Австралийн эрдэмтэн Скотт О’Нейллээр ахлуулсан эрдэмтдийн баг денге өвчний халдвартай тэмцэх арга замыг эрэлхийлэх явцдаа Төв болон Өмнөд Америкийн бүс нутагт дэгдсэн зика вирусын халдвартай давхар тэмцэх шинэ арга нээжээ. Зика вирус төдийгүй денге, шар чичрэг болон бусад халдварт өвчин Эдес Эжипти зүйлийн шумуулаар дамжин халдварладаг юм.
Харин тус шумуулыг нэгэн төрлийн нянгаар халдварлуулснаар зика болон бусад вирус шумуулын биед үржихээс сэргийлэх боломжтойг олж тогтоосон байна. Вольбахиа гэх нян шумуулын эсийн доторх вирусыг дарангуйлж, улмаар өсч үржих бололцоог нь хязгаарладаг байна. Ингэснээр шумуулын шүлсээр дамжин хүний биед зика болон бусад өвчин үүсгэгч вирус халдварлах боломжийг хааж байгаа юм.
Зика вирусын гол аюул нь халдвар тээгч эхээс жижиг толгойтой, оюуны хомсдолтой нярай төрөх болсонд оршиж байгаа. Харин микроцефали гэх ургийн энэхүү гаж хөгжилд хүргэдэг зика вирусын халдварыг таслан зогсооход Австралийн эрдэмтдийн нээлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна. Вольбахиа нь шавжийн нийт төрөл зүйлээс 60 гаруй хувьд, тэдгээрийн дотор зарим зүйлийн ялаа, дэнгийн эрвээхэй зэрэгт халдварладаг нян юм.
Гэхдээ тус нянг Эдес Эжипти шумууланд халдварлуулахын тулд эрдэмтэд нянгийн бүтцэд бага зэрэг өөрчлөлт хийжээ. Энэ нянгийн тусламжтайгаар зика вирусын халдварыг бага зардлаар түргэн хугацаанд бууруулах боломжтой гэж Австралийн эрдэмтэд тайлбарлаж байна.
Одоогоор эр шумуулуудыг цацраг идэвх ашиглан үр тогтоох чадваргүй болгох замаар Эдес Эжипти шумуулын тоо толгойг бууруулж байна. Гэхдээ энэ аргыг ашиглахад шумуул бүрийн тоогоор зардал өндөр гардаг учраас өргөн хүрээнд ашиглахад тохиромжгүй байгаа юм.
Харин Вольбахиа нянгийн халдвартай шумуулыг байгальд эргүүлэн тавьснаар нян эрүүл шумуулуудад түргэн хугацаанд халдварлаж, үе дамжин тэсч үлддэг байна. Ингэснээр Эдес Эжипти шумуулын тоо толгой хэвээр байсан ч халдварт өвчний вирусууд хүнд халдварлах боломжгүй болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих