Н.Энхбаяртай холбоотой мөнгөний асуудал дуусахгүй нь. Түүний МАХН болон "Шударга ёс” эвслийг төлөөлөн УИХ-ын дэд даргын алба хашиж яваа Л.Цог телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ "2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй” гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” гэв.
Тэгвэл хэд хоногийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярт 500 сая төгрөгийн хандив өгсөн С.Дашдондог хэмээгч мөнгөө буцааж авах гэж нэхээд өгөхгүй болохоор нь АТГ-т хандсанаа зарлаад байгаа билээ. Худалдан авах ажиллагааны газрын дарга асан С.Дашдондог гэх хүн МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт нэрээр 500 сая төгрөгийг өгч. Тэр мөнгийг өгснийхөө дараа буцаан авах хүсэлт гаргахад нь Н.Энхбаяр өгөхгүй гэж хэлээд "Уг асуудлаар АТГ-т ханд” /2015.9.23-ны өдөр/ гэж хэлсэн гэнэ.
Ийм учраас С.Дашдондог МАХН-д өгсөн 500 сая төгрөгөө нэхэмжилж АТГ-т өргөдөл өгсөн нь тэр юм. С.Дашдондог энэ тухайгаа өөрийн нүүр номондоо "Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд- капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” гэсэн пост бичсэн билээ.
Үүнээс гадна Н.Энхбаярыг АТГ-аас тайлбар мэдүүлэг авахаар дуудаж эхэлсэн ч тэрбээр очихгүй цааргалсаар байгаа тухай ч хэвлэлүүд бичих болсон. АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Г.Шийлэгдамбын авлигалын хэрэгт холбогдуулан байцаалт авахаар дуудаж байгаа гэнэ. Г.Шийлэгдамба намын санхүүжилт болгож хүнээс авсан мөнгөө намын дарга Н.Энхбаярын гарт атгуулсан гэж хэлсэн бас захидал ч бичсэн.
Түүнийг нь АТГ-ынхан шалгаж байхад МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар "Би Г.Шийлэгдамбаас мөнгийг нь авсан” гэж мэдүүлснээр хоригдоод буй . Түүний хувьд Н.Энхбаярыг хамгаалж байгаа нь тодорхой гэлцэнэ. Н.Энхбаярыг Шадар сайд болгохын тулд АТГ-аас мэдээлэл хүссэн Ч.Сайханбилэгт тус газраас түүнийг томилж болохгүй хэмээх хариу ирсэн нь энэ хэрэг мөн намынх нь байрны асуудалтай холбоотой байж.
Н.Энхбаяртай холбоотой цагдаагийн байгууллагад шалгаж байгаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн намын байраа залилан авсан гэх үйлдлийг мөрдөж дуусаагүй хэвээр байгаа тухай ч мэдээлэл бий. Уг хэргийн хохирогч гэгдэх АНУ-ын иргэн А.Гинсбург одоог хүртэл гомдолтой гэсээр байгаа гэнэ.
Н.Энхбаярын мөнгөтэй холбоотой асуудлууд ийнхүү ээлж дараалан ил болсоор байна. Энэ бүхэн Монгол дахь улстөрийн намуудын санхүүжилт ямар аргаар хэрхэн явагддагийн толь мэт. Тус нам болоод эвслийн нэрээр албан тушаалд очсон бүхнээс ийм маягаар мөнгө нэхэж байсныг үгүйсгэхэд ч хэцүү хэрэг болж.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас эхлээд О.Баасанхүү хүртэл намынхаа даргатай мөчөөрхөх болсны цаана мөнгө байсан гэдэг ойлгомжтой мэт. Энэ маягаар блд цаашид ч Н.Энхбаяр дарга мөнгө өг гэсэн тухай яриа тасрахгүй л болов уу.
Мөн уг асуудлууд Н.Энхбаяр хуучин "Шударга ёс” эвслээ задлахын сацуу шинэ эвсэл байгуулахаар шийдээд байгаа энэ үед гарч ирж байгаа нь ч сонирхолтой.
П.Дорж
Эх сурвалж: Gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих