Говь-Алтай аймгийн 10 гайхамшигын нэг Цогт сумын ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар Цогтчууд бахархалаа албан ёсоор баталсан.
1. Ээж хайрхан уулын тухай
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршдог Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгор буюу Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм.
Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 километр зайтай оршино. Далайн төвшнөөс дээш 2274 метр өндөр бөгөөд 22475 га газрыг хамруулан 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ. Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий.
Тогоонуудын амсрын дундаж өргөн нь 2-4 метр бөгөөд хоорондоо 40-50 сантиметр өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 метр хүрдэг.
Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал бөгөөд жижиг хадан мөргөцөг өнгөрч байж тааралдана. Эдгээр тогооны ус нь рашааны шинж чанартай болохыг судлаачид тогтоожээ. 9 тогооны эхэн хавьд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан "даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг.
Мөн тогоонуудын төгсгөл хавиас газрын булаг маягтай шүүрдэг ус бий. Эдгээрээс гадна Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.
Ембүү хаданд мөргөж залбирсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно хэмээдэг.
Тагтаа хаданд үр хүүхэдгүй хүмүүс ирж сүсэглэвэл өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч иржээ. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм.
Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Равдан лам Маажинсан ууланд бүгж байсан Дамбийжанцангийн хамсаатан байсан бөгөөд Жа лам алагдсаны дараа Ээж уулын агуйд орогнон улмаар энэ нутгийн Цэгмид хэмээх эмэгтэйтэй ханилан 1928 он хүртэл амьдарчээ.
Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 93 зүйл ургамал тархсан. Ийм олон зүйлийн ургамал ургадаг нь экологийн өвөрмөц бичил орчнууд байдгийг харуулж байна. Аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтдын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. Нутгийн хүмүүс тариалангийн талбайд зориулж 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих