"Сайн роман…зохиогчийн үнэн санааг илтгэнэ”
…Дарвин Өвөр Монголын Олон булгийн талд ирж
байгаагүй нь харамсалтай. Хэрвээ тэр наашаа ирж
үзсэн бол монгол талын чонынг биширч гүйцээд,
хувьслын онолдоо тусгай бүлэг нэмж оруулах байсан биз.
Зян Рун(Хятад зохиолч)
Чоныг уг нь тэнгэртэй амьтан л гэдэгсэн. Гэтэл байдлыг үзээд байхнаа хөөрхий чонын тэнгэр нь хээр хаяа юу даа гэлтэй. Түүнд өртөхгүй юм гэж үгүй болжээ. "Өнөөдөр” сонины зуны нэг дугаарт "Хакухо Японд чоно өсгөх нь” гэсэн мэдээ хэвлэгджээ. Энэ мэдээгээр бол Японд учир зүггүй өссөн бугыг бариулахын тулд монгол чоныг Японд аваачих юм байна. Японы чоно хамгаалах нийгэмлэгээс хамтран ажиллах урилга авсан Хакухо үүнийг уухайн тас зөвшөөрсөн гэнэ. Үүнээс мунхаг би нэг зүйлийг хачирхсан нь огт чоногүй Японд чоно хамгаалах нийгэмлэг юу хийдэг юм бол оо? Японд чоно хамгаалах нийгэмлэг гэж байснаас нээрээ бугатай юм бол буга хамгаалах нийгэмлэг гэж л баймаар юм. Бугаа тэгэж ад үзээд байгаа юм бол Буга устгах нийгэмлэг гэж байгуулаад, алж идэх ажил зохион байгуулмаар юм. Бугын мах ч сайхан шүү дээ!?
Гэтэл бугаа устгуулах гэж манай чоныг уриад байдаг. Үгүй чиш, чоныг биш ээ, их аваргыг! Хачин аа? Хачирхах ч юу байх вэ? Энэ орчлонд хачин юм болохыг алийг тэр гэх вэ! Мөн энд бичснээр Монгол чоно олонтой гэнэ. Монгол нээрээ чоно ихтэй юу? Уг нь бужигнаж байсан гэдэг! Гэвч энэ нь алахын тулд гаргасан шал худал үг биш байгаа?! Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Хятадын зохиолч Зян Руны "Чоно шүтээн” роман "Чонон сүлд”[1] нэртэйгээр монгол хэлээр орчуулагдан гарав.Гарсан даруйдаа Монголд бестселлер буюу хамгийн гүйлгээтэй ном боллоо. Ном гэхлээр үстэй толгой нь бараг арзайдаг болсон монголчууд хятадын энэ зохиолчийн номыг яахлаараа тэгэж их авдаг байна аа? Нээрээ бас хачин аа? Гэтэл хачирхах юмгүй мэт. Учир нь чоно нэрт амьтан, монгол овогт хүн хоёр тэнгэрээс үнэхээр холбоотой бололтой. Нэг нь нүүдлийн соёл иргэншлээ голон суурин иргэншилрүү тэмүүлж, нөгөө нь амьд үлдэхийн эрхээр нүүдлийн иргэншлээс үл хагацан, хоёул салаа замын эрхээр салж байгаа боловч нэг нь нөгөөгөө үгүйлдгийн гэрч нь чонын тухай номын гүйлгээ гэлтэй. "Чи юугаа донгосч байгаа юм, чоно хүнийг үгүйлээд байхдаа яадаг юм” гэж намайг хараах хүн ч гарах байх. Тэгвэл үгүйлдэг юм аа. Манай нэрт яруу найрагч Тангадын Галсан Кубын зохиолчдын хорооны урилгаар Кубад зочлоход Хаваны Амьтны хүрээлэнг түүнд үзүүлсэн гэдэг. Галсан дотуур явсаар нэгэн чонын торны дэргэд очтол тээр буланд хэвтэж байсан чоно гэнэт ухасхийн босож, Галсангийн зүг хар гүйхээрээ ирээд, найрагчийн зүг тор өөд цоройж, хэвтэн хөрвөөж, гийнан гаслаад сүйд болжээ. Монголоос аваачсан, үс ноос нь ширэлдсэн хөөрхий чоно Галсанг холдоход торон дотроо байж ядан холхисоор, хойноос нь ширтэн тэмүүлсээр "доголон нулимс”-тай үлджээ. Чонын нүдэнд "намайг аваад яваа ч дээ” гэж гуйсан харц тодорч байсан гэдэг. Дотроо бол тэр чоно асгартал уйлаа л даа. "Тэр чоно намайг монгол хүн гэж таньсан, тэгэж аяглаж байгааг нь хараад миний самсаа шархирсан шүү” гэж Галсан найрагч над ярьсан даа. Самсаа нь шархираад зогссон нь яамай. Тийм амьтныг харахдаа өрөвдөөд уйлна шүү дээ! Тэр чоно өөртөө дайсагнадаг ч монгол хүнээ, өөрийнхөө цэцгэн дээр нь гишгэлгүй хайрладаг Монголын уул, талаа бэтгэртэл санажээ. Бид байгалиа даан ч ойлгохгүй юм даа! Тэгээд чононоосоо дор болчихсон нь юутай гутамшиг! Ухаа нь, Японд аваачиж төөрүүлэх гээд байгаа чоно маань яах бол?
Халуун орны амьсгал давчдуулсан цаг агаар салхи сөрөн хурдалж явдаг чононд маань таарах болов уу, японуудын идэхгүй байгаа сэжигтэй бугын мах эрүүл зээр, "саруул” хонь зооглодог чонын маань ходоодонд зохих болов уу? Аягүй л бол үгүй дээ. Хөөрхий тэд эх нутгаа санасаар л үхэх болов уу даа. Монголчууд чоноо хадгалж үлдэх нь нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдэхтэй салшгүй холбоотой. Хятад зохиолч Зян Руны "Чоно шүтээн” номд дэвшүүлсэн гол санаа бол энэ юм. Өөрөөр хэлбэл суурин иргэншил нүүдлийн иргэншлийг түрэн устгаж байгаа тухай ном юм. Гэтэл Ерөнхий сайд асан хонь жилтэй Мэндсайханы Энхсайхан гээч "Сайн роман баатрын үнэн түүхийг өгүүлнэ. Муу роман номын зохиогчийн үнэн санааг илтгэнэ” гэсэн сүржин гарчигтай шүүмжийг "Өдрийн сонин”-д нийтлүүлж, улмаар сайтуудаар тараажээ. Тийм ээ, монгол үндэсний үзэлтэй Энхсайхан "хятад популист үндэсний үзэлт” Зян Руныг "бут ниргэжээ.” Гэтэл Зян Руны роман, Энхсайханы шүүмж хоёрыг уншаад, Зян Рун нь хятад популист үндэсний үзэлтэн мөн үү, Энхсайхан нь монгол үндэсний үзэлт мөн үү гэсэн асуулт сэтгэлд зэрэг сэрхийсэн юм. Энэ тухай өгүүлсү. Гэхдээ эхлээд Энхсайханы шүүмжийн учрыг олох гэж оролдъё.
"Зян Рун номондоо "…Чоныг хорвоогийн хамгийн ховдог шунахай амьтан гэлцдэг…нүүдэлчин үндэстэн чонон сүлдийг(чоно шүтээнийг –Г.А.) дээдэлдэг болохыг олж мэдсэн юм” гээд номын гол баатар Билэгт өвгөний амаар "…Танай хятадууд өвс идсээр байгаад хонь шиг болсон улс. Харин манай монголчууд мах иддэг чоно л гэсэн үг” хэмээн хэлүүлсэн байдаг. Иргэншсэн монгол хүний амнаас унах үг биш билээ” гэж Энхсайхан зад шүүмжилжээ. Зян Руныг баримттай өөлсөн нь ердөө л энэ. Гэтэл монгол хүн махыг чоно шиг цохидгоороо бараг бахархдаг. Билгүүн номч Ринчен гуай Бээжинд очоод нэг хятад хүний "Танд манай хоол таарч байна уу?” гэж асуухад нь "Би Улаанбаатарт махыг чоно шиг цохиж байлаа, танай Бээжинд өвсийг илжиг шиг зулгааж байна” гэж хариулсан гэсэн нэг яриа байдаг. Энд хонь, илжиг хоёр нь ялгаатай юм уу даа. Мөн чоныг хорвоогийн хамгийн ховдог амьтан гэдэг нь ч үнэн, нүүдэлчин үндэстэн чоно шүтээнийг дээдэлдэг нь ч үнэн юм. Ингэж хэллээ гэж бухимадаад бугсаад байх юм үгүй мэт. Цааш нь Энхсайхан Зян Рунд цохилт өгөхдөө Нүрзэд гээчийн "…Их засгийн алтан дээд аялгуу” гэдгээр гул барьж. Өөрөөр хэлбэл Зян Руныг балбасан лантуу нь энэ. Инээдэмтэй! Энэ "Алтан дээд аялгуу” гээч нь юу юм бэ? Зохиолч Нагаанбуугийн над ярьсан нь: "Нэг өдөр Нүрзэд уулзъя гэлээ. яваад очсон чинь "Би нэг сэнсаац хийх юм бичлээ. Чи редакторлаад, нэрээ тавьчих. Тэгээд хоёр нэрээрээ гаргая” гэлээ. Би уншаад үзсэн нь ёстой галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байна. Тэгээд би нэрээ оруулаагүй” гэсэн. Би ч анх гарахад нь нээрээ л сонин содон бүтээл байх гэж бодоод унших гэсэн нь болоогүй. Яагаад гэвэл ойлгохын аргагүй. За, яах вэ, миний ухаан дутуу байж болно. 13-р зуунд Сорхагтани бэх ийм айлдвар үлдээсэн гэж бодъё л доо! Тэр нь тэр үеийн монгол хэлний гайхалтай дурсгал баймаар. Гэтэл тэгсэнгүй. Тэр үеийн түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал "Нууц товчоо” маань байна. Хэдийгээр хятад үсгээр тэмдэглэгдсэн нь л олдсон боловч яах аргагүй монгол хэлээр байна. Гэтэл Сорхагтани бэхийн гэх "нууц айлдвар” тэр үеийн монгол хэл биш юм аа. Үгүй бол хэрэйд хэлээр байгаа юм болов уу? Тийм хэл үнэхээр байсан бол, Нүрзэд агсан тэр хэлийг нь мэдээд түүнийг нь тайлсан бол нээрээ л гайхамшиг. Тэр "гайхамшиг”-ийг нь Энхсайхан давхар тайлаад, биднийг сэнхрүүлж байгаа юм байна л даа. Тэгээд ерөнхий сайд бөлгөө маань энэ гайхамшигаасаа ямар гаргалаа хийсэн гээч? Толилуулсу! "Монголчууд өөрсдийгээ дээд тэнгэрээс гаралтай бөрт чоно, гуа марлаас үүсэлтэйгээ мэднэ. Тэдгээрийн дундаас "Хижи гөрөөс” бий болсон байж магад. "Хижи гөрөөс”-өөс хүн бий болж, улмаар иргэншсэн орчин үеийн "хүн” болтлоо түүхийн их л урт замыг туулсан гэдгийг монголчуудын ам дамжин бидэнд өвлүүлсэн туулиас мэдэж болно” гэж тун айхавтар "нээлт” хийжээ. Үүнийг "нээлт” гэхээс өөр аргагүй юм. Учир нь Бөрт чоно, гуа(уг нь "гуа”-тай ямар ч хамаагүй "хоо” гэсэн үг бөгөөд ухаа гэдэг утгийг заадаг, одоо ч энэ үг дүрвэд, урианхай аялгуунд байж байна) марал хоёрын дундаас "хижи гөрөөс” гэж амьтан үүсээд, тэр нь хүн болсон юм байна шүү даа. Тэгээд цааш нь "Ан хийх үйл хэрэгт хижи гөрөөс, чоно бие биенэсээ суралцаж байсан нь тэдний хооронд хорших зам нээгдсэн байж болох. Тэрхүү хоршлоос бүх нохой бий болсон” гэж өгүүлжээ. Үүгээр бол мөнөөхөн "хижи гөрөөс”, өөрийгөө бий болгосон чонотой эргэн нөхцөж, тэр хоёрын дундаас нохой үүссэн болж таарч байна. Тэр "хижи гөрөөс” гээч нь хүн ч бий болгодог, нохой ч бий болгодог гайхалтай ид шидтэй амьтан байх нь. Энхсайхан "өнөөдөр асар ач холбогдолтой судалгааны бүтээл”, "амаар өвлүүлсэн тууль” гэж өөрийн хөөргөдсөн энэ "айлдвар” гэгчээсээ хийсэн гаргалгаа нь гэвэл энэ. Энэ айлдвар гээч нь "цоо шинэ төрлийн хүн” Монголд (Алтайд) байсныг нотолж байна гэнэ. Тэгээд "Уг айлдварыг худал гэж хэлэх хүн-гөрөөс(Тодосгов-Г.А.) захаас авахуулаад бий гэдэгт эргэлзэхгүй байгаа” гэж сүртэйхэн мэдэгджээ. "Хүн хар гөрөөс” гэхээр монголчууд алмасыг ойлгодог доо. За энэ ч яах вэ, харин молхи би "тэр айлдвар” гээчийг чинь шал худал гэж хэлчихээд "хүн гөрөөс”-өөрөө дуудуулъя аа, яадаг юм. Ийм айлдвар ам дамжиж ирээгүй гэж ам шүд алдаад "алмас”-аараа хэлүүлъе, "ийдэг” юм. Над үнэндээ тэгэж хэлүүлэхэд хулчийх юм ер алга. Яагаад гэвэл би санаанаасаа зохион, "цээжний бангаар” бурсан "ухаан”-д бус, түүхийн ухаан, түүхэн сурвалж, түүхэн домогт биширдэг юм аа. Түүхэн үнэнээр бол Бөрт Чоно, Хоо Марал нь "хижи гөрөөс”-ийг үүсгэсэн амьтад биш, монгол шүтээний нэрээр нэрлэгдсэн түүхэн хүмүүс билээ. Үүнийг нотолж ядаад байх юмгүй, түүхийн ном хальт сөхөөд л гүйцээ. "…Тэрхүү Эргүнэ Гунаас гарч ирсэн дарилгин монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй нь Бүртэ Чино байжээ. Бүртэ Чино… түүхэн хүн болох нь тодорхой байна” гэж "Монгол Улсын түүх”-ийн дэд ботид цагаан дээр хараар бичсэн байна. Тэгвэл "Монголын нууц товчоон”-д "Xааны узуур. Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий ину Хоо марал ажээ… Онон мөрний тэргүүнээ, Бурхан Халдунаа нутаглаж төрсөн Батчихан ажгуу. Батчиханы хөвгүүн Тамача… ” гэж өгүүлсэн байх юм. Иймд Бөрт Чоно, Хоо Марал хоёр "хижи гөрөөс” буюу "хүний цоо шинэ төрөл” бус, ердөө л Батчихан гэдэг хөвгүүн төрүүлсэн юмсанжээ. Бөрт Чоно маань Чингис хаанаас дөрвөн зуу гаруйхан жилийн өмнөх хүн байдаг. Гэтэл "Алтан аялгуу”, Энхсайханы шүүмжид бүүр байчихаад нөгөө "Хижи гөрөөс” чинь Буман настай Бу-ул гүн эмгэн болоод хувирчихсан, түүнээс Бух хөгэнхүн гээч гарч, Буханчир бас гарч, түүнээс Боданчир хөгэхүн салсан гэнэ. Тэгээд дөрвөн түмэн насласан морьтонгууд дөрвөн ухамсрыг олсон юм гэнэ. Саяхан л "Хижи гөрөөс” гэдгээ Бөртө Чоно, Хоо Марлаас гарсан гэж байснаа буман настай Бу-ул эмгэн болгоод хувиргачихав. Жинхэнэ галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг энэ байх. Сорхагтани бэхийн "айлдвар” гээчийг зохион тайлбарлагчид Монголын түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн түүнийг арвангуравдугаар зуунд үхсэн тэр авгай ямар босч ирэх юм биш гээд гүжирдэж байна биш үү! Гэвч сүнс нь тэнгэрээс "харж” байвал яана даа яана! Тэрчилэн Зян Руны иш татаж, Энхсайханы "монголчуудыг иргэншилгүй, зэрлэг гэж харуулсан” гэж муулаад байгаа хятад сурвалж бичгүүдийг манай түүхийн эрдэмтэд(Сүхбаатар, Далай, Очир гээд олон) өөрийн зохиол бүтээлд болон "Монгол улсын түүх”-ийн тэргүүн ботьд монголын түүхийн гол сурвалж бичигт тоолсон байх юм. Манай эрдэмтэд өөрсдийгөө "зэрлэгт” тоолоогүй л байлтай гэж гайхширч суунам. Эдгээр нь Зян Руны "Кунзийнхний зориуд устгасан” тэр сурвалжуудаас үлдсэн цөөхөн нь байх аа.
Тэгвэл одоо Энхсайхан нарт "фашист” гэж цолуулсан Жан Руны номноос ишлэе л дээ. "Чоно шүтээн үнэндээ Күнзийн суртлаас өнө эртний уг сурвалжтай болохоор байгалийн залгамж чанар, амьдрах хүчтэй байж таарна. Тухайлбал Күнзийн суртлын үзэл санааны тогтолцоон дахь "Гурван хэлхээ, таван ашдыг аваад үзэхэд тэрхүү ухагдахуунууд одоо аль эрт хуучраад үеэ өнгөрөөгөөд байна. Гэтэл чоно шүтээний гол үзэл санаа өнөө хэр амьдрах чадвараа хадгалж буйгаар үл барам тэргүүний хөгжилтэй үндэстнүүд чухам түүнийг улаачлан авч яваа юм.Чухамхүү Монголын чоно шүтээн хэмээх үзэл нь нийт хүн төрөлхтний нандин өв билээ”(420 дахь талд). Үүнийг ойлгож ядах юмгүй. Жан Рун абугай Күнзийн суртлыг Хятад төвийн үзэл болгон өргөмжилдөг ёстой хятадын популист үндэсэрхэг үзэлтнийг сөржээ, нэгд тэр. Хоёрт, Монголын чоно шүтээнийг нийт хүн төрөлхтний түвшинд өргөн тавьжээ.Юм ойлгодог хүнд бол тэрвээр "үнэн санаа”-гаа нууж хаасангүй, цэцэрхэж маягласангүй шулуухан л палхийтэл хэлж орхисон нь тодхон харагдана. Энэ санаагаа бүр лавшруулж "Тэгээд ч нүүдэлчидтэй хэдэн мянган жилийн турш дайтсан Күнзийн сурталчид чоно шүтээний тухай бичиж тэмдэглэх нь байтгуай тэр талын сурвалжуудыг зориуд устгаж байсан нь лавтай” гэж зоригтойёо хэлжээ. Тэр үнэн байх аа. Манай нэрт романч Ж.Пүрэв агсан бүүр социализмын үед бичсэн "Зүрхний хилэн” романдаа Монголын түүхэн сурвалжуудыг айлуудаас хураан авч, Бээжинд аваачиж байсан тухай цухас дурдсан байдаг билээ. Яах гэж тэр билээ? Жан Руны бичснээр "устгах” гэж.! "…Чань Жэньд тал хээрийн чоно болон чоныг сүр сүлдээ болгон дээдэлдэг тал нутгийн үндэстнийг бишрэх сэтгэл төрөв”(48 дэх талд). Зохиолын гол баатар Чань Жэнь Ази, Европыг нэлэнхүйд нь эзэлж, бөөрөнхий гарагийн түүхэнд хамгийн өргөн уудам нутагтай Монголын эзэнт гүрнийг байгуулж чадсан жижиг үндэстний цэрэг дайны суу билиг чухам юунаас үүдэлтэйг эрэгцүүлж, амьдралын арвин туршлагатай Билиг өвгөний яриаг сонссоор тийм сэтгэлтэй болсон ажээ. Энхсайхан гуай минь ээ, ганц ч гэсэн хятад хүн монголыг бишрэх сэтгэлтэй болсон нь буруу гэж үү? Үнэхээр зэрлэг бүдүүлэг гэж үзсэн аваас бишрэх гэж үү? Чань Жэнь эмнэг моринд чихдэж байгаад номхтгодгийг харахдаа хятад газрын эздийн авгай нар шивэгчнээ чихдэж шийтгэдэгийг санаж, үүнээсээ ургуулаад "Хүчирхэг үндэстнүүд сул дорой үндэстнийхээ чихийг атгах дуртай байдаг. Тэгвэл сул дорой үндэстэн бүүр жижиг үндэстэн ястныг чихдэж авдаг байна” гэсэн гаргалгаа хийж байх юм. Тийм ээ, үүнээс үнэн юм гэж хаа байх билээ. Үнэхээр том үндэстэн жижиг үндэстнийг чихдэн номхруулах гэж дайрдаг нь гэм биш зан юм. Ийм үг хир баргийн хятад хүний амнаас гарахгүй дээ. Жан Руны амнаас бол гарсан л байгаа юм даа. "Чи бид хоёр ингэж суурьшмал соёл иргэншил нүүдлийн соёл иргэншлийг бут ниргэхийг хардаг байна шүү.” Жан Руны энэ өгүүлбэрт баяссан бус, харууссан өнгө бэлхнээ байгаа юм. Тийм ээ, энэ дэлхийд суурин иргэншил, нүүдлийн иргэншил гэж хоёр иргэншил зэрэгцэн оршиж ирсэн. Дорнын гүн ухааны нэр томъёогоор хэлбэл эдгээр нь арга билиг хоёр. Гэтэл суурин иргэншил нь нүүдлийн иргэншлээ залгисаар ирсэн. Өөрөөр хэлбэл, арга нь билгээ буюу бүдүүн нь нарийнийгаа "чихдэн” идсээр ирж. Одоо дэлхий дээр суурин иргэншлийн хүрээлэлд баян бүрд болж үлдсэн нь гагцхүү монголчуудын нүүдлийн соёл иргэншил юм. Манай зарим сэхээтэн "бид нүүдэлчид биш” гэж зарлаж, "нүүдэлчин” гэж хэлүүлэхээсээ ичиж байгаа боловч молхи миний хувьд өвгө дээдсээ нүүдэлчин байсанд баясдаг, түүгээр нь бахархдаг юм. Нүүдэлчний өвөрмөц соёл, Зян Руныхээр бол "чоно соёл” бүтээсэнд нь цээжээ балбадаг юм аа. Гэтэл монголчуудаас өөр хэний ч бүтээгээгүй бөгөөд манай нэрт яруу найрагч Мэнд-Оёогийн
Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он цагууд өнхөрсөөр гэж магтан дуулсан энэ соёл иргэншил захаасаа устаж эхлээд байна. "Нэгэн үндэстний сүлд шүтээн үгүй болсноор үндэстний оюун санаа ч устаж, улмаар түүнийг дагалдан монгол үндэстний оршин тогтносоор ирсэн тал нутаг ч газрын хөрснөөс арчигдан алга болох магадлалтай бус уу?” гэж Жан Рун түгшингүй асуулт тавьсан. "Би урьд нь хятадын суурьшмал соёл өрнөдийн хүчирхэг соёлын нөлөөнд автахвий гэж эмээдэг байсан юм. Гэтэл тариачны суурьшмал соёл нүүдэлчдийн соёлыг ийм хэрцгий догшин сүйтгэдэг гэдгийг үнэхээр бодож байгаагүй” гэж зохиолын нэг баатар Ян Ко хэлж байна. Чухамхүү энэ санаа нь Жан Руны романы ёстой л "улаан шугам” гэдэг нь дээр иш татсан бүх өгүүлбэрээс тодорхой.
"Хятадын зохиолч Зян Рун номынхоо монгол орчуулгын өмнөх үгэндээ "Чонон сүлд” болбоос уран зохиолын бүтээл болохоос биш, амьтан судлалын сурах бичиг биш юм шүү гэдгийг тайлбарлан хэлэхийг хүсэж байна. Энэ зохиолд би Шилийн голын талд удаан хугацаанд амьдрахдаа өөрийн биеэр үзэж туулсан бүхнийг багтаан, хожим нь бодот баримт дээр тулгуурлан боловсруулалт хийсэн болно” гэжээ. Бодот баримт гэдэг нь хятадын түүхэн сурвалж бичгүүд бололтой юм” гэж мушгижээ. "Чоно шүтээн” ном "хижи гөрөөс” гэдэг амьтан судлалын ном биш гэдгийг Жан Рун тодорхой хэлж л дээ. Энэ нь Энхсайханд таалагдсангүй. "Бодот баримт гэдэг нь хятадын түүхэн сурвалж бичгүүд бололтой” гэж Энхсайхан үзснээрээ "тэрхүү бодот баримт”-ыг ойлгосонгүй. Ерөөс ойлгохыг ч хүссэнгүй. Энхсайханы "монголчуудыг иргэншилгүй, зэрлэг гэж харуулсан” хэмээн муулаад байгаа хятад сурвалж бичгүүдийг манай түүхийн эрдэмтэд(Сүхбаатар, Далай, Очир гээд олон) өөрийн зохиол бүтээлд болон "Монгол улсын түүх”-ийн тэргүүн ботьд монголын түүхийн гол сурвалж бичигт тоолсон байх юм. Манай эрдэмтэд өөрсдийгөө "зэрлэг” гэж харуулах гээгүй л байлтай гэж гайхширч суунам. Зян Руны бичснээр хятадуудын зориуд устгасан бүтээлүүдээс сугарч үлдсэн цөөхөн нь тэдгээр байх л даа. Гэвч Энхсайханы гүүрээгүй "бодот баримт”-ын тухай өгүүлсү. "Гол гатлаад цаашаа жаахан явтал Олон булгийн талд хаа сайгүй цементен баганатай төмөр утас хэрсэн нь фронтын галын шугаманд яваад очив уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ”(579 дэх талд) гэж Зян Рун бичжээ. Энэ бол баримт! Өнөөдөр Өвөр Монгол өргөст торон дотор суугааг би өөрийн нүдээр үзсэн! "Чоногүй болсноор морьгүй, морьгүй болсноор одоо үхэр малаа барахын цондон болжээ. Морин дэл дээрх үндэстэн мотоцикл унасан үндэстэн болон хувираад, яваандаа экологийн сүйрэлд учирсан үндэстэн болохыг хэн байг гэлээ”(580 дахь талд) гэж Зян Рун бичжээ. "Ганц гэр харагдсангүй” гэж Зян Рун нэмж дуун алдсан. Энэ бүхэн бодот баримт бөгөөд гарцаагүй үнэн! Өвөр Монголын нутгаар молхи би аялахдаа талд цайлалзах цагаан гэр би хараагүй. Хөндий дүүрэн дэлхэх мал сүрэг үзээгүй. Дөрөө зуран сугсалзах шаргал өвсний үнэр үнэртээгүй. Хүрээлэн татсан өргөст торон дотор ганц шавар тагз, торныхоо шон уйтгартайяа шөргөөн зогсох 5-6 адуу, элсэн дотроос сөрдийх ганц хоёр өвсийг дуртай дургүй хазлах 20-иод хонь л байх юм билээ. Энэ бол Өвөр Монголд үргэлжлэх ердийн зураг. Өвөр Монголын нутаг газар дороо асар их баялагтай тул хятадууд түүнийг нь ухаад туж элсэн манх болгосон байна билээ. Өвөр монголчуудыг хятадын засгийн газар хүчээр суурин амьдралд оруулснаар өвөр монголын өнөөгийн байдал ийм л болсон байна.
Нутаг минь газрын зураг дээрээс
Нулимс дүүрэн нүдээр
Намайг дандаа ширтэнэ гэж өвөрлөгч яруу найрагч Буянхишигийн "Нутаг” шүлэг үүнийг батлана. Энэ өгүүллийг бичигч миний бие тэр бүхнийг элэг эмтрэн үзэхдээ Зян Руны үнэн санааг ойлгосон юм аа. Номын гол баатар чонын бэлтрэг гинжлэн тэжээсэн боловч тэр нь үхдэг. Уулаас талын салхи зүсэн жирийлгэж явдаг чөлөөт амьтан гинжүүлэхээр ямар олиг байх билээ. Уулаас уужим амьсгалт уул талаар нүүдэллэн аж төрдөг чөлөөт монголчуудыг өргөст торонд хашихлаар юу болох вэ? Бидэнд Зян Руны сануулаад байгаа аюумшиг бүрийг энд тоочих аргагүй.
Зян Рун "Монгол орчуулгын өмнөх үг”-дээ "Гарамгайгаараа гайхагдсан тал нутгийн чоно, хүн хоёрт болон урьд нь үзэсгэлэнт байдлаараа шагшигдаж байсан Өвөр Монголын их талд энэ номыг зориулав” гэж ултай онцлон бичиж байсансан. Тэгвэл кирилл монгол хувилбарын эхэнд "Үлэмж төгөлдөр эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж бичмээр санагдана” гэж дуун алджээ. Энэ хоёр өгүүлбэрийн цаана Зян Руны ямар үнэн санаа нуугдаж байна вэ? Алаг махны тань тасархай, алтан ясны тэнь хэлтэрхий өвөр монголчууд чинь сүйдлээ. Та нар ч эднүүсийн хойноос орж магадгүй шүү, сэрэмжтэй бай гэсэн үнэн санаа байна аа. Зян Рун хятад хүн мөртлөө яагаад ингэж сануулж байна вэ? "Хэдийгээр би хятад хүн боловч Монголын уудам тал, монголчууд болон талын хөх чононд чин сэтгэлээс хайртай байдаг” гэж хэнээс ч хулчийлгүй, үнэн сэтгэлээ уудлан "ултай” өгүүлжээ. Үүгээр нь би Зян Руныг популист үндсэрхэг үзэлтэн хятад биш, жинхэнэ космополит үзэлтэй хятад хүн байна гэж дүгнэж байгаа юм аа. Энэ үзлийнхээ төлөө Зян Рун Хятаддаа ихээхэн хэл аманд орсон юм. "Миний "Чоно тотем” хэвлэгдэнгүүт л эрдэм шинжилгээнийхэн "соёлыг хуурмагаар зохиолоо” хэмээн дайрч эхлэсэндээ. Шүүмжлэгчид нь монгол хүн чоныг эрхэмлэн дээдлэдгийг үгүйсгэж, монгол хүн чоныг хүндэтгэн "Тэнгэрийн нохой” гэдэггүй, "чоно тотем” гэдэг зөвхөн Жан Рун гэдэг хувь хүний л тотем, монгол хүний сэтгэлийг ноцтой хохироож байна гэхчлэнгээр шүүмжилсэн юм” гэж "Аног дагаж, "Чоно тотем”-ийн соёлын мөр мөшгөсөн минь” өгүүлэлдээ дурдсан нь бий. Энхсайханд итгэх аваас түүнийг бүр Германд Вольфганг Кубин гэгч "Германчуудын өмнө Хятадын нэр сүрийг унагалаа” гэж Зян Рунд их бухимдсан гэнэ. Хар хүний өмнөөс шар хүн гэж тэр бас юу ч билээ. "Фашист” гэж Жан Руныг нэрлэсэн тэр герман өөрөө л фашист биш байгаасай. Коммунист үзэл суртлын үед Зөвлөлтийн эрдэмтэн Л. Гумилев "Байгаагүй орны эрэлд” номоо "Ах дүү Монголын ард түмэнд зориуллаа” гэж биччихээд зөвлөлтийн коммунистууд, их оросын үндэстний үзэлтнүүдэд адлагдаж, шоронд хүртэл орж, манай үзэл сурталчид тэдний амаар түүнийг яаж дайрч давшилж байв даа! Алдартай монголч эрдэмтэн Попе монголчуудыг өмөөрснийхөө төлөө Америкаас хөөгдөж, манай коммунист үзэл сурталчид түүнийг хөрөнгөтний эрдэмтэн хэмээн цоллож, америкийн үндсэрхэг үзэлтнүүдийг даган баясч байлаа. Тэгвэл Зян Рунруу хийсэн Кунзийн сурталчдын дайралттай манай Энхсайханы дайралт дуу дуугаа гайхалтайяа авалцаж байгаа нь хачирхууштай. Коммунист үзэл сурталтай Хятадад Зян Рун номоо Монголын гайхамшигт тал нутагт зориулсан нь ёстой эр зоригын үйлс гэлтэй. Гэтэл ардчилсан Монголд "түүх” давтгадаж байгаа нь тун ч тоогүй. Энхсайхан хаа ч байгаагүй "хижи гөрөөс”-ийг гаргаж ирэхдээ "хижи гөрөөс” нь монголчуудын иргэншилтэй байсны баталгаа, үүнийг үгүйсгэлээ” гэж Зян Рунруу шүлсээ үсэргэсэн. Гэтэл монголчууд бодтой оршдог чоно шүтээнтэй байсан, чоно шүтээнд тулгуурласан нүүдлийн гайхамшигт соёл иргэншилтэй байсан үнэнийг Зян Рун өгүүлсэн юм. Тэгээд энэ "үлэмж төгөлдөр эрх чөлөөт соёл иргэншлийг суурин иргэншил хэрцгий догшноор сүйтгэж байгаа”-д тэрвээр харамссан байна. "Улсын хил хэдийгээр монгол талыг зааглах боловч чоно шүтээн болон "Тэнгэрийн нохой”-н үзэл санааг тасдан хувааж чадаагүй юм” гэж Зян Рун бахархангуй бичжээ. Гэтэл бид тэгэж чадаж байгаа билүү? Хэвэл нэгт ах дүү өвөрлөгчдөө бид "хужаа” хэмээн доромжлоно. Үүнд өвөрлөгчид маань маш их гомддог юм билээ. "Хужаа болсон нь” өвөрлөгчдийн маань буруу гэж үү? Огт үгүй ээ. 1919 оны Хиагтын хэлэлцээрээр Орос, Хятад хоёр бидний нэг болох гэсэн эрмэлзлийг их гүрнүүдийн сүрээр далайлган тас цохисон. 1945 оны Потсдамын хэлэлцээрээр Зөвлөлт, Америк, Их Британи гурав Өвөр Монголоо чөлөөлж Ар Монголдоо авах гэсэн Хорлоогийн Чойбалсангийн амруу алгадаж орхисон. Тэгээд Өвөр Монгол Хятадын мэдэлд очоод юу болсныг тайлбарлаад байхын хэрэггүй. Дээр зөндөө өгүүллээ.Тэгвэл одоо Ар Монголын байдал ямар байгааг авч үзъе л дээ.
Өнгөрсөн өвлийн гуравдугаар сард УИХ-ын гишүүн Алтангэрэл санаачилж чоно хамгаалах асуудлаар амьтан судлаач, агнуур зүйч, сэтгүүлч нарыг цуглуулан зөвлөлгөөн хийлгэсэн. Энд талын чоно устаж алга болcноор зээрийн сүрэгт өвчин гараад сүйд болж байгаа тухай яригдсан. Энэ хэлэлцүүлэг дээр миний бие "Ер нь чоныг хамгаалах гэж байгаа бол цаг үеэ олсон ажил байна. Тэнгэрийн цагаан чоныг хамгаалах гэж байгаа бол маш оройтсон ажил байна. Учир нь тэнгэрийн цагаан байхгүй болсон. Чоно юм болохоор ганц хоёр нуугдаж үлдсэн бол үржүүлж, өсгөх тал дээр бодууштай” гэх зүйлийг хэлсэн. Алтангэрэл гишүүн эрэн олж, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна гэж том амласан. Гэтэл тэр амлалт нь одоо "амар сайхандаа жаргажээ”. Ер нь бол Засгийн газраас талын чоныг алахыг хориглосон тогтоол хоёр жилийн өмнө гаргах нь гаргасан л даа.Харамсалтай нь, энэ тогтоолыг биелүүлдэг тийм журамт бизнесмен, анчин нэг ч байдаггүй. Ихэвчлэн олон үсэрдэг СКИЗ буутай, юунд ч тордоггүй ЖИЙП машинтай тэд чоныг хэдэн арваар нь хядаж, арьсыг нь өвчөөд, машиныхаа урьд хамар дээр дэлгэн хотын гудамжаар давхиж гайхуулна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард чонын зураг авах их санаа агуулан Халхын таван уулаар өдөржин явсан. Гэтэл тэнд жийп, 69 хоёр л сүлжиж байлаа. Биднийг харахдаа тэр машинтангууд бушуухан шилээ харуулан зугтана. Тэд үлийгээ хийж тэр эзгүй хээр өчнөөн бензин шатахуун бараад тэнэж явна вэ? Чоно л "тонших” гэж! Тийм ээ, "Цагаан цээжит азарга чоно сүргээ аваад хилийн зурвас даван одсон”, "Хаяа малчидтай хамсан ганц нэг чоныг элдсээр хил давуулаад орхиход өндөр довцгийн орой дээр гарчихаад бидэнрүү эргэн харж байдагсан” гэж Жан Рун дурссаныг саная. Тэр чононууд Хятадаас амиа аврах гэж Монголоо тэмцэж ирсэн. Гэтэл бид өөдөөс нь тосож буудаад, махыг нь эргүүлээд өнөө зугтсан Хятадад нь зарчихаж байна. Даан ч хуншгүй яа! Чоно алсаар л байна. Чоно цөөрсөөр л байна. Өнөө Засгийн газрын тогтоол яасан? Монголын хууль гурав хоног! Чоныг яагаад хядаад байна вэ? Яагаад гэвэл хятадууд чонын гулууз авах зарыг сэмхэн тараасан. Манай мөнгө цагаан, нүд улаан болсон наймаачингууд ханцуй шамлан, алгаа үрчин ажиллаж өгнө биз дээ. Тарваганы арьс авах хятадын зараар бид тарвагаа алж барсан. Эвэр, чив, сүүл авах хятадын зараар бугаа цөлбөсөн. Одоо чоноруу орж байна. Бидэнд юм үлдэх нь үү? Тэр ч байтугай монгол малын мах авах хятад зараар Улаанбаатарт махны үнэ тэнгэрт хадсныг бид бэлхнээ мэднэ. Монголын дөчөөд сая мал хэдэн тэрбум хятадын ходоодны мухрыг ч дүүргэхгүй. Өвөр Монголыг малгүй болгоод манайхруу орох гэж байгаагийн эхлэл нь тэр. Нүүдлийн соёл иргэншилрүү суурин иргэншлийн хийж байгаа довтолгоо энэ мөн. Жан Руны сэрэмжлүүлээд байгаа нь бас энэ. Гэхдээ бүх бурууг Хятадруу тохоход өрөөсгөл болно. Хятадын түлхээсээр бид тарвагаа дуусгахгүй, бугаа барахгүй, махаа өгөхгүй л байвал барав биш үү. Бид тэгдэггүй нь гачлантай. Гэтэл мөнгө гэдэг шулмас! Энэ шулмас л монголчуудын нүдийг таг хаачихаж. Ерөнхий сайдаасаа аваад ерийн наймаачин хүртэл өөртөө л мөнгө л олж байвал Монголын эрх ашиг тэдэнд бадлий байхгүй. Бид Хятадруу хэдэн чоноо гулуузаар гаргах гэж алж дуусгасан нь багадаад, одоо бас арлын Японруу үлдсэн цөөнийг амьдаар нь гаргаж, амьдын там эдлүүлэх гэнэ. Ай, хөөрхий тэнгэрийн нохой гэж монголчуудын дээдэлдэг чонын тэнгэр нь хээр хаялаа гэж үү? Түүнийг дагаад монголчуудын тэнгэр бас хээр хаях юм гэж үү? Үгүй байх аа гэж би чоно шүтээндээ залбирнам.
"Хятадын "популист” үндэсний үзэл хятадын "төрийн үндэсний үзлээс” ялгаатай боловч ялгаа нь арилахад нэг хуруу хөдлөх төдий” гэж Энхсайхан айхтар зөв бичжээ. Гэвч Хятадын "төрийн үндэсний үзэл”-ийг шүүмжилсэн Зян Руныг утга учиргүйгээр гүжирдэн дайрснаараа "өөрсдийгөө бусдын үзэл суртлын халдлагаас хамгаалах”-ыг номлодог Энхсайхан өөрөө Хятад төвийн үзэлт "хятадын популист үндэсний үзэлтнүүд”-ийн үзлийг хуваалцчихжээ. Эд манай Энхсайханы уг шүүмжийг уншсан бол "Монголд манай хүн байдаг юм байна” гэж яасан их хөхин баярлаж байгаа бол?! Ингэхлээр энэ хүн жинхэнэ монгол үндэсний үзэлтэн мөн үү?! Эсвэл монголчуудын үндэсний үзэл дээр дөрөөлөгч үү?! Тун хачирхалтай. Гэвч хачирхалтай юм аль овоо болохыг тэр гэх билээ?!
Францын жирийн нэгэн уншигч Сэбастиан Марнер гэдэг хүн манай "Book World”("Ном бол…”) гэдэг сэтгүүлийнхэнтэй ярилцахдаа "Хятад зохиолч Зян Руны "Чоно шүтээн” зохиолыг франц хэлээр уншсан юм. Энэ зохиолд монголчуудын бахархлыг оргилд нь хүргэж бичсэн учраас би энэ номыг уншсандаа үнэхээр бахархаж байна. Зохиолч монгол хүний жинхэнэ чанарыг харуулахын тулд хятад үндэстнээ жаахан басамжлан бичсэн юм шиг санагдсан…Энэ бол үнэхээр гайхалтай зохиол гэдгийг дахин хэлмээр байна” гэж өгүүлснийг энд иш татахдаа таатай байна. Харин аливаа угсаатны хүн өөрийн угсаатныг басамжлах гэж юу байх вэ! Зян Рун өөрийн хятад үндэстнийг басамжилсан бус, нэгэн гайхамшигт соёл иргэншлийг хүчээр устгаж байгааг нь л шүүмжилсэн, тэгэхдээ зоригтой шүүмжилсэн байна аа. Коммунист үзэл суртал бүхий Хятадад энэ суртлыг шүүмжилдэг зохиолч бараг байдаггүй болохоор Зян Руны номыг уншсан дэлхий баахан цочирдсон юм болов уу даа.
Эцэст нь, "Сайн роман номын баатрын үнэн түүхийг өгүүлнэ. Муу роман номын зохиогчийн үнэн санааг илтгэнэ” гэж Ерөнхий сайд байсан Энхсайханы тунхагласан энэ "хэлц үгс” гээч нь "Алтан дээд аялгуу”, "хижи гөрөөс” шиг хийгүй буудчихсан эд байна аа. "Сайн роман зохиогчийн үнэн санааг илтгэдэг” юм байна шүү, таминь ээ!
1-р зураг. Монголын сайхан хангайдаа дураар яваа чоно. Увс, Шаазгайт нуур
2. Гинжээр аргамжуулан эрх дураар амьдралаа мөрөөдөж байгаа чоно. Шилийн богд. Зохиогчийн авсан гэрэл зургууд.
[1] "Тотем” гэдэг їгийг "сїлд” гэж орчуулахад утга арай л таарахгїй байх мэт. "Сїлд” нь бэлгэдлийн утга заадаг. Тотем гэдэг нь сїсэглэж бишрэх юмны утга заадаг. Ухаа нь, манай онго шїтээн юм. Урд нь "чоно” гэсэн тодотгол байгаа учир "Чоно шїтээн” гэвэл болоод явчихна. Иймд миний бие энд єєрийнхєєрєє "Чоно шїтээн” гээд явлаа. Орчуулагч уучлах ажааму.
-Г.АКИМ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих