Хаврын тариалалт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихлээ. Энэ хугацаанд тариаланчид бэлтгэл ажлаа сайтар хангахгүй бол тариалалт үндсэндээ оройтож мэдэх нь. Ийм хүндрэлтэй нөхцөл байдал ч үүсчхэж. Улаан буудайн үрийг хожимдож суулгавал тариан болц нь оройтох эрсдэлтэй.
Гэтэл дотоодын хэрэгцээт буудайгаа тариалах технологийн шаардлага хангахуйц үрийн нөөц хомс байгааг зарим тариаланч хэлэв. Үүнийг даруй шийдвэрлэхгүй бол тариаланчид ажилгүй хаваржих нь. Хэрэв ийм байдал үүсвэл дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй. Улмаар ирэх намар дахиад л импортын буудай авахад хүрнэ.
Үрийн нөөц хомс байгааг зарим тариаланч хэлж байна. Үүнийг даруйхан шийдвэрлэхгүй бол тариаланчид сул зогсох бололтой.
Монгол Улс энэ жил нийт 350 орчим мянган га талбайд тариалалт хийхээр ерөнхий төлөвлөгөө боловсруулсныг дуулгая. Үүний 300 мянгад нь улаан буудай тариалах урьдчилсан тооцоо бий. Засгийн газрын ээлжит хурлаар үүнийг хэлэлцэж, албажуулах юм. Ингэснээр энэ хаврын тариалалтын тоон дүн илүү тодорхой болно.
Өнгөрсөн намрын хувьд ургац их хэмжээгээр алдсан тул тариалан эрхлэгчид үрийн нөөц бүрдүүлж чадаагүй. Олонх нь ногоон тэжээл бэлтгэж, бүтэн жилийн хөдөлмөр нь талаар болсон. Тиймээс дотоодын хэрэгцээт улаан буудайг ОХУ- аас импортлох "ажиллагаа” эхэлсэн. Богино хугацаанд шийдвэрлэх гарц энэ.
Харин урт хугацаанд дотоодын газар тариалангийн салбарыг уналтад ороход нөлөөлөхүйц сөрөг нөлөө ихтэй. Иймд "хашир” тариаланчид бэлтгэл ажлаа базаах гэж дор бүртээ арга зам эрэлхийлж эхэлсэн байна.
Ургацынхаа ихэнх хэсгийг алдсан салбарынхны хувьд буудай импортлох нь аргагүй сонголт байсныг үгүйсгэхгүй. Харин энэ жилийн хувьд бүхнийг шинээр эхлүүлэх, бодлогын алдаа байвал түүнийгээ засах жил, бас сонгуулийн жил. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас одоогийн байдлаар 200 гаруй мянган тонн улаан буудай импортлох квот олгосон гэх. Үүнийг одоо нэмэх шаардлагагүй гэж зарим тариаланч хэлж байсан.
Эрсдэл хүлээсэн тариаланчид "шарх”-аа нөхөх бус, яаж тэсч үлдэх тухай ярьж байна
Манай улсын хувьд жилд 800 мянга га талбайд тариалан эрхлэх бололцоотой гэж үздэг. Тэгвэл үүний дөнгөж гуравны нэгийг ашиглаж буй. Энэ хаврын хувьд ч ялгаагүй 350 орчим мянган га талбайд тариалалт хийхээр зурагласан байна. Эрсдэл хүлээсэн тариаланчдын хувьд "шарх”-аа нөхөх бус, яаж тэсч үлдэх тухай яг одоо ярьж байна.
Тэдний дийлэнх нь өнгөрсөн намар "өвдөг шороодсон” тул буудайн үргүй, үр худалдаж авах эргэлтийн мөнгөгүй болсон. Хаврын тариалалт хаяанд тулчихсан байгаа энэ үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дээр дурдсан хэмжээнд тариалалт хийх боломж, бололцоо тун тааруухан байгаа юм.
Газар тариалангийн бүс нутаг энэ хаврын хувьд хангалттай чийг авчээ. Энэ сайн мэдээ. Харин салбарын яамнаас зарим аж ахуйн нэгжид улаан буудай импортлох квотыг наймдугаар сар хүртэл хугацаатайгаар олгосон нь хэт урт гэж салбарынхан үзэв. Үүнээс шалтгаалж ирэх намар дотоодын улаан буудай үнэгүйдэх эрсдэлд орж болзошгүй аж.
Ургац алдсан тул тариаланчид буудайн үргүй болсныг Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооноос мэдэгдэж буй. УИХ-ын намрын чуулганаар Газар тариалангийн тухай хууль батлагдсан. Үүнд салбарынхан олзуурхаж байгаа юм. Харин хаврын тариалалт ид яригдах үед яам таг чиг. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдад худалдах бордооны тендер зарласан ч хоёр дахь нь будлижээ. Гэтэл гурав дахь тендерээ эхлүүлчихсэн гээд хариултгүй асуултууд ар араасаа хөвөрч байна.
ТЕХНОЛОГИЙН ШААРДЛАГА ХАНГАХ ҮР АЛГА
Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич, "Газрын ундраа” компанийн захирал Ш.Мардаан:
-Өнгөрсөн жил ихэнх нутгаар гандуу байснаас их хэмжээний ургац алдсан.
Энэ хүндрэлээс гарч чадалгүй явсаар хаврын тариалалттай золголоо.
Дийлэнх нь тарих үргүй байна. Зарим нь өнгөрсөн намар нэг га-гаас юу ч
хурааж авч чадаагүй. Ургасныг нь ногоон тэжээл болгочихсон.
Үр байгаа гэх боловч шаардлага хангахгүй байна. Уг нь технологийн шаардлага хангасан үр байх ёстой. Энэ байдлаараа хаврын тариалалт урьдынхаас оройтох шинжтэй. Салбарын яам энэ асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй бол асуудал улам хүндэрнэ гэсэн үг. Товчхондоо, газар тариалангийн салбарт иж бүрэн дэмжлэг хэрэгтэй байна.
РАПС ТАРИХ ҮР ХАНГАЛТТАЙ БИЙ
"Хөх рашаант” компанийн захирал Л.Гантөмөр:
-Манай компани өнгөрсөн жил 600 га-д улаан буудай тариалснаас 82 тонныг л
авсан. Үүнийгээ "Өег” гурилын үйлдвэрт нийлүүлсэн. Үндсэндээ ургацынхаа
дийлэнх хэсгийг нь алдсан. Үр ургаагүй биш, ургасан ч болц нь гүйцэж
амжаагүй. Бүгдийг нь ногоон тэжээл болгосон ч улсад тушааж чадаагүй. Энэ
хаврын тарилалт хийх уриншаа бэлтгэсэн. Үр байвал манай компани 1000 га
талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Рапс тарих үр хангалттай бий.
Дотоодын газар тариалангийн салбар хүнд байдалд орчихоод байна.
Өнгөрсөн жилийн хувьд буудайн үр худалдаж аваагүй, өөрсдөө нөөцөлсөн байсан. Манайх улирлын чанартай 30-40 хүний ажлын байр бий болгодог. Энэ жилийн тухайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
ЗЭЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
"Баян-Ундарга” компанийн захирал Ё.Саранцэцэг:
-Тариаланчид санхүүгийн хүндрэлээс үүдээд хаврын тариалалтын өмнөх
бэлтгэл ажлаа эхлүүлж чадахгүй байна. Төрөөс богино хугацаат, таван
хувийн хүүтэй нийт 100 тэрбум төгрөгийн зээл тариаланчдад олгохоор
шийдвэрлэсэн. Гэвч тодорхой шийдэлд хүрсэн юм алга.
Уг нь маш том дэмжлэг гэж харж байгаа. Манайх 20 гаруй жил газар тариалангийн үйлдвэрлэл явуулж байна. Энэ жилийн тухайд 1400 га талбайд тариалалт хийхээр байгаа. Ургац алдсаны улмаас нэг тонн үр ч нөөцөлж авч чадаагүй. Өнгөрсөн хавар буудайн үрийнхээ 50 хувийг өөрсдөө хангаж, үлдсэнийг нь худалдаж авсан. Тэр үед нэг тонн нь 800 мянган төгрөг байсан. Зээл гол найдвар болчихоод байна.
"ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРД ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА”
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас зарим асуудлыг талаар тодрууллаа.
-Хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр байна вэ?
-Тариалалтын бэлтгэл ажил одооноос эхэлж байна. Хаврын тариалалтын ерөнхий төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргасан байгаа.
-Дотоодын хэрэгцээг хангах буудайн үрийн нөөц бий юу?
-Үрийн 50 орчим мянган тонн буудай шаардлагатай. Тариаланчдад 24 мянган
тонн үрийн буудай бий. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6000, Онцгой
байдлын ерөнхий газарт 5000 тонн үрийн буудайн нөөц байгаа. Буудайн
үрийн шинэчлэлд зориулж квотын дагуу 8000 орчим тонныг импортолсон.
-Тариаланчдад олгох 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?
-Хөгжлийн банкны мэргэжилтнүүд судалгаа хийж байна. Тус банкны Зээлийн
хороо болон ТУЗ нь хэлэлцэж, өөрсдийн дүгнэлт гаргана. Зээлийн асуудлыг
энэ сард багтааж шийдвэрлүүлэхээр зорьж байна.
Б.Баяртогтох
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих