Стратегийн хүнсэнд багтдаг үрийн улаан буудай энэ жилийн хувьд хомсдолтой байгаа. Тиймээс улсын хэмжээнд шаардлагатай 20 орчим мянган тонн үрийн улаан буудайг импортлох юм байна.
Зээл бүтчихвэл тариалалтын бэлтгэл эхэлнэ
Ингэснээр үрийн буудайнхаа 40-50 хувийг гаднаас авч, үүнийг тойрсон асуудал үндсэндээ шийдэгдэх бололтой. Салбарын яамнаас үрийн улаан буудайг худалдаж авахад гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр болсныг мэдэгдсэн. Энэ нь тариалан эрхлэгчдэд үзүүлж буй бодлогын дэмжлэг аж.
Хөдөө аж ахуйн салбарын 20 орчим хувийг бүрдүүлж ирсэн тус салбар энэ жил 350 мянган га талбайд тариалалт хийх бөгөөд үүний 301.5 мянга га-д улаан буудай тариалах юм. Гэхдээ төлөвлөж байснаас даруй 100 гаруй мянган га-гаар нэмэлт тариалалт хийхээр байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэллээ. Улаан буудайгаас гадна 20.4 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн ургамал, 25.3 мянган га талбайд тосны болон сэлгээний таримал тариалах юм.
Үрийн буудайн нөөцийг бүрдүүлэх зорилгоор 10 гаруй аж ахуйн нэгжид үрийн буудай импортлох эрхийг нь салбарын яамнаас олгосон байна. Нийт 80 орчим мянган тонн үрийн буудай импортлох хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 14 мянгыг нь шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх 10 гаруй аж ахуйн нэгж үүнийг импортлох юм. Улсын хэмжээнд одоогийн байдлаар нөөцөлсөн 36 мянган тонн үрийн буудай байгаа бөгөөд үүний 24 мянга нь тариаланчдад бий аж.
Үрийн улаан буудайг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд тариалалт хийж ирсэн "Гэгээлэг трейд” компанийн захирал Ц.Чулууны хувьд хаврын тариалалтын бэлтгэл ажлаа одооноос хангаж эхэлсэн байна. Тэрбээр энэ салбарт 16 жил ажиллаж буй бөгөөд энэ хавар 1500-1600 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ.
"Гэгээлэг трейд” компани нь нийт 2000 гаруй га эргэлтийн талбайтай юм байна. Тус компанийн хувьд бага зэрэг дутагдаж буй үрийн буудайгаа ОХУ-аас импортлохоор "хөөцөлдөж” байгаа аж.
Хангай дэлхийн ааш, араншинг харзнаж, бас аргадаж хүлээсэн тариаланчид энэ хавар мөнгөний гачигдалд ороод буй. Тэд арилжааны банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас олгох 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг чих тавин хүлээж байна. Хоёр жилийн хугацаатай уг зээлийг олгосноор тариаланчид үрийн буудайгаа худалдаж авах, улмаар хаврын тариалалтын өмнөх бэлтгэл ажилдаа шуурхайлах нь.
Тариаланчдад хүрэх зээл удаашрах тусам хаврын тариалалт хойшлох магадлалтай. Хэрэв одоогийн янзаар байвал энэ хаврын тариалалт тавдугаар сарыг үзэж магадгүй болчихоод байгааг зарим тариаланч учирлаж байна. Цаг хугацааг сунгалаа гэхэд хаврын тариалалт үндсэндээ сар хүрэхгүй хоногийн дараа эхлэх учиртай.
Б.Тулгат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих