Монгол Улс наран мандах зүгээсээ эхлэн
цэнхэр туяа татаж, өдгөө дийлэнх нь хөхрөн харагдах байдал улс төрийн
газрын зурган дээр зурайна. Магадгүй хүн, хөзрийн муушиг хоёр анх
Дорнодод үүссэн гэнэ билээ гэх хошигнолтой ижил эл нутаг цэнхрүүдийн
анхны ялалтын тугийг хатгасан газар ч байж мэдэх юм. 1996 оны УИХ-ын
сонгуулиар Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн С.Билэгсайхан, С.Зориг,
Д.Энхбаатар нар гурвуулаа ялалт байгуулсан түүхтэй. Түүнээс хойш эл
нутгийнхан хүний, өөрийн хүүхдүүдийг ялгалгүй чиний, миний нам гэж нүд
үзүүрлэлгүй эрээвэр сонголт хийсээр өнөөдрийг хүрчээ. Тиймдээ ч уугуул,
суугуул, зуугуул горилогчид олонтой тойрог.
Ямартаа л Зам тээврийн сайд М.Зоригт Дорнодод нэр дэвшинэ гэж "алайлж”
байх вэ дээ. Уг нь мань эр энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй
хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр 2004 онд "Эх орон ардчилал эвсэл”-ээс
Дорнод аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдон ажиллаж байв. Харамсалтай нь,
2008 онд нахисан ч нутгийн иргэд түүнд итгэл үзүүлээгүй. Түүний аав
Сүхбаатар аймгийнх, ээж нь Дорнод аймгийн Матад сумын харьяат. Харин
тэрбээр Улаанбаатарт төрсөн нэгэн юм. Тиймээс 2012 онд нь хөрш зэргэлдээ
орших Сүхбаатарт нэр дэвшиж, өдгөө дархан эрх, давхар дээл хоёрыг
хашрааж яваа нөхөр. Хуучин буурин дээрээ дахин хөрвөөхөө мэдэгдсэн мань
эр аймгийн намынхантайгаа уулзахаар очоод хөөгдсөн гэх мэдээлэл бий.
Тиймээс намын дэмжлэгийг авч чадахгүй байх магадлал өндөр.
Эрхэм гишүүнийг гэнэтийн бэлгээр угтсан аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг
уг нь энэ удаагийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэрбээр
өнгөрсөн хугацаанд тус аймагт өрнөсөн засаглалын хямралын эсрэг чанга
дуугарч, намын эсэргүү нөхдийг үдэхээс эхлээд олон ажлыг гардан
гүйцэтгэсэн нэгэн гэхэд болно. Иймээс нутгийн иргэд ч Д.Цэрэнчимэгт ам
сайтай.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч энэ тойргоос хүч үзнэ гэх мэдээлэл
бий. АН-ын шонхорууд тулаанд орохоор болсон бөгөөд дор бүрнээ нэг нэг
тойрог услаад эхэлжээ. Тиймээс АН-ын бусад горилогчдын хувьд тийм ч
амаргүй байх бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан ч мөн
нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. С.Билэгсайханы тухайд 1996 онд нэр
дэвшиж ялалт байгуулж байсан ч дараагийн сонгуулиар нь өвдөг шороодсон
намтартай. Уг нь энэ эрхмийн хувьд М.Зоригтыг бодвол нутгийн уугуул.
Нутагтаа төрж, өссөн нэгэн. Энэ нь мань эрийг дээш нь өргөх хөшүүрэг
болж мэдэх л юм. Гэхдээ УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл ч мөн энэ удаад
хүч үзэх сураг бий. Өвөрхангайн гаралтай ч Чойбалсан хотын захирагчаар
ажиллаж байсан түүнд эл нутгийнхан тун сайн. Нөгөөтэйгүүр, Хөдөө аж
ахуйн сайд Р.Бурмаа ч энэ аймагт нэр дэвших сонирхол их бий. Гэхдээ Халх
гол түүний хувьд хасах оноо авчирч болзошгүй. Нутгийн иргэд түүнийг
хэрхэн хүлээн авснаас нь энэ бүхнийг дүгнэж болно. Ямартай ч эдгээр
эрхмээс гадна Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, Сургалтын төрийн
сангийн захирал асан Б.Мөнхцэцэг, "Глобал удирдагч” сангийн үүсгэн
байгуулагч Б.Отгонбат, генерал Д.Энхбаатарын нэрс дуулдаж байгаа. Дээр
нь ИЗНН-ынхан нэмэгдэнэ.
АН, ИЗНН хоёр нэгдэхээр болсонтой холбоотой Дорнод аймгийн Дашбалбар
сумын ИЗНН-ынхан хуралдаж, намаа татан буулгаж АН-д нэгдсэнээ мэдэгдээд
байна. Уг нь ИЗНН-ынхан хамгийн ээлтэй тойрог нь Дорнод. С.Зориг агсныг,
дараа нь дүү С.Оюуныг нь сонгож байсан. Юутай ч намын нэгдлийн
дараагаар горилогчид ч олширно. Гол нь энэ олон хүнээс мэргэн сонголт
хийх шаардлага АН-д тулгарав бололтой. Эхийн нь эцээхгүй, тугалыг нь
тураахгүйн тулд мөнгөөр шодох уу, эрх мэдлийнх нь хязгаараар хэмжих үү
гэдгийг харах л үлдэх шив. Намын тойргоос шалгарсан хоёр нь өргөтгөсөн
тойрогт бусад намынхантай халз тулна.
Улаан булангаас Х.Болорчулуун зодоглож мэднэ. Түүнд МАН малгайгаа өмсгөх
сонирхол бий. Албан бус мэдээллээр Х.Болорчулуун ч зөвшөөрсөн гэх. Эл
намд байсан хүний хувьд байж болох л хувилбар. Гишүүний тухайд нутгийн
унаган хүү. Бас бүрэн эрхийн хугацаанд байр суурь нь бат байж, шийдэмгий
байсных нь төлөө нутгийнхан тун ч ам сайтай байгаа. Харин түүнтэй дөрөө
харших хүнээр Н.Номтойбаяр өөрийгөө бараг л зарлаад буй. Гэвч тус
аймагт засаглалын хямрал нүүрлүүлсэн нөхдүүдийн ард эрхэм гишүүнийг
байдаг гэх мэдээлэл бий. Иймээс энэ удаад түүний хувьд тийм ч тааламжтай
бус байх болов уу. Хэдийгээр түрийвч зузаан, ар нь асаалттай танк шиг
байж болох ч МАН нэг суудлыг ч болтугай өөрийн болгон авах нь чухал.
Иймээс түүнийг жагсаалт руу явуулна гэх мессеж нисдэг. Улмаар түүний
оронд УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг илгээж магадгүй. Д.Одбаярын тухайд
энэ нутгаас хоёр ч удаа сонгогдсон юм. Гэхдээ энэ хоёроос илүүтэй
Дорнодын уугуул, шинэ залуу боловсон хүчнээ сойх магадлал өндөр байна.
Хуульч мэргэжилтэй Б.Энхбаярыг Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд өгч
байснаар нь олон хүн таних болов уу. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн
Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах бүрт нь Цэцэд дуудаж, алдааг нь засч
залруулсан хүн нь тэр. Магадгүй хууль, шүүхийн хаалга татуулалгүйгээр
нь алдааг нь засч, залруулж өгсөнд нь Н.Алтанхуяг талархсан ч байж
мэднэ. Дорнодынхны хувьд тэр шинэ хүн биш. Бас танихгүй нэгэн ч биш.
Түүний аав аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Төрөл төрөгсөд нь
нутагтаа нэртэй хүмүүс гээд тоочвол чамлахааргүй үзүүлэлт гарна. МАН
энэ удаагийн сонгуулиар залуусаа дэмжинэ гэх мэдээлэл бий. Иймээс
Дорнодын нэг мандат Б.Энхбаярт хаяглагдаж мэдэх л юм. Харин
эмэгтэйчүүдийн тухайд "Бишрэлт трейд” компанийн захирал Б.Ундармаагийн
нэр чих дэлсээд буй.
Л.НИНЖСЭМЖИД
Тоймч.ком
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих