БНСУ-д эмчлүүлж буй Н.Энхбаяр Монголын улс төрд тун удахгүй эргэн ирнэ гэсэн мэдээлэл өнгөрсөн сараас эхлэн шуугиан тарьсан билээ. Хаврын хавсрага, нэр нь гоёдсон эрээвэр хураавар жагсаал, улстөрчдийн жиргээтэй ирсэн энэ мэдээллийн араас хэн хүнгүй хэлэлцүүлэг өрнүүлж, "Экс Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор дамжуулан ийм мэдээлэл өгсөн юм билээ, баттай гэсэн. Ойрын хугацаанд ирэх юм байх. Яагаа вэ, өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д албан айлчлал хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон нар дээрх бүрэлдэхүүнд багтсан. Энэ далимаараа тэд намын дарга Н.Энхбаяртайгаа сэм уулзаж, Монголын улс төрд хийх МАХН-ын дараагийн нүүдэл болон улс төрийн нөхцөл байдлын талаар гайгүй сайн яриад ирсэн” хэмээн ярьж намын даргаа хэзээ ирэхийг нь хуруу даран тоолж байсан юм.
Гэтэл ойрын хэд хоногт үүнээс арай өөр мэдээлэл улстөрчдийн амнаас унах боллоо.
Тодруулбал, Н.Энхбаяр эх орондоо нэг хэсэгтээ хөл тавихгүй нь гэсэн яриа. Яагаад, юунаас болж хэмээн учрыг нь асуувал сүүлийн үед улс төрд үүсээд байгаа элдэв үйл явдал, нөхцөл байдал мань хүнийг эх орондоо ирэх боломжийг гацааж орхисон аж. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр саяхнаас "хэл” орж эх орондоо эргэн ирж, ирэх сонгуулиас өмнө улс төрд орно гэсэн үгийг дамжуулсан нь эрх баригчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч улмаар хууль хяналтын байгууллагаар далайлган дарамт шахалт үзүүлээд эхэлсэн гэх мэдээлэл хөшигний ард хөвөрч эхэллээ. Гэхдээ яг өөрт нь хамаатуулж бус харин түүний гэр бүлийн хүн О.Цолмонгийн нэр холбогдоод байдаг Чингисийн талбайн өмнөх "Сэлэм” барилга болон хууль бусаар өөрийн эзэмшлийн болгосон өөр бусад хөрөнгөтэй нь холбоотой асуудлаар шалгаж эхэлнэ шүү гэсэн анхааруулгыг өгсөн юм байх. Иймээс энэ сардаа багтаагаад эх орондоо ирнэ, улс төрдөө хөл тавина хэмээн баярлаж байсан экс Ерөнхийлөгч алсын зайнаас намаа удирдахаар болсон сурагтай.
Мөн Н.Энхбаярын Монголд ирнэ гэж аягүйдвэл ганц эхнэр ч бус Монголбанкинд ажиллаж буй хүү Батшугарыг ч бас зүгээр байлгахгүй гэх утга бүхий үгийг нөлөө бүхий улстөрчид дайсан юм байх. Иймээс эрх баригчдын эл сүрдүүлгээс эмээсэн Н.Энхбаяр нэг хэсэгтээ тус улсад саатаж, улс төрийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглахаас аргагүйд хүрсэн гэдгийг энэ хүрээллийнхэн ярьж байна. Ер нь ч экс Ерөнхийлөгч хийгээд түүний гэр бүлийн хүнтэй холбоотой "но”-той асуудал мундахгүй их гэлцдэг. Түүний нэг нь өдгөө асуудлын бай болоод байгаа "Сэлэм” барилга аж. Энэ тухай олон нийтийн дунд янз бүрийн таагүй мэдээлэл байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санхүүжүүлсэн, нэг давхарт нь Экс Ерөнхийлөгчийнх тухалсан хэмээх мэдээлэл.
Түүнчлэн яг энэ үйл явдлын эргэн тойронд бас нэгэн мэдээлэл байдаг нь Н.Энхбаяр уг барилгыг Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватын хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд түүнийг нь цагдаагийнхан баримтжуулсан гэх. Тодруулбал, хуулийнхан Н.Энхбаяртай холбоотой хэргийг шалгаж байх үед түүнтэй холбоотой хэд хэдэн хэргийн сэжүүрээс атгасны нэг нь дээрх буюу "Blue Sky”-ийн барилга бөгөөд түүнийг тойрсон газрын асуудал, зөвшөөрөл, хөрөнгө мөнгө, хэний нэр дээр байдаг гээд шалгаад эхэлбэл О.Цолмонгоор тогтохгүй экс Ерөнхийлөгч өөрөө хүртэл дахин "аав”-ын хаалга татаж мэдэхээр факт, баримт хуулийнхны гарт төвлөрөөд байгаа юм гэсэн. Иймээс Н.Энхбаярыг улс төрд оруулж ирүүлэхгүй байх сонирхолтой хэсэг бүлэг этгээд энэ асуудлаар нь шантааж хийж, дээрх сүрдүүлгийг хийсэн гэх мэдээлэл ч бий.
Түүнчлэн Н.Энхбаярыг гэр бүлтэй нь хамт гайтуулж мэдэх бас нэг баримт сүүлийн үед дэгдээд буй нь уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрт Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг шахаж их хэмжээний мөнгө луйвардсан гэх хэрэг. Энэ тухай нэг биш хүн ярьдаг бөгөөд саяхан л гэхэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн экс удирдлагуудыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Хэдийгээр түүнийг "Жаст”-ын Ш.Батхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нартай хамаатай хэргээр барьж саатуулсан гэх ч түүнийг шалгах үеэр Н.Энхбаяртай холбоотой баримт буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хэнтэй нийлж хэрхэн саасан, ямар арга хэрэглэсэн гээд олон баримт ил болж байгаа тухай мэдээллийг хуулийнхан өгөх нь бий. Иймээс ийм хууль бус зүйлтэй гэр бүлээрээ нэр холбогдсон экс Ерөнхийлөгч тэнд саатахаас аргагүйд хүрч байгаа бөгөөд яг хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй болж байна. Магадгүй улс төрийн нөхцөл байдал өөрөөр эргэж ирэх долдугаар сард Засаг эргэх болбол тэрбээр хувьсгалын тохироог харж байгаад эх орондоо хөл тавьж магадгүй юм. Гэхдээ намынх нь нөхөд ч, хамтран зүтгэгчид нь үүнд найдлага тавихгүй байгаа бөгөөд асуудал хэрхэн хаашаа эргэхийг харахаас аргагүйд хүрлээ гэцгээж байна.
Д.ДОРЖ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих