Сонгуулийн жил эхэлмэгц улс төрийн намууд тэр дундаа одоо УИХ-д суудалтай намууд угшил нэгтэнтэйгээ нэгдэх хамтрах тухай улам хүчтэй ярьж, зарим нь санамж бичиг ч үзэглэж амжаад байна.
Ингэж хамтарч нэгдэх асуудал хүчтэй хөндөгдөх болсны учир нь сонгуулийн хуулийг жижиг намуудад амжилт олох боломжгүйгээр баталсантай холбоотой.
Жижиг буюу Монголын улстөрд гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн намууд тухайлбал ИЗНН-д ирэх сонгуулиар 5 хувийн босго давсан ч тойргоос сонгогдсон гишүүн байхгүй бол парламентад орох боломжгүй болсон. Тиймээс л хамтрах, эвсэх нь намуудын хувьд амин асуудал болсон хэрэг.
Мөн том хоёр намын тухайд өөрсдийн саналаа хуваадаг угшил нэгтнүүдээ өөрсдийн туган дор нэгтгэхгүй бол олонхи болоход хэцүү. Ийм шалтгаанаар нэгдэх, хамтрах асуудал өрнөж эхэллээ.
Ингээд эхлээд эрх баригч АН угшил нэгт ИЗНН, МҮАН-д өөрийн намдаа нэгдэх хүсэлтийг илгээв. Үүний дагуу АН-ИЗНН нэгдэх тухай ярилцан санамж бичиг үзэглэв. Харин МҮАН-ын хувьд асуудлыг авч үзэхээ илэрхийлсэн.
Түүний дараа МАХН МНН-тай эвсэх тухай санамж бичиг байгуулаад буй. Мөн МАХН-ын санаачилгаар МАН тус намтай хамтдаа намынхаа 95 жилийн ойг тэмдэглэлээ. Энэ сацуу хоёр нам эвсэх, улмаар нэгдэх тухай нухацтай ярих тухай ч дарга нар нь ярьцгааж байна.
Гэхдээ намуудын нэгдэлд хувь улстөрчдийн амбицаас эхлээд хуулийн байдал нөлөөлөх учир сонгуулиас өмнө намууд нэгдэхгүй гэх асуудал ч хөндөгдөж байна.
АН-ын дарга З.Энхболд ямар нэг намтай эвсэхгүй, харин намуудыг нэгтгэх тухайгаа мэдэгдсэн. Түүнийхээр бол ИЗНН, МҮАН-ууд намд нь нэгдэх ёстой.Гэхдээ АН-ын дарга З.Энхболдын санааг дотоод фракцууд нь хүлээж авахгүй байгаа сураг ч бас бий.
Тэгвэл МАН-ынхан МАХН-ыг намдаа нэгтгэх тухай ярьж байгаа ч нөгөөх нь эвсэх тухай л асуудал хөндөж байна.
Хоёр нам хамтарч баяраа тэмдэглэх тухай тохиролцоо хийсэн өдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдэхдээ сонгуулиас өмнө намууд нэгдэх хуулиар хориотой байгаа гэсэн. Тиймээс эвсэж болох юм гэдэг санаагаа илэрхийлсэн.
Хоёр
том нам угшил нэгтэнүүдтэйгээ эвсэхгүй бол МАХН, МНН-тай эвсэж
сонгуулийн санал хураалтын цаасан дээр гуравт жагсахаар шийдсэн.
Тэгэхээр улстөрийн намуудын хувьд сонгуулиас өмнө нэгдэх биш эвсэх асуудал л байгаа ажээ.
Г.СамбааТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих