Д.БОЛОРМАА
Шинэчлэлийн Засгийн газрын "давхар дээлтнүүд” ирэх долдугаар сард албан тушаалаа өгч магадгүй боллоо. УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гишүүд дэмжиж батлах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Хамгийн гол нь тэдний олонхи нь хууль хэрэгжих хугацааг 2016 биш 2014 он болгож байгаа нь асуудлын гол учир байна.
Өнөөдрийн томчуудын толгой өвтгөж буй давхар албан тушаалтан буюу "давхар дээлт”-нүүдийн түүх 1996 оноос эхлэлтэй. Ялангуяа, Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан "Ардчилсан холбоо” эсвлээс үүдэлтэй гэх. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарын Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөнөөс энэ хууль "төрсөн” гэж тайлбарлах нь байна.
1996 онд "Ардчилсан холбоо” эвсэл сонгуульд ялалт байгуулж, Засгийн газар байгуулах эрхтэй болсон үе. МҮАН, МСДН, МНН гэх улс төрийн гурван хүчин хамтарч байгуулсан эвсэл учраас энэ засагт мөн л олон ашиг сонирхлын төлөөлөл багтах ёстой болж, анхны ардчилсан Ерөнхий сайд нь М.Энхсайхан болов. Гэхдээ тэрээр эвсэл дотроо цэвэр өрсөлдөөнөөр гарч ирээгүй гэдэг. Сонгуульд эвслийн кампанит ажлыг Улаанбаатараас удирдсан М.Энхсайхан гол лидерүүд болох Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, С.Зориг нарыг хөдөөгийн тойргуудаасаа ирж амжаагүй байхад Ерөнхий сайд болох лоббигоо амжуулсан гэх. Үүнээс үүдэн ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг үндэслэлээр анх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж эхэлсэн ч гэдэг юм.
УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихтай холбоотой энэ асуудлыг тухайн үед УИХ-ын гишүүн байсан хоёр намынхан тэр чигээрээ шахам дэмжиж хэрхэн өргөн мэдүүлж байсныг дараахь гурван баримтаас харж болно. Ардчилсан намынхан хоёр хуваагдан, харин тэр үед сөрөг хүчин байсан Хувьсгалт намынхан бас тусдаа гээд гурван саналыг 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд өргөн мэдүүлж байжээ.
"Гишүүн+ сайд” гэдэг томьёолол 1996 онд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ардчилагчдыг Засгийн газраа унагаж тоглодог тоглоомоор дөрвөн жилийн дотор дөрвөн удаа тоглох эхлэлийг тавьсан. Харин энэ удаад "гишүүн сайд байж болохгүй” гэдэг асуудал Ардчилсан засгийг дэнжигнүүлж байна.
1996-2000 ОНЫ ЗАСГИЙН ГАЗРУУД:
Ерөнхий сайд М.Энхсайхан, 1996-1998
1996 оны УИХ-ын сонгуулиар "МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч Ардчилсан холбоо эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулав. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай оров. Гэвч энэ Засгийн газар 1998 оны дөрөвдүгээр сард огцорсон. Шалтгаан нь "МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн өөрсдөө үзэж улс төрийн шийдвэр гарсантай холбоотой.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, 1998 он
М.Энхсайханы дараагаар МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ Засгийн газар яг гурван сарын настай байв. УИХ дахь олонхи, цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж улмаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан юм.
Ерөнхий сайд Ж.Наранцацралт, 1999 он
Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди "Да.Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй учир түүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн долоон удаа буцаасан түүхтэй. Бараг таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдов. Гэвч энэ Засгийн газар тийм ч удаан настай байсангүй. Ердөө найман сар хүрэхгүй хугацааны дараа огцруулж байв.
Ерөнхий сайд Р.Амаржаргал, 1999 он
1999 оны долдугаар сард Р.Амаржаргал Ерөнхий сайд болж "Ардчилсан холбоо” эвсэл бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн юм. Энэ нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин нэг цул болж нэгдэж чадаагүй, дотоодын зөрчил тэмцэл, төлөвшил зэргээс гадна сөрөг хүчний үйл ажиллагаа хүчтэй нөлөөлж байсан гэж үзэж байв.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих