-Сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 30-наас шилжилт хөдөлгөөний зогсооно-
Сонгуулийн бэлтгэл ажил, намуудын сонгуулийн сурталчилгаанд зарцуулах төсвийн талаар Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэл, статистикийн ерөнхий газрын албаныхан хамтран мэдээлэл хийлээ.
Үндэсний аудитын газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд нам эвсэл болоод нэр дэвшигч тус бүрт нь зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. "Нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3,4 тэрбум төгрөг байхаар тогтоож өгсөн. Нэр дэвшигчдийн тухайд тусдаа тогтоож, ингэхдээ тухайн тойргийн хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байхаар тусгасан. Мөн орон нутгийн ИТХ-ын зардлын дээд хэмжээг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтооно” гэдгийг албаныхан хурлын эхэнд онцлов.
Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын дэд дарга Ц.Пүрэвдорж сонгуулийн насны иргэдийн тухай мэдээлсэн юм. Тэрээр "Санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэн байна гэсэн тоо гарсан. Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудсанд байршуулсан. Энэхүү цахим хуудсанд хандаж өөрийнхөө регистрийн дугаарыг оруулан цахим кодыг авна. Тус кодыг оруулж сонгогч өөрийн мэдээлэл үнэн бодитой эсэхийг хянаж үзэх бүрэн боломжтой. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой” гэсэн юм. Мөн шилжилт хөдөлгөөн хийлгэх иргэд сонгууль болохоос 60 хоногийн өмнө хийлгэх хэрэгтэй гэдгийг ч анхааруулж байлаа. Өөрөөр хэлбэл ирэх дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Ингэснээр нас барсан хүмүүсийн нэр дээр санал өгдөг, санал луйварддаг явдал зогсоно гэж үздэг.
Хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа дараах хариултыг өглөө.
-Сонгуулийн зардлын хэмжээг ямар үндэслэл, үзүүлэлтээр тогтоосон бэ?
-Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасанчлан сонгуулийн зардлын дээд хэмжээг энэ жил Үндэсний аудитын газар тогтоосон. Уг хуулийн 41.1-т зааснаар сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан 26 тойрогт тус бүрээр нь тогтоосон. Харин нам, эвсэл тус бүрээс зарцуулах зардлын дээд хэмжээг нарийвчлан тооцож үзээд 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон.
-Өмнөх сонгуулиар зардлын дээд хэмжээг 9.6 тэрбум гэж тогтоож байсан. Гэтэл энэ жил гурав дахин багасгаж тогтоосон нь анхаарал татаж байгаа. Яагаад ингэж тогтоох болсон бэ?
-Сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор сурталчилгааны хоногийг 35 байсныг богиносгож 18 хоног болгосон. Сонгуулийн сурталчилгаа явуулах өдөр цөөрсөн гэсэн үг. Үүнээс гадна телевиз, радиогийн эфирийн цагийг хязгаарлаж, өдөрт 60 минутаас илүү сурталчилгаа хийхийг хориглосон. Мөн ухуулагчийг сайн дураар ажиллуулах, үйл ажиллагааны зардлыг багасгах зэрэг өөрчлөлт нь сонгуулийн зардлыг ингэж тогтооход нөлөөлсөн.
-Хэрэв зардлын хэмжээнээс хэтэрсэн бол ямар хариуцлага ногдуулах вэ?
-Сонгуулийн зардалд хяналт тавих үүрэг мөн энэ удаад Үндэсний аудитын газарт ирсэн. Сонгууль болсноос хойш нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, үүнийг нь нэгтгэн Үндэсний аудитын газарт ирүүлэх ёстой. Аудитын газар тайланг хүлээж авснаас хойш 90 хоногийн дотор аудит хийж баталгаажуулна. Хэрэв хэтэрсэн тохиолдолд тооцох хариуцлагыг хуульд нарийвчлан тусгасан. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах зэрэг хариуцлага бий.
-Нам, эвслээс зарцуулах зардалд нэр дэвшигчийн зардлыг нэмж тооцох уу? Нийт зардлыг хэрхэн гаргах вэ?
-Үгүй. Энэ хоёр зардал бол тус тусдаа байх ёстой. Тайланг ч мөн нэр дэвшигчид өөрсдөө тусад нь гаргана. Өөрөө хэдэн төгрөг гаргасан, хэдэн төгрөгийн хандив хаанаас, хэнээс авсан гэх зэргээр. Харин нам, эвслийн зардлыг намууд өөрсдөө гаргана.
-Сонгуулийн зардалд зарцуулах хандивын хувьд ямар зохицуулалт хийх вэ?
-Сонгуулийн хандив нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна. Мөнгөн хандив нь иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байх ёстой. Хандив өгөхийг хориглосон этгээд гэж бий. Үүнд, гадаад улс буюу гадааддын байгууллага, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй иргэн, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн байгууллага орно. Мөн байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд, байгууллагаас хандив авахыг хориглоно.
Хэрэв дээрх байгууллагуудаас хандив авсан нь тогтоогдвол тухайн хандивыг буцаан шилжүүлж, үүнийгээ мэдээллэх ёстой. Харин хандивыг хүлээн авсан бол тэр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээж авсан хандивыг улсын орлого болгоно.
-Орон нутгийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг хэзээ тогтоох вэ?
-Хуульд зааснаар Аймаг нийслэл, сум дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90 хоногийн өмнө тогтоох ёстой. Энэ дагуу төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн орон нутгийн аудитын байгууллагууд тогтооно. Орон нутгийн аудитын байгууллагууд судалгаа, тооцоогоо хийгээд эхэлчихсэн байгаа.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих