Бичин жилийн хавар хот хөдөөгүй хатуухан болох янзтай. Сүүлийн өдрүүдэд цасан шуурга шуурч байгалийн онцгой үзэгдэл нүүрлэх боллоо. Шуурга ойрын өдрүүдэд үргэлжилсээр байх аж. Шуурга эхлэх үеэр нийслэлээс орон нутаг руу явах замуудыг хаасан боловч дураараа аашлах иргэд харин олон арваараа хар шуурганаар хаалт хоригийг үл тоож гараад үхэх шахав. Улсын хэмжээнд нийт хохирлын дүн мэдээ хараахан бүрэн гараагүй, шуурга ч намжаагүй байна. Одоогоор хоёр хүн нас барж, 80 гаруй хүн шуурганд төөрч, эрэл хайгуулын ажил үргэлжилж байгаа ажээ.
Шуургатай зэрэгцээд бас өөр нэгэн аюул ойртож байна. Юув гэвэл, шар усын үер. Нийслэл хотын хэмжээнд үерийн аюултай бүсэд оршин сууж буй айл өрхийн тоо гурван мянга хол давжээ. Ийм аюултай бүсэд мөн гуч гаруй сургууль, хорь гаруй цэцэрлэг, дөч шахам үйлдвэр аж ахуйн газрууд байдаг байна. Нийтдээ шар усны үерт автах магадлалтай хоёр зуу гаруй мянган хүн голио царцаашиг азаа үзээд сууж буй ажээ.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Дарь эх, "Ганц худаг”-ийн буудлын ойролцоо дур мэдэн буусан айлууд өвлийн хүйтэнд усанд шивэх аюул тулгарч зарим нь гэр орноо тэр чигт нь хаяад дайжиж алга болцгоожээ. Сэлбэ гол, Дамбын рашааны уулзвар хавилдуу газар доороос байнга ус гарч, айлуудын хашаа, гэрийг дараад авчээ. Ус нь мэдээж хүйтэнд мөс болоод хөлдөж орхино. Зарим айлын гэрүүд бүхэлдээ мөс болжээ. Тэнд одоо 200 гаруй ийм мөсөн гэр эзэнгүй үлдээд байна. Хороо хорины дарга нар нь "Бид жил болгон эдгээр айлуудад анхааруулдаг. Шар усны үер аюултай гэдгийг эндэхийн хүмүүс нь байтугай нохойнууд нь ч андахгүй мэддэг болсон. Гэвч өөр газар руу нүүхгүй байсаар байгаад ийм байдалд ордог” гэж байна. Харин өөр нэгэн хохирогч Батмөнх хэмээх хичээлдүү эр "Ах нь нэг хүнээс өнгөрсөн онд дөрвөн сая төгрөгөөр энд газар худалдаж авсан чинь хамаг юм маань мөсөнд дарагдчихлаа. Зуны цагт уг нь зүгээр байсан юм. Шар усны үер буудаг, хөрсний ус дээшээ гарч ирж ингэж мөс болдогийг мэдсэн бол яалаа гэж худалдаж авах билээ. Ёстой баларч байна. Жаахан дулаарахаар гэрээ буулгаж аваад өөр газар руу нүүхээс аргагүй боллоо. Би улаан луйварчинд жинхэнэ хулхидуулжээ” гээд уйлагнаж байлаа.
Тус дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн хөндийд буусан айлууд ч мөн ийм байдалд ороод байгаа аж. Гэхдээ тэндэхийн айлууд зөвшөөрөлгүй газарт буулаа гээд байнга хөөгддөг ч хотын захиргаанаас зааж өгсөн газрууд нь гэрэл цахилгаангүй тул намар нь буцаад л тэндээ нүүгээд ирдэг юм билээ. Энэ хавийн газрууд нь доороо мөнхийн зэвдэгтээ тул хөрсний дээд хэсгийн ус нь дээшээ ундарч гарч ирдэг байна. Ийм газарт байшин барилга барих нь бүү хэл эсгий гэр ч босгох боломжгүй. Гэтэл дур зоргоороо буусан айлууд албатай юм шиг усанд автан живж үхэхийн даваан дээр Онцгой байдлын алба руу удасдаж "Бидэнд аюул тулгарлаа. Авраарай” гэж дууддаг болжээ.
Эхний үед онцгой байдлын аврах багийнхан давхиж очоод хүнд байдалд орсон тэдгээр иргэдийн өмч хөрөнгө, амь биеийг аюулаас аврах үүргийнхээ дагуу сүрхий ажиллаж байсан боловч сүүлдээ хууль бусаар газар авч, хашаа гэр хатгачихаад дараа нь ингэж баахан чирэгдэл учруулдаг тэднийг зүгээр л "Та нар эндээс бушуухан нүүж өөр газарт очиж амьдар” гэдэг болсон байна. Энэ нь нэг талаар зөв юм. Ер нь хэн тэднийг үер усны аюул дунд очиж амьдар гэх билээ. Тиймээс хот, дүүргийн засаг захиргаанаас ийм дураараа айл өрхүүдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болоод байна. Ингэхдээ дэд бүтэц, зам харгуй, гэрэл цахилгааныг нь бүрэн шийдсэн бичил суурин маягтай шинэлэг зохион байгуулалтыг хийчихээд дараа нь аваачиж суурьшуулахгүй бол ядуу тарчиг амьдарлынхаа эрхшээлд хөтлөгдсөн айлуудыг яаж ч хөөж туугаад нэмэргүй, буцаад л нөгөө үер усныхаа аюул дунд очоод, албатай юм шиг "Амь авраарай” гээд орилох ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих