Т.Эрдоан 20 жилийн өмнөхтэй адил механизмийг бүтээхийг хичээж байна. Энэ улсад зөвхөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох боломжтой.
Харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд болон шууд бус дарамт шахалтад өртөн энэ салбараас арчигдаж байна
Туркийн Истанбул хотноо үйл ажиллагаагаа явуулдаг "Заман” сониныг эрх баригчдыг шүүмжилсэн цуврал нийтлэл бэлтгэсэн хэмээн буруутгаж, хүчээр хаасан байна.
Цагдаагийнхан өнгөрсөн баасан гарагийн орой редакцын байр луу гэнэт дайран оржээ. Эсэргүүцэл үзүүлсэн иргэд болон сэтгүүлчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Уг үйл явдлын дараа Туркийн шүүх тус сонины редакцыг тарааж, төрийн мэдэлд авах тухай тогтоол гаргав. Сонины удирдлагуудыг АНУ-д амьдардаг, шашин судлаач
Фетуллах Гулений хөдөлгөөнтэй холбоотой хэмээн буруутгасан байна. Ф.Гулен болон түүний дэмжигчид Ерөнхийлөгч Тайип Эрдоаныг төрөөс унагаах зорилготой алан хядах бүлэглэл хэмээн тус улсын Цагдаагийн газраас мэдэгджээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар "Өмнө нь Гулен, Эрдаон нар хамтрагч байсан” аж. Өчигдрийг хүртэл сонины байрны гадна жагсагчид болон цагдаагийнхан мөргөлдсөөр байж. Сэтгүүлчид твитгертээ "Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хар өдрүүд ирлээ” хэмээн жиргэх болжээ.
"Заман” сонины байрлаж байсан байрны бүх интернэт холболтыг тасалсан байна. Тус сонины нэгэн сэтгүүлч "RT” агентлагт өгсөн ярилцлагадаа "Засгийн газраас сарын өмнөөс манай сониныг шахаж эхэлсэн. Бид өдөр ирэх тусам хамтран ажиллагсдаа болон уншигчдаа алдаж байсан. Хэрвээ чи төрийн төлөө ажиллаж чадахгүй бол Турк Улсад энэ салбарт ажиллах ямар ч боломж байхгүй” гэв. Хоёр жилийн өмнө тус сонинд ажиллаж байсан азербайжан гаралтай Махир Зейналов гэх сэтгүүлч твиттер хуудаснаа бичсэн зүйлийнхээ төлөө ард иргэдийг Эрдоаны эсрэг турхирсан гэх шалтгаанаар шийтгүүлж байжээ. Голландын чөлөөт бичигч, сэтгүүлч Фредерик Гэрдинк "Туркчүүд Ерөнхийлөгч Эрдоан хэвлэлийнхэнд хэвлэлийн эрх чөлөө олгодог гэж бодцог ч үнэндээ Туркт хэвлэлийн эрх чөлөө огт байдаггүй. Жишээлбэл 20 жилийн өмнө бодит үнэний талаар хэн ч юу ч дуугардагтүй байсан. Т.Эрдоан 20 жилийн өмнөхтэй адил механизмийг бүтээхийг хичээж байна. Энэ улсад зөвхөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох боломжтой. Харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд болон шууд бус дарамт шахалтад өртөн энэ салбараас арчигдаж байна” гэжээ. Фредерик Гэрдинкийг өнгөрсөн жил мөн л Засгийн газрын эсрэг ард иргэдийг турхирсан хэргээр тус улсаас албадан гаргаж байжээ. Өнгөрсөн онд Ф.Гулений хөдөлгөөнтэй холбоотой гэж сэжиглэн хоёр сонины редакц, хоёр телевизийн сувгийг хаасан бөгөөд нэлээд сэтгүүлчийг хорьсон байна. Эл хэрэгтэй холбогдуулан 500 гаруй хүн "Заман” сонины гадаа Засгийн газраа эсэргүүцэн жагсчээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд хийн буу, нулимс асгаруулагч, усан буу ашигласан нь жагсаалыг мөргөлдөөн болгон хурцатгажээ. АНУ болон Европын холбооны улсууд эл хэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих