Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхлэх талаар Монголбанкнаас мэдээлээд буй. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд Төвбанк арилжааны банкуудад эх үүсвэрийг дөрвөн хувийн хүүтэйгээр зээлдэг байсан. Тэгвэл ипотекийн хоёр дахь шат хэмээж буй таван хувийн зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулснаар Засгийн газраас баталсан журмын дагуу 18 мянга гаруй иргэний зээллэгийн хүү буурах аж.
Үүнд хөдөө орон нутгийн 17071, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 434, алслагдсан дүүргийн 945 зээлдэгчийг хамруулна. Энэ нь нийслэлийн шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт үйлчлэхээр журамласан.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, Монголбанк, Арилжааны 11 банк орон сууцны ипотекийн гэрээ байгууллаа. Гэрээгээр төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг байсан ипотекийн зээлийг Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэхүү ажлын бэлтгэл болгож, ипотекийн зээлийн үр дүнд гурван их наяд төгрөгийг Монголбанкнаас Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ. Улмаар санхүүжилтийн асуудлаас болж, ипотекийн зээл олгох ажил удаашрах хандлагатай болоод байсан юм. Тухайлбал, ипотекийн зээл олгох шийдвэр нь гарсан иргэдийн санхүүжилт хүлээгдэж байсан бол арилжааны зарим банк ипотекийн зээлийн материал шинээр авахаа түр зогсоогоод байлаа. Харин байршлаас үл хамааран өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан болон шинээр орон сууц авах иргэдэд таван хувийн хүүтэй зээл олгох асуудлыг хөтөлбөрт энэ онд багтаах талаар албаныхан мэдээлж буй. Энэ ажил Засгийн газрын гадаад зах зээлээс татахаар төлөвлөж буй нэг тэрбум ам.долларын зээдээс хамаарахыг УИХ-ын дарга З.Энхболд ярилцлагадаа дурдсан. Энэ хугацаанд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэвийн олгох бөгөөд орон сууц хаана байршиж байгаагаас хамааран арилжааны зээлийн хүүг тогтоох аж.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих