Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн энэхүү эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улын дээд шүүхийн 2010.05.19-ний 15 дугаар тайлбартаа: Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт "ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэж тайлбарлажээ.
Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 онд арга хэмжээ зохион байгуулж 19 газрын үйл ажиллагааг шалгаснаас 6 газрын үйл ажиллагаа бүрэн зогсоож, 12 газарт албан мэдэгдэл өгч, 2016 онд гарсаар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 9 газрын үйл ажиллагааг зогсоож дээрх газруудад МУ-ын эрүүгийн хуулийн 243 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох газарт шилжүүлсэн боловч зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гарсан байна.
Учир нь 2015 онд нийслэлийн Соёл урлагийн газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 09 сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл, Урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5 "Биллъярд, цагираг шидэх, хийн буудлага, лото тоглоом...” гэсэн заалтыг үндэслэн дээрх төлийн үйл ажиллагаа явуулдаг 21 газарт зөвшөөрөл өгчээ. Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Соёл урлагийн газрын даргад хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч байгаа талаар нь мэдэгдэл хүртэл хүргүүлж байсан, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журмын Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх талаар санал хүргүүлж байсан байна.
Дээрх гэмт хэрэгтэй Цагдаагийн байгууллагаас тэмцэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 2007 оны 09 сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгож 2016 оны 02 сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3 "Цэнгээнт үйлчилгээний /автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон миний гольф/ газар гэсэн заалтыг нэмж оруулан баталсан цагдаагийн байгууллагаас энэхүү хууль бус үйлдэлтэй тэмцэхэд улам хүндрэл учруулж байна гэж цагдаагийн ажилтнууд ярьж байна.
Цагдаагийн байгууллагаа энэхүү хууль бус үйл ажиллагаатай тэмцэх асуудалтай цаашид тасралтгүй тэмцэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү хуулийн хийдлийг арилгах талаар Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлээд байгаа юм байна.
Одоогоор нийслэл Улаанбаатар хотод нийт 21 газар үйл ажиллагааг явуулж байгаагаас Баянгол дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 3 газар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих