Монголын төр 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн намын томилгоотой түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгчдийг хүлээн авч байрлуулдаг "зочид буудал” болчихоод байгаа. Тодруулбал, эрх баригч намын дарга нь үүрэг гүйцэтгэгч бол эрх баригчдын томилсон албан тушаалтнууд нь түр орлон гүйцэтгэгчид юм. Одоо тэдний 90 хувь нь энэ тодотголтойгоор 2016 оны УИХ-ын сонгуультай нүүр тулах гэж байгаа юм. Үйл явдлыг эргэн сануулахад Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2012 онд Засгийн газрын 26 тоот тогтоол үйлдэн, тусгай журам боловсруулж, түр орлон гүйцэтгэгчдийг олноор нь төрүүлсэн билээ.

Төрийн албанд шинээр суурьшсан "цуглуулга”-ыг бэлтгэхийн тулд энэ албанаас тодорхой тооны хүмүүсийг халсан байна. Тухайлбал, 2012 оны аравдугаар сараас энэ ээлжит халаа сэлгээ эхэлсэн бөгөөд 2014 оны тавдугаар сар гэхэд Төрийн албанаас 20 мянган хүн халагдаж, 30 мянган хүн шинээр орж ирсэн байдаг. Ажлаасаа халагдсан хүмүүсийн олонх нь шүүхэд хандаж, гомдлоо шийдвэрлүүлсэн байдаг. Тэд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг улсын төсвөөс гаргуулсан бөгөөд Засгийн газар зөвхөн 2014 онд зургаан тэрбум, 2015 онд 2.3 тэрбум төгрөгийг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн иргэдэд нөхөн олгожээ. Өөрөөр хэлбэл төр хэн нэгнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халах шийдвэр гаргасан албан тушаалтны өмнөөс эдийн засгийн хохирол амсаж, төсвийн хэдэн төгрөгөөсөө саалгасан болж таарлаа. Үүн дээр аргагүй шалтгаан, шинэ даргын шахалт, тулгалтын дагуу "өөрийн хүсэлтээр” ажлаасаа чөлөөлөгдсөн олон мянган хүний төрөөс авсан зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэлэгийг нэмбэл төрийн сангийн данснаас их хэмжээний мөнгө энэ тооцоолоогүй зардалд урссан болж таарна.

Уг нь төрийн албанд ажиллах хүсэлтэй хэн ч төрд алба хашаад танил тал, найз нөхөд, намын хамаарлаас ангид байх ёстойг Сонирхлын зөрчлийн хуулиар хориглосон. Гэвч сайд дарга, УИХ-ын гишүүд өдгөө ийм хууль байдаг, тэр хуулийг өөрсдөө баталсан гэдгээ ч мартчихсан суугаа нь үнэн. Тэдний ой санамжаас гээгдэж хоцорсон Сонирхлын зөрчлийн хууль нь төрд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн сөрөг ойлголтыг тодорхой хэмжээнд саармагжуулсан байв. Эрхэм сайд дарга нарын мартаж орхисон энэ хуулийг Монголд хэрэгжүүлэхээр зүдэрч яваа хоёр газар бий. Энэ бол Төрийн албаны зөвлөл. Авилгатай тэмцэх газар.

Төрийн буюу нийтийн албаны босгыг анх удаа давах гэж байгаа этгээд болон өмнө нь төрд ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөж байгаа албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилын мэдүүлгээ АТГ-аар хянуулж, хариугаа ажлын арав хоногийн дотор авдаг зарчим өнөөдөр хуулийн дагуу хийгдсээр л байгаа. Харин энэ ажил бодит байдал дээр яажшуухан өрнөдөг болохыг баримтаар өгүүлье.

2012 оны сонгуулиас хойш Хөдөлмөр, Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Байгаль орчин аялал жуулчлал, Сангийн сайд гурван удаа солигдсон. Тус яамдад сайд солигдох тохиолдол бүрт шинээр маш их томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн байх юм. Зөвхөн 2016 он гарснаас хойш Хөдөлмөрийн яам, салбар байгууллагуудын хэмжээнд 138, Зам тээврийн яам, харьяа байгууллагын хэмжээнд 115, Сангийн яам, харьяа байгууллагуудын хэмжээнд 376 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулжээ. Гэвч Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлгийн 37, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлгийн 35 хувьд нь ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц мэдүүлэг байсан аж.

Үүнд төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэр дэвшүүлэх, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлага хангахгүй этгээдийг сонгох, нэг намын гишүүнчлэл зэрэг хүрээллээр томилох хандлагууд орсон байна. Баримтыг нарийвчлан шалгахад нэг хүн жилийн дотор яам, агентлагийн удирдах албан тушаалд 2-3, заримдаа дөрвөн удаа ч шилжин томилогдсон байх юм. Дөрвөн жилийн турш дөрвөн албан тушаал дамжин хашиж байгаа дээрээ татаастай энэ нөхөр ажилгүйдэлд нэрвэгдсэн иргэдийн их хүлээлт хоёр Монголын нийгмийн өнөөдрийн тодорхойлж байгаа юм. Угтаа бол нийтийн буюу төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэхгүй. Сонирхлын зөрчлийн хуулиар тэдэнд энэ хоригийг тавьсан байгаа.

Гэвч сайд, дарга, УИХ-ын гишүүд улстөрчдийн нөлөөгөөр томилогдож байгаа хүмүүст энэ хууль огт үйлчилдэггүй гэж хэлж болно. Учир нь АТГ албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянаад "Төрийн албанд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй этгээдийг томилох нь сонирхлын зөрчилтэй шийдвэр болж болзошгүй” гэж анхааруулмагц яам, тамгын газрууд тухайн нэр дэвшигчийнхээ ажлын байрны тодорхойлолтыг тухайн хувь хүнд зориулаад шинээр боловсруулж ирүүлдэг болсон байна.

Тодорхойлолтыг засахдаа тус ажил үүргийг ямар мэргэжлийн, ямар дадлага туршлагатай хүн гүйцэтгэх ёстой вэ гэдэг талаас биш, харин томилох гэж буй хүний мэргэжил боловсролд тааруулаад өгчихдөг болжээ. Энэ удаагийн УИХ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад дөрвөн сарын хугацаа л үлдээд байна.

Өнгөрсөн дөрвөн жилд Монголын төрийн албыг "түр орлон гүйцэтгэгч”, "үүрэг гүйцэтгэгч” мянга мянган дарга нар залгуулж, дараагийн Засгийн газартаа халаагаа өгөх цаг ойртож яваа. Өөрөө жинхлээгүй, эрх зүйн чадамжгүй яам агентлагийн мянга мянган даргатайгаар ээлжит хугацаагаа дуусгаж байгаа ийм Засгийн газар Монголын төрийн түүхэнд бичигдээгүй юм. Ийм Засгийн газрыг тэгээд жинхэнэ Засгийн газар гэх үү, түр орлон гүйцэтгэгч Засгийн газар гэж нэрлэх үү?

politik.mn