Маргааш! Маргааш л хурдхан болоосой
Салхивчаа нээх юмсан.
Эсхүл
Сарыг өнгө, өнгөөр будах юмсан.
Санаа алдахад сэмэрсэн цэцгийн дэлбээ бүхнээ цуглуулж
Цоожны нүхээр гулсан орж ирэх чиний инээд шиг тунгалаг зөөлөн гэрлийн хамт
Нэгэн ер бишийн аялгуунд уусган байж жаахан ч гэсэн гэгэлзээд авах юмсан.
Маргааш! Маргааш л хурдхан болоосой
Магад эргэж харалгүй явчихсан хар цув, бүрх малгай, бороотой үдшийн дүр төрхийг
Халааснаасаа хамгийн эрхэм зүйлээ гээх шиг, гээх юмсан
Эсхүл
Халаасаа цоолчих юмсан.
Маргааш! Маргааш л хурдхан болоосой
Манангийн тухай, мананд уусан алдарч буй бөгтөр хүрэн модны тухай, тэр модыг
Галт тэргэний буудлаас хэн нэгнийг үдэх шиг мэдрэмж, сэтгэлээр хоргоож
Эцэст нь ганц дусал нулимстай ч хамаагүй үлдэх юмсан
Эсхүл
Зүгээр л гараа даллан эргээд алхчих юмсан
Маргааш! Маргааш л хурдхан болоосой
Цонхон доор минь шилбээ бээртэл зогссон уйланхай цэцгийг түр ч атугай умартах юмсан
Эсхүл
Уйлж суугаа ус зөөдөг өнөөх жаал хүүг аргадах юмсан
Аргадаж байхдаа сэтгэл зүрхээ л аргадаж байгаагаа мэдрэх юмсан
Тэнгэрийн тухай...
Тэнд байдаг бүх л сайхны тухай
Өдөрт нэг удаа бодчихсон байдгаа мартаад
Өд мэт хөнгөрч
Өд мэт хийсч
Өд мэт эргэлдэх юмсан
Үгүй ядахнаа
Үүл ажин зогсох юмсан
Маргааш! Маргааш л хурдхан болоосой
Салхивчаа нээх юмсан.
2016.03.09
Н.Минжинсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15549
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих