Монгол орны наран ургах дорно хязгаарт 123.5 мянган ам дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг Дорнод аймаг бий.
Тус аймаг 74 мянган хүн амтай бөгөөд 2012 оны байдлаар 49.997 сонгогч бүртгэгдсэн. УИХ-ын 2012 оны сонгуульд Дорнодын тойргоос МАН-ын Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун нар сонгогдон ажиллаж байна.
2016 оны сонгуульд аль намаас хэн нэр дэвшихийг тандлаа. Дорнод бол санаанд оромгүй сонголт хийдэг, таах аргагүй тойрог гэдгийг 1992 оноос хойших УИХ-ын бүхий л сонгуулийн дүнгээс харж болно. Өнгөрсөн дөрвөн жилд Дорнод их улс төрд мартагдсан цөөн аймгийн нэг болж хувирсан нь нэг мандатаа бие даагчид, нөгөө нэгийг нь цөөнх болсон МАН-ын нэр дэвшигчид атгуулсантай нь холбоотой болов уу.
Улс төрийн намууд Дорнодын тойрогт нэр дэвшигчдээ тодруулахын тулд рейтингийн судалгаагаа нэлээд эрчимжүүлжээ. Эрх барьж буй АН-аас л гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр хүртэл горилогчид дунд нь цохиж яваагаас үзэхэд Дорнодод том өрсөлдөөн өрнөхийн дохио.
АН: 2012 оны сонгуульд П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг хоёроо зүтгүүлсэн АН энэ удаа тэдний нэрийг дахин дэвшүүлэх сонирхолгүй байгаа аж. Хоёр мандатын нэг дээр Зам, тээврийн сайд М.Зоригтыг сойхоор шийдсэн сураг байна. Тэрбээр өмнө нь Дорнодод хоёр удаа өрсөлдөж, нэг удаа ялж байсан билээ. Харин нөгөө мандатын эзнээр тодорчих сонирхол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт байгаа аж. Гэвч П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нар тойрогтоо даагаа нэхэх хүсэлтэй байгаа юм билээ. Тэднээс гадна ҮЗХ-ны гишүүн С.Билэгсайхан, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, Дорнодын АН-ын дарга Д.Цэрэнчимэг нар АН-ын дарга З.Энхболдод нэр дэвшихэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна.
Энд нэг сонирхолтой түүх дэлгэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Дорнодоос хоёр удаа сонгогдон УИХ-ын гишүүнээр ажилласан, Хууль зүйн сайдаар мөн хоёронтоо томилогдсон МАН-ын Д.Одбаяр нар Зөвлөлтөд Комсомолын дээд сургуульд нэг ангид сурч байсан, оюутны ширээнээс эвлэлийн байгууллагаар дамжин өнөөдрийг хүртэл дотно нөхөрлөдөг андууд аж. Тиймээс Ч.Сайханбилэгийн өөр тойрог сонгох шалтгаан нь МАН-ын Д.Одбаяр болох магадлалтай.
Ирэх сонгуульд АН-аас бие даагчид төрөх магадлал байгаа нь С.Билэгсайхан, Д.Цогтбаатар нарт хамаарч байна. Тэднийг нам нь дэвшүүлэхгүй бол Дорнодын тойрогт бие даагчид энэ хоёр хүн л болох байх. Дорнодын уугуул С.Билэгсайхан 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Түүнээс хойш улс төрд сураг алдарч байгаад 2012 оноос намынхаа ҮЗХ-нд гишүүнээр сонгогдож, нэлээд идэвх гаргаж эхэлсэн. Д.Цогтбаатар уг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогтоос гаралтай. Дорноговь аймагт ажиллаж байгаад Сангийн яаманд шилжин ирж, тэндээсээ ТӨХ-ны даргаар богино хугацаанд ажилласан түүхтэй. УИХ-ын сонгуульд өмнө нь хоёр удаа нэр дэвшиж Сүхбаатар аймагт өрсөлдсөн боловч МАХН-ын Ч.Улаанд ялагдаж байжээ.
МАН: Өнгөрсөн сонгуульд нэр дэвшсэн Д.Одбаяр, Н.Номтойбаяр нар дахиад л зуузай холбон дэвших таамаг хэвлэлүүдэд гарч эхэлсэн. Эх сурвалжийн өгүүлснээр бол, Н.Номтойбаяр намын жагсаалтын эхний долоод бичигдэх боломж олдвол тойрог дахь өрсөлдөөнөөс энэ удаа татгалзах бодолтой яваагаа МАН-ын дарга М.Энхболдод учирласан гэх. МАН-аас Дорнодын сонгогчдын дунд явуулсан судалгаагаар Д.Одбаяр, Н.Номтойбаяр нарын рейтинг хоорондоо зөрүүгүйгээр бие даагч Х.Болорчулууны үзүүлэлттэй тун ойрхон гарчээ. "Хэрэв Х.Болорчулуун МАН-аас нэр дэвшвэл…” гэсэн асуултад МАН-ын гишүүн Д.Одбаяр "Х.Болорчулууны хувьд МАН-д шинээр элсэнгүүтээ намаас мандат авах гээд байгаа ч юм биш. МАН-ын гишүүнчлэлээ сэргээх тухай л яриа бий. Тиймээс талархан хүлээж авах хэрэгтэй” гэж хариулсан байх юм. Үүнээс харахад Х.Болорчулуун МАН-аас нэр дэвших нь үнэн бололтой. Харин намын жагсаалтын дээгүүр бичигдэх Н.Номтойбаярын төлөвлөгөө нурвал Н.Номтойбаяр, Д.Одбаяр, Х.Болорчулуун гурвын нэг нь тунасан хоёрынхоо төлөө ажиллах болж байна.
Хэвлэлийн зарим тандалтад нэр дурдагдсаар байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн хуульч Б.Энхбаяр бол Чойбалсан хотын захирагчаар олон жил ажилласан, дорнодчуудын дунд нэр нөлөө бүхий Ц.Баттөмөрийн хүү. Түүний нэр Дорнодод дэвших хэмжээнд танигдаагүй байгааг рейтингийн судалгаа харуулжээ. Мөн аймгийн ИТХ-ын даргаа огцруулсан, буцааж тавьсан, Чойбалсангийн захирагчаа огцруулсан зэрэг будилааны эзнээр тодроод буй МАН-ын Дорнод аймгийн хорооны дарга М.Бадамсүрэн нэр дэвшихээр горилж байна. Яахыг бүү мэд. "Бишрэлт”-ийн Б.Ундармаа энэ сонгуульд Дорнодод нэр дэвшихгүй юм байна.
МАХН: МАХН-ынхан рейтинг нь Дорнодод МАН-ынхаас өндөр байгаад маш их найдвар тавьж байна. Нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа хүн бол МАХН-ын Дорнод аймгийн хорооны дарга Ж.Энхжаргал аж. Тэрбээр "Насны зам” ХХК-ийн захирал бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан өрсөлджээ. МАХН дахь Дорнодын хоёр мандатын нэг нь түүнийх бол нөгөө нь УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү нарын хэн нэгд очих бололтой.
МҮАН: МҮАН-ын дарга М.Энхсайхан саяхан Дорнодод өөрийн биеэр очиж рейтингийн судалгаа хийлгүүлсэн байна. Үүнээс үзэхэд тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Дорнодын тойрогт өрсөлдөж магадгүй юм.
ИЗНН: Хэрэв С.Оюуны нам АН-тай нэгдэхгүй гэж шийдвэл тэрбээр намаа аврахын тулд өөрөө Дорнодод нэр дэвшихгүй гэх газаргүй. ИЗНН-ын хувьд ямагт хамгийн ээлтэй байдаг тойрог нь Дорнод билээ.
www.ub.life
Б.Энхцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих