л халуун устай болгоод өгөөч
"Био комбинат”-ын хөгжил хэр байна даа?
Одоохондоо тааруу л байна. Яваандаа сайхан болох биз дээ. Барилга , цэцэрлэг барина л гэсэн.
Дутуу дулимаг юм ихтэй юмаа даа?
Хүүхдийн цэцэрлэг дутагдаж байна. Орон сууц байр нэмж баримаар байна. Дэлгүүр байхгүй байна. Гол нь энэ дөрвөн байр 1990 оноос хойш зах зээлд шилжээд л халуун усгүй болчихсон . Тэгсэн хэрнээ нийтийн халуун усны газар ч гэж байхгүй. Энэ иргэд чинь хирнээсээ салмаар л байна шүү дээ. Сургуулийн хүүхэд, ард иргэдэд хэцүү л байгаа. Засаг дарга энэ тэр нь халуун хүйтэн устай болгоно гэдэг юм. Худлаа байхаа. Болгож чадахгүй л байх. Хамгийн гол нь нийтийн халуун усны газар хэрэгтэй шүү дээ.
Ийм жижигхэн нэг хороог хөгжүүлэхэд амархан л баймаар юм?
Манай эндээс соногдсон эрхэм гишүүд ирнээ. Ирээд баахан л яриад байдаг. Гэвч ажил болохгүй юм. Энэ замыг өнгөцхөөн янзалж өгсөн. Хурдан л гүйцээж янзалж өгөөсэй.
Эндээс сонгогдсон Болд, Оюунгэрэл нарт хэлэх үг байна уу?
Манай биог хөгжүүлээд өгөөч ээ. Замыг яаралтай янзлаад, цэцэрлэг сургуулийнх нь тоог нэмээд өгөөч. Орон сууц барина л гээд байсан хаана нь барих юм бүү мэд, бариад өгөөч ээ гэхээс дээ. Дээрээс нь энэ дөрвөн байрыг халуун устай болгох л хамгийн чухал байна.
Ж.Батхишиг
Г.Гантулга
http://www.hunnu.mn/content/40256.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих