УИХ-ын намрын чуулганаар сонгуулийн тойрог, мандатын тоо зэргийг хэлэлцэж баталсан. Үүгээр бол улсыг бүхэлд нь 26 тойрогт хувааж, хөдөөд 34, хотод 14 мандат хуваарилах 2012 оны жишгийг хэвээр нь үлдсэн.
Эрх баригч АН-аас сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчилж хөдөөд гишүүдийн тоог хасч, хотод нэмэгдүүлэх саналыг гаргасан ч сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч явсаар УИХ-аар хэлэлцэгдэх үеэр олонхийн дэмжлэгийг хүлээж чадаагүй батлагдсан нь энэ юм.
Харин АН, МАН-ынхан нэг л зүйл дээр санал нэгдэж чадсан нь саналын хуудасны 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтын аргаар хяналтын тооллого хийхээр болсон нь юм. Өөрөөр хэлбэлсаналын хуудсыг "хар машин”-аар тоолсоны дараагаар 50 хувьд нь гар аргаар дахин тоолохоор болсон гэсэн үг.
Тэгвэл АН-ынхан тойрог, мандатын тооны асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг оруулаагүй байгаа. Тэгэхээр уг хуульд өөрчлөлт оруулах боломж өнөөдөр ч бий гэсэн үг юм. Тиймээс ч намрын чуулганаар баталсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дахин өөрчлөлт оруулахаар болсон байна. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт санал хүргүүлжээ.
Тэгэхээр эрх баригчид сонгуулийн тойрог, мандатын тооны асуудлыг дахин зүтгүүлэх нь. Харин сөрөг хүчин дахин ямар хамгаалалт хийх нь олны анхаарлыг татаж байна.
Хэрвээ уг асуудлыг УИХ-ын хаврын чуулганаас урьдаж хэлэлцэнэ гэвэл ээлжит бус чуулганы хуралдааныг зарлах ёстой. Ирцийн бойкотод орчихгүй бол ээлжит бусаар хэлэлцээд баталчих ч өндөр магадлалтай байгаа юм.
Т.Энхэлээ
24tsag.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих