Авлигатай тэмцэх газраас ХОМ-ийн хяналт шалгалтын чиглэлээр өнгөрсөн онд 22 байгууллагын 453 албан тушаалтны мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.
Харин энэ он гарсаар ХОМ-ийн зөрчилтэй найман албан хариуцлага тооцуулжээ. Мөн түүнчлэн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хүрээнд хэд хэдэн албан байгууллагуудад шалгалт хийх, мөн хууль бус албан томилгооны талаар хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Сүүлийн үед төрийн байгууллагууд бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ их хийж байна. Тухайлбал, МХЕГ-ын даргаар томилогдсон Ц.Шаравдорж замбараагүй байдал үүсгэж, мөрөөрөө ажлаа хийж байсан алба хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс АТГ-аас түүнийг хуульд нийцүүлж халаа сэлгээ хийгээрэй гэсэн утга бүхий сануулга хүргүүлсэн байгаа.
Тэгвэл эл асуудлаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очиртай ярилцлаа.
-Он гарсаар ХОМ-ийн зөрчилтэй хэд хэдэн хүнд хариуцлага тооцсон гэсэн үү. Мөн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийх болсон талаараа мэдээлэл өгөөч?
-Энэ он гарсаар хяналт шалгалтаар хувийн ашиг сонирхол болон ХОМ-ийн зөрчилтэй мэдүүлсэн найман албан тушаалтанд хариуцлага тооцсон. Энэ онд манайх төлөвлөгөөт хяналт шалгалтаар АМГ, Хөдөлмөрийн яам, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагуудад 124 мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхол, ХОМ-ийн мэдүүлэгт хяналт шалгалтыг явуулсан. Энэ улиралдаа багтаан Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ болоод мөн ИНЕГ, Газрын тосны газарт төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхээр ажиллаж байна. Зарим нэгэн газарт нь шалгалт орсон байгаа. Мөн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, ХОМ-ийн шалгалтыг хийж явуулахаар төлөвлөсөн байгаа.
-Найман алба хаагчдад хариуцлага тооцсон гэлээ. Яг ямар хариуцлага тооцсон юм бэ?
-Сануулах дөрөв, цалингийн арга хэмжээ хоёр, халах хоёр арга хэмжээ авсан байна. Яг ямар газрын албан тушаалтнууд гэдгийг хэлэх боломжгүй.
-Төрийн албанд шинээр ажилд орж байгаа хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг танайхаас хянадаг. Гэтэл хувийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээд төрийн албанд томилогдон ажиллаж байдаг нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна?
-Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар бол манай байгууллагаас тухайн албан тушаалд томилогдож байгаа этгээд дээрх хуулийг хангаж байна уу, энэ албан тушаалын үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэдэг асуудал дээр дүгнэлт гаргадаг. 2015 онд 110 албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж томилсон албан тушаалтнуудыг чөлөөлүүлсэн. Гэхдээ манай байгууллагаар мэдүүлгийг нь хянуулаад буцаан томилох асуудал ч бий.
-УБТЗ-ын орлогч дарга Л.Даваапил гэж хүний хууль бус үйлдлийг танайхаас гаргаж мэдээлжээ. Энэ хүн ямар хууль дүрэм зөрчиж төрийн албанд ажиллаж байгаа юм?
-Дээрх асуудлын хүрээнд УБТЗ-ын орлогч дарга Л.Даваапил гэж хүний урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар манай байгууллагад ирсэн. Үүний дагуу хянаад үзэхэд Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар шийтгүүлсэн. Улмаар Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна гэсэн лавлагаа ирсэн. Энэ дагуу бид нар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 23.7-т зааснаар тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл одоо болтол энэ хүн ажилласаар байгаа юм.
-Одоо тэгээд энэ хүнийг яах вэ?
-Бид энэ асуудлыг нягталж үзээд Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлсэн. Тодруулбал, Л.Даваапилийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Пүрэвбаатарт тэр хүнд хариуцлага тооцуулах хүсэлт хүргүүлсэн байгаа.
-Албан бичгийн хариу ирсэн үү?
-Одоохондоо ирээгүй байна. Учир нь хуулийн хугацаатай байдаг бөгөөд хугацаандаа сайд болон дарга нь хариугаа өгчих байх аа.
-Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийж, замбараагүй байдал үүсгэж байна гэх гомдол мэдээлэл байна. Тухайлбал МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж ийм үйлдэл гаргаж олон хүнийг ажлаас нь халсан гэх мэдээлэл бий. Танайхаас түүнд анхааруулга хүргүүлсэн байгаа?
-Төрийн байгууллага дээр удирдлага нь солигдохоор тухайн байгууллага дээр ажиллаж байгаа албан тушаалтнууд нийтлэгээр халагдах, солигдох, өөр албанд томилогдох асуудал үүсдэг. Манай дээр 48 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдахаар ирсэн байна. Эдгээрийг хянаад үзэхэд ашиг сонирхлын зөрчилтэй болон хууль бус томилгоотой холбоотой өргөдөл гомдол цөөнгүй байна. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчилтэй, нам эвслийн захиалгатай албан тушаалд томилоод байна гэсэн гомдол бий. Энэ дагуу шалгаад үзэхээр намын харьяалалаар эдгээр улсуудыг томилсон асуудал тогтоогдсон. Ц.Шаравдорж томилогдож очоод удаагүй байхдаа хууль бус томилгоо хийсэн байдаг.
-Намын нөхдүүдээсээ мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалд томилсон байна гэж ойлгож болох уу?
-Зарим нэг томилгоо тийм байгааг үгүйсгэхгүй. Тиймээс дээрх байгууллагад Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт дээр тодорхой бодлогыг хэрэгжүүлэхээр тухайн байгууллагад албан бичиг, сануулга хүргүүлсэн байгаа.
-Байгууллагын дотоод асуудлыг АТГ-аас мэдэж хөндлөнгөөс оролцож эхэллээ гэсэн шүүмжлэл байна?
-Байгууллагын дотоод асуудалд бид оролцох боломжгүй. Гэхдээ томилогдож байгаа хүмүүс тухайн албан тушаалд томилогдох болзол, ажлын байрны тодорхойлт зэрэг зарим шаардлагыг үнэхээр хангахгүй байна. Манай дээр өргөдөл гомдол их ирдэг. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар бол манай хэлтэс зөрчил гэдгээр нь хянах шалгах үүрэгтэй юмаа.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийн эцсийн дүнг олон нийтэд хэзээ ил тод болгох вэ?
-Хуулиараа хоёрдугаар улиралд буюу зургадугаар сарын 30-ны дотор багтаж Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарна.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих