Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Ноёд” групп, "Таванхан” дэвжээ, ШШГЕГ-ын "Сүлд” спорт хорооны бөх, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярыг "Редакцийн зочин” буландаа урьж, ярилцлаа.
-Таны аав сумын заан цолтой хүн байсан гэдэг. Аавынхаа талаар дурсаач?
-Миний аав жирийн малчин хүн байсан. Самбо бөхийн спортын мастер цолтой. Бие галбирын хувьд жижгэвтэр хэрнээ булчинлаг хүн байж билээ. Өөрөө барилддаг байсан болохоор намайг "Бөх болгоё” гэж бодсон юм болов уу. Би дунд сургуулиа төгсөөд гэрийнхнээсээ ганцаараа мал дагасан. Ах нар маань эрдэм номын мөр хөөгөөд явчихсан болохоор надаас өөр бөх болох хүн байгаагүй. Аавыгаа байхад сум, аймгийн наадамд чадахаараа барилдаж, баярлуулж байсан. Гэхдээ мэнд байхад нь улсын цол хүртэж чадаагүйдээ жаахан харамсдаг.
-Таныг 2002 онд Улсын баяр наадамд барилдаж байхад аав тань "Энэ жил миний хүү Улсын начин цол хүртэнэ” гээд мөнгөн аягатай сүү бэлдээд хүлээж байсан гэдэг?
-Тэр жил аавын минь өвчин нэлээд хүндэрсэн болохоор хотод ирж, бөх үзэж чадаагүй юм. Би аймгийн начин цолтой байлаа. Бэлтгэл ч сайн байсан болохоор өөрийгөө улсын цолд хүрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Аав маань барилддаг болохоор надад найдаж байсан юм. Өөрийн буруугаас болж Улсын харцага Ч.Даваадорж агсанд унасан.
-Их уйлсан уу?
-Улсын цол авна гэдэгтээ итгэлтэй байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тиймээс өөрийн буруугаас болсон учир уйлсан. Аавыгаа бие муу байхад нь улсын цол хүртэж, бага ч гэсэн баярлуулсан бол сайхан байхгүй юу. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор "Тэгж баярлавал өвчин нь жаахан ч гэсэн намжих болов уу” гэж бодсон юм. Гэлээ ч наадмын дэвжээ хатуу болохоор яая гэх вэ дээ. Уйлж л сэтгэлээ амраасан.
Ээж Т.Даваадуламын хамт.
-Тэр жилийн уяачдын наадмаар та өөрийн багш Улсын харцага Г.Элбэгтэй үлдэж үзүүрлэсэн.Таны сэтгэл жаахан онгойсон байх?
-Нэг их онгойсон зүйл байхгүй. Гол барилдаан нь улсын наадам байсан юм чинь. Багштайгаа сайхан барилдаад үзүүрлэсэн.
-Үзүүрлээд гэртээ очиход аав тань их баярласан байх даа?
-Ерөөсөө тоогоогүй. Би ч том гавьяа байгуулсан юм шиг очоогүй.
-Аав тань тэгээд хэзээ мөнгөн аягатай сүүгээ өгсөн юм бэ?
-2002 оны долоодугаар сарын 18-нд манай сумын 80 жилийн ой тохиосон юм. Тэр наадамд би түрүүлж, манай сумынхан бөөн баяр болсон. Тэгээд орой нь гэртээ иртэл аав минь наадмын сонин хачинг наадамчдын түрүүчээс аль хэдийнэ сонсчихсон шинэ дээл, малгайгаа өмсөөд гэрийнхээ гадаа мөнгөн аягатай сүү, хадаг бариад зогсож байсан. Тэр үед би аавыгаа ингээд зогсож байна гэж бодоогүй болохоор шууд уйлаад л тэвэрсэн. Ах нь аавыгаа хамгийн сүүлд тэгж л баярлуулсан хүн дээ. Хорвоо надаас аавыг минь аваад одсон ч одоо болтол тэр дүр төрх нүдэнд харагддаг юм.
-Дараа жил нь Улсын начин цол хүртсэн байх аа?
-Тийм. Би боддог юм. "Аавын минь барьсан мөнгөн аягатай сүү миний замыг засч дээ” гэж. Магадгүй арслан, аварга цол хүртэхэд тэр мөнгөн аягатай сүү замыг минь засч өгсөн байх. Би наадам болгонд аавынхаа өгсөн мөнгөн аяганд эхнэрийнхээ чанасан цайны дээжийг хийж уучихаад зодог, шуудгаа бүслээд гардаг. Тэр аяганаас цай уухаар маш их урам, хүч чадал хайрлах шиг болдог.
-Таны анхны дасгалжуулагч хэн байв?
-Сэлэнгэ аймгийн Гүнт сумын ойн хамгаалагчаар ажиллаж байсан Улсын начин М.Мижиддорж багш.
-Аав, ээж тань Завхан нутгийнх. Харин та яагаад Сэлэнгэ аймгаар овоглодог юм бэ?
-Аав, ээж хоёр оюутан байхаасаа хотод суурьшсан. Харин ажил албаа Зүүнхараагаас эхлэх үед би төрсөн юм билээ. Бөхийн спортод ороод аав, ээжийнхээ нутгаар овоглох гэтэл аав "Миний хүү унаж өссөн нутгаараа овогло. Төрсөн нутаг тань чамайг хазайхад чинь тулж, халтирахад чинь түшиг болж явдаг юм” гэсэн. Миний нутаг сайхан даа.
-Бөхийн спортод орсон түүхээсээ яриач?
-Би дунд сургуулиа төгсөөд мал дагасан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр үед аав миний өмнөөс санаа зовж, Д.Цэнд-Аюуш заантай уулзаад "Манай бага хүү ирээдүйд ямар ч мэргэжилгүй, над шиг малчин болох нь. Чи надаас илүү хот хүрээнд хүн таньдгаараа сургууль, номтой болгоод аль. Болж өгвөл бөхийн сургуульд оруулбал зүгээр байна” гэж хэлсэн юм билээ. Тэгээд л би Д.Цэнд-Аюуш зааныг дагаж, 1997 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат гуайн "Их шавь” дээд сургуульд элсэн орсон.
-Аав хүн алсын хараатай байдаг болохоор таныг бөх болохыг эртнээс мэдэж байж дээ?
-Манай нутгийнхан өндөр хайрханаа жил бүр тахидаг юм. Би нэг жил тэр хайрхныхаа тахилгад даага сойж очив. Адуучин залуусын дунд бөхийн барилдаан болоход гурав давж, даагаа түрүүлүүлээд гэртээ ирэхэд аав минь намайг ерөөсөө бөх болох хүн байна гэж бодсон гэсэн.
-Улсын наадамд анх хэдэн онд зодоглосон бэ?
-Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдахад хүч үзсэн. Наадмын дэвжээнд гарахад сайхан санагдаж билээ. Дөрвийн даваанд Д.Бумбаярт тахимаа өгсөн. Тэр жил тэрбээр Монгол Улсын заан цол хүртсэн.
-Таны цээжин дор орсон хэр баргийн бөх өндийхөөргүй болчих шиг харагддаг?
-Яах вэ дээ. Чац бага ч жинтэй болохоор тэгж харагддаг байх. Хэрэв цээжин дороо хийчихвэл дарахыг хичээнэ дээ.
-Таны үндсэн мэх хонгодож цацах. Харин сүүлийн үед энэ мэхээ хийхээ больсон шиг санагдах юм?
-Жин бага байхад хийдэг байсан. Одоо энэ жиндээ тааруулаад тохирох мэхийг нь хийгээд барилдаж байна.
-Та яагаад чөлөөт бөхөө орхисон юм бэ?
-Чөлөөт бөхөөр барилдахад асар их хөдөлгөөн хэрэгтэй. Би жингээ даахаа больсон. Нэг их амжилт ч үзүүлээгүй.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?
-Би Өвөрхангай аймгийн хүргэн. Ханийг минь Ц.Дэлгэрмаа гэдэг. Банк санхүүгийн мэргэжилтэй.
-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?
-Би уг нь улсын цолонд хүртлээ гэр бүлтэй болохгүй гэж боддог байлаа. Гэвч Аймгийн начин цолтой байхдаа гэр хороололд байдаг найзындаа очтол хажуу айлд нь хөөрхөн охин харагдлаа. Тэгээд л тэр үеэс эхэлж боддог болсон. Дараа нь уулздаг ч болов. Хүн гэдэг чинь хайр дурлалтай учрахаараа их л сонин болчихдог юм билээ. Тэр охиныг харахын тулд ямар ч шалтгаангүйгээр найзындаа очно. Ингээд улсын цол хүртсэнийхээ дараа хүнтэй суух амлалт мартагдсан. Эхнэр авах болоход багш хүртэл загнасан. Одоо бодоход буруудсан юм алга.
-Ярилцсанд баярлалаа.
mnb.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих