Харин өөрийнхөө оронд Зам тээврийн сайд асан, одоо өөртэй нь хамт төмөр замын авлигын асуудалд холбогдоод байгаа А.Гансүхийг нэр дэвшүүлэхээр сойж байгаа сурагтай.
МоАХ Баянхонгорыг дахин гартаа оруулах уу
Мэдээж, саяхнаас бидон хочийг зүйх болсон "Техник импорт”-ын Д.Ганбат нэр дэвших нь мэдээж. Тийм ч учраас нутгийнхныхаа ундны усанд санаа зовж, хөнгөн цагаан бидон тараасан гэдгээ уламжилсан удаатай. Х.Баттулгын нөмөр дор УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулсан гэгддэг түүнийг энэ удаагийн сонгуульд хэн нэгнээр тойглуулахгүйгээр биеэ аваад явчихаж чадна гэдэгт намынхан нь арай ядан итгэж байгаа гэсэн. УИХ-д анх орж ирчихээд хүмүүс намайг таньсангүй гэж гоншигнож байсныгаа бодоход Д.Ганбат гишүүн өнөөдөр дөртэй болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Байнгын хороо тэргүүлж, Алтангадасынхныг алтангудасынхан гээд зоригтойхон хэлчихэж байгаагаас нь харахад МоАХ фракцийнхан нь түүнийг зөв хөтөлж байгаа бололтой юм. Гэхдээ түүнийг "Шонхор” фракцид урвах гэж байгаа тухай яриа Төрийн ордонд тархсан байдаг нь ор үндэсгүй зүйл л лав биш байх. УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг "Шонхор” фракци түүнд МоАХ фракцийнхнаас ч илүү боломж олгоно гэсэн юм билүү хэн мэдэхэв. Ямартай ч Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай хүзүү сэрээрээрээ холбогдчихсон яваад байгаа нь Х.Баттулга даргад нь тийм ч таатай санагддаггүй юм гэсэн. Д.Ганбатын хувьд энэ удаагийн сонгуульд дахин сонгогдчдынхоо итгэлийг хүлээх эсэх нь юу л бол. Гэхдээ дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдгийн үлгэрээр үзээд л алдана даа.
А.Гансүхийн хувьд саяхнаас УИХ-ын Тамгын газрыг ашиглаж, худал мэдээлэл цацуулсан гэсэн мэдээлэл гарах болсон. Түүнийг төмөр замын асуудалд сэжигтнээр татаж, хил гарах эрхийг нь хаасаар байтал УИХ-ын даргын зөвлөх гэдэг эрх мэдлээ ашиглан Тамгын газраар хуурамч баримт үйлдүүлсэн юм байх. Түүнийг Х.Баттулгатай хамт төмөр зам барих 250 сая ам.долларыг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас сэжигтнээр татан байцааж байгаа талаарх мэдээлэл түгээд байгаа. Хэрэв энэ бүхэн нь сонгуулийн өмнө намжихгүй бол Х.Баттулгын төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй л юм. Уг нь Х.Баттулга өөрөө намын нэрийн жагсаалтад бичигдэж, энэ удаагийн сонгуулиар нутагтаа А.Гансүхийг сойх бодолтой байгаа гэнэ билээ. Ямартай ч Ардын намаас хүчирхэг өрсөлдөгч нар байгаа учир Д.Ганбат тэргүүтэй МоАХ-ныхон Баянхонгорыг дахин гартаа оруулах уу гэдэг сонин л юм.
МАН-ын гандан буурахгүй горилогсод
Мэдээж Г.Занданшатарын нэр Баянхонгор гэхээр хамгийн түрүүнд цойлдог нь МАН-ынхны хувьд энгийн үзэгдэл мэт болсон. Тэрбээр АНУ-д хүндхэн осолд орсон ч эсэн мэнд эх нутагтаа ирснээр барахгүй, сонгуульд нэр дэвших нь ч тодорхой болчихоод байгаа. Түүнийг осолд орчихоод байхад нь намынх нь гишүүд хандив цуглуулж, дургүйцэж байсан нэгнээсээ хүчээр мөнгө авч байсан гээд бодохоор нам дотроо ямаршуухан нэр хүндтэйг нь бэлхнээ илтгэх биз. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээсэн ч гандан буурахгүйгаар энэ удаа дахин өрсөлдөх бэлтгэлээ хангаад байна. Түүний санаанд Д.Ганбат нэг л багтаад байгаа бололтой дог шүү.
Түүнтэй хамт Эм-Си-Эс группын дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нэр дэвшихээр зэхэж байгаа бөгөөд намынхан нь ч мандатыг нь аль хэдийнэ өгчихсөн сураг дуулдсан. Ардын намынхан энэ удаа Г.Занданшатар, Л.Элдэв-Очир гэсэн хос сайвартаа нэлээд итгэл хүлээлгэж байгаа бөгөөд Баянхонгорын мандатыг авна гэж тооцоолж байгаа гэсэн. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдын Хөдөө Аж Ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын 2012 оны сонгуульд Баянхонгорт нэр дэвших байсан ч намынхандаа шахагдсан гэсэн яриа байдаг. Тэр ч утгаараа түүнийг Канад дахь Элчин сайдын зөвлөхөөр томилох ажлыг нам дотроос нь хийсэн гэдэг яриа бий. Тиймээс тэрбээр энэ удаа нэр дэвших эрхээ бат хадгалахын тулд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдож, намынхныгаа гарцаагүй байдалд оруулаад байгаа юм гэсэн.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих