УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Дорнод аймгийн иргэдээс багагүй санал ирэх болжээ. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооныхон Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр уламжилж байсан юм. Гааль, татварын ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогт мэдээлэл өглөө.
-Ер нь улсын хэмжээнд татваргүй барааны дэлгүүр хэчнээн боомтод ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад татваргүй барааны 22 дэлгүүр бий. Үүнээс Буянт Ухаагийн гааль дээр 10, Сэлэнгэ аймагт хоёр, Замын Үүдэд хоёр, Гашуунсухайтад хоёр, Шивээ хүрэнд нэг гээд 14 компанийн татваргүй барааны дэлгүүр ажиллаж байна. Энэ дэлгүүр нь хилээр нэвтэрч буй зорчигч, дипломат төлөөлөгчийн газар, дипломат эрх ямба эдлэх эрх бүхий улсуудад үйлчлэх зориулалттай.
-Хилийн боомтуудад ямар шалгуураар татваргүй барааны дэлгүүр нээдэг вэ?
-Тавигдах гол шалгуур нь дэлгүүрээр зорчигчийн урсгал ихтэй, олон улсын шинж чанартай боомтуудад ажиллуулдаг. Улаанбаатар хот дахь гаалийн газрын харьяанд ажиллаж буй таван дэлгүүрт 41 дипломат төлөөлөгчийн газар, дипломат эрх ямба бүхий 1120 орчим албан тушаалтан үйлчлүүлж байгаа.
-Дорнод аймагт хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр нээх боломж хэр байдаг вэ?
-Бидэнд татваргүй барааны дэлгүүр ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт жил бүр ирдэг. Гэвч зарим боомтуудад зорчигчийн урсгал багатай байдаг. Гаалийн ерөнхий газрын зөвшөөрөлтэйгөөр ажиллаж буй дээрх боомтуудаар жилд дунджаар 150-180 мянган зорчигч үйлчлүүлдэг. Харин Дорнодын боомтын хилийн хөдөлгөөн, зорчигчийн мэдээллийг бид судалсан л даа. Хавиргын боомтоор 20 орчим мянга, Баянхошууны боомтоор 13 мянган иргэн үйлчлүүлж байна. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах шаардлагатай эсэхийг судалж байна. Хэлэлцсэний дүнд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах эсэхийг шийднэ.
Эх сурвалж:News.mn Б.ЗАЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих